Бид байлдагч байлаа

2017/03/17
Монгол цэргийн өдөр, орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан хугацаат цэргийн алба хаасан төр, засгийн удирдлага, урлаг, спортын ноён оргилуудаас цөөхөн хэсгийг нь онцолж байна.

Цэргийн алба нь ажил, амьдралаа аваад явах тэсвэр хатуужил, эх орон, ард түмнээ хайрлаж дээдлэх итгэл үнэмшил, хүнд хэрэгтэй сайн чанар бүхнийг төлөвшүүлэх шалгарсан арга, хосгүй сургалт гэдэг. Хүүгээ сайн хүн болгохын тулд үеийн үед уламжлан хэрэгжүүлж ирсэн манай өвөг дээдсийн нандин өв юм. 
Хүлэг бүр ажнай, хүн бүр цэрэг байсан тэртээх он жилүүдэд байлдагч явсан эрхмүүдийн түүхэн гэрэл зургийг хамтдаа сонирхоё.

БАЙЛДАГЧААС ЕРӨНХИЙЛӨГЧ 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж

Ховд аймгийн Зэрэг сумын малчин ардын хүү Ц.Элбэгдорж 1982-1983 онд Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга байлаа. Тэрээр журмын нөхдөө соён гэгээрүүлэх ажлыг өөрийн идэвх санаачлагаар гүйцэтгэж байсан бөгөөд шүлэг тэрлэх авьяастай цэрэг байв.

“Улаан Од” буюу одоогийн нэршлээр “Соёмбо” сонинд түүний шүлэг хэвлэгдсэн нь Зэвсэгт хүчний удирдлагуудын хараанд “өртөх” алхам болсон. Түүний ажил, амьдралын амжилт үүнээс эхэлсэн гэж хэлж болно.

Зэвсэгт хүчний удирдлагууд түүнийг хуучнаар ЗХУ-ын Львов хот дахь Цэрэг, Улс төрийн дээд сургуульд сэтгүүлч болгохоор илгээж, тэр ч сургуулиа онц дүнтэй төгссөн байдаг юм. Сургуулиа төгсч ирээд 1988-1990 онд “Улаан-Од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч байв. 

Ийнхүү нэгэн цагт байлдагч байсан хүү өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон гялалзаж яваа нь түүний авьяас чадвар, хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрөөс гадна эр цэргийн алба хааж, эх орноо хайрлах сэтгэлийг ихээр мэдэрсэнтэй холбоотой биз ээ.

ДУРСАМЖ ДҮҮРЭН ОН ЖИЛҮҮД МИНЬ

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Би 1982 оны байлдагч. Хэнтий аймгийн төвөөс ачааны машинд сууж цэргийн албанд татагдан Улаанбаатарыг зорьсон. Тэр үед Таван толгой дахь цэргийн хуаранд байрлаж цэргийн сургалт, бэлтгэлд хамрагдаж, тэндээсээ Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангид хуваарилагдаж байлаа.

Бидний үеийнхэн монгол ахуйдаа өсч хүмүүжин, малын бэлчээрээс цэрэгт мордоцгоож байсан. Цэргийн алба хаасан нь миний амьдралын хамгийн дурсгалтай мөч бөгөөд ихийг сурч мэдсэн он жилүүд байлаа.

Чадварлаг цэргийн дарга нараас амьдралын ухааныг, хүмүүжлийг, ёс суртахууныг биеийн хөгжлийг сурсан. Цэргийн тангараг өргөсөн үйл явдал одоо ч сэтгэлээс минь гардаггүй. Ангийн захирагч, штабын дарга нар маань аранзал тугандаа хүндэтгэл үзүүлж, төрт ёсоо хүндэлж байгааг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсан юм.

“ОД” БАЙЛДАГЧ БАЙЛАА 

“Чингис хаан” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, МУГЖ, дуучин Д.Жаргалсайхан:

-1983 оны зургадугаар сарын 22-нд Таван толгой дахь цэргийн дамжин руу бүхээгтэй ногоонд ачигдан 1000 цэргийн крантин дээр ирж байсан азарган ширүүн бороотой шөнийг би ер нь яаж мартах вэ.

Биднийг угтаж авсан бага дарга, цэргүүд бүгд майхан ногоон цув өмссөн нь тэрхүү усархаг бороотой шөнийг бүр ч сүртэй харагдуулж билээ. Ингэж “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Д.Жаргалсайхан цэрэгт очсон юм даа.

Дуу хөгжим гээд олонд нэлээд танигдсанаас хойш байлдагч болсон болоод ч тэрүү цэргийнхэн намайг их сонирхож байлаа. Цэргийн амьдрал надад “Чи бол олны л нэг“ гэдэг ойлголт хамгийн түрүүнд үлдээжээ. Олны нэг байж чадна гэдэг, түүнийгээ ухаарна гэдэг сайхан юм. Тушаал ирвэл нөхөдтэйгөө юу ч бодохгүй, мөр мөрөө түшилцэн гал, ус руу ороход ч бэлэн үе. Сэтгэл санаа цэргийн албанд ийнхүү бэлтгэгдэн цэнэглэгддэг юм билээ.

Эр хүн болсон гэдгээ ээж, аав, энхрий хайртдаа нотлох цаг хугацаа. Эх орондоо шаардлагатай үед нь хэрэгтэй газар нь байх иргэний үүрэг гэж цэргийн албыг би ойлгодог.

ОНЖАВУУД

УИХ, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр нар 1982-1983 онд Төв аймагт байрлах Ардын армийн 282 дугаар ангид алба хаасан бөгөөд Батлан хамгаалахын дэд сайд асан Б.Эрдэнэбат, “MCS” группын дэд ерөнхийлөгч Ж.Од нартай онжав.

10 дугаар ангиа төгсөхдөө сургуулиасаа шалгарч, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцах хуваарь авсан тэднийг тэр жилдээ эх орондоо эр цэргийн албыг нь хаалгахаар ГЯЯ-наас шийдвэрлэсэн нь ийнхүү нэгэн хуаранд цэргийн алба хаах учрал тохиов.

Бүтэн жилийн турш нэг хуаранд ижилдэн дасаж, нөхөрлөн хал үзэж ёстой л цэрэг шинелийн илчийг мэдэрч, цэнэгтэй бууны цэцийг сорьж, цэрэг гутлын бөхийг эдэлж, цэрэг талхны амтыг амталсан нөхөд минь хэмээн нэгнээ дурсан санаж явдгаа БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр онцолж байв. Модон луу жилд төрсөн бөхийн хүчтнүүд монголын зүлэг ногоон дэвжээг нэгэн үе эзэгнэсэн бол 1982-1983 оны цэрэг эрс маань улс төрийн дэвжээнд аль хэдийнээ орон зайгаа эзэлсэн улс төрчид болжээ.

1992 ОНЫ ЦЭРЭГ

УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Ховд аймгийн Жаргалан сумын хүү С.Бямбацогт 1992 онд цэргийн албанд татагдаж ирсэн түүхтэй. Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийг тохиолдуулан тэрээр “Манай Зэвсэгт хүчин, хилийн цэргийн дайчид эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ямагт үнэнчээр чадварлаг биелүүлж, үе үеийнхэндээ үлгэр дуурайлал болж ирсэн баялаг уламжлалтай, бахархам түүхтэй.

Монгол түмнийг манлайлан үеийн үед өмгөөлөн хамгаалж, эх орныхоо тусгаар тогтнол, иргэдийнхээ эрх чөлөөний төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан ахмад үеийнхээ эх оронч, эрэлхэг дайчин, хичээнгүй хөдөлмөрч уламжлалыг үе дамжуулан төлөвшүүлж ирсэн Монгол цэргийн алба төр, түмэндээ хүндлэгдсээр байх ёстой.

Монгол Улсынхаа эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчид, монгол цэрэг хэмээх дуурсгалт алдрын эзэд Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчиддаа, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууддаа баярын мэнд хүргэе” гэсэн юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна