Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнууд нэгдүгээр сарын эцсийн байдлаар найман их наяд 392.4 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшиж байгааг нэгдсэн тайлангаас харж болохоор байна. Үүнээс 70 орчим хувь нь төгрөгийнх, үлдсэн хувь нь гадаад валютаар төвлөрүүлсэн хадгаламж байгаа юм. Хадгаламжийн даатгалын корпорациас мэдээлж байснаар аж ахуйн нэгж, иргэдийн орлого нэмэгдээгүй учраас 2015-2016 онд хуримтлал буюу банкнууд дахь иргэдийн хадгаламж өсөлтгүй байжээ.
Нийт хадгаламж эзэмшигчдийн нэг хувь нь 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай байсан байна. Эдийн засаг өндөр буюу 17 хувийн өсөлттэй байх үед харилцах хадгаламжийн хэмжээ 20-30 хувиар өсөж байжээ. Хадгаламжийн хэмжээ зогсонги байдалтай байгаа энэ үед Засгийн газрын Олон Улсын Валютын Сангийн шаардлагын хүрээнд бүх хадгаламж эзэмшигчийн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах өөрчлөлтийг УИХ зөвшөөрсний дагуу дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх болоод байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд энэхүү өөрчлөлтийг оруулж, 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэхээр байсныг ийнхүү хугацааны хувьд наашлуулахаар байгаа юм. Энэ нь иргэд банкнаас өөр санхүүгийн эс үүсвэр ашиглаж мөнгөө ашигтай эргэлдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж болох юм.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар Засгийн газрын үнэт цаасны хүү банкны хадгаламжийн хүүгээс өндөр байна. Банкны хүү 15 хувь гэж үзвэл энэ долоо хоногт арилжигдсан Засгийн газрын богино хугацаат бонд нь 17.275 хувийн хүүтэй байсан юм. Мөн илүү урт хугацаат буюу хоёр жилийн бондынх 18 хувь ба хагас жил тутам хүү төлөгдөх бүтээгдэхүүн байгаа юм.
Үүнээс гадна Засгийн газрын үнэт цаасны хүүд татвар ногдуулдаггүй учраас татварын зардалгүй хөрөнгө оруулалтын нэг төрөлд тооцогддог. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа болгох боломжтой юм. Эдийн засагчдын үзэж байгаагаар банкны системээс үнэт цаасны зах зээлд мөнгө шилжих нь зөв хандлага ч гэнэтийн өөрчлөлт банкны салбарын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй байгаа ажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна