 
                                
                 
        
        АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өчигдөр БНСУ-д уулзсан талаар бид тухайн цаг үед нь мэдээлсэн. Уулзалтын үеэр хоёр улс гаалийн татвар болон ГХЭ-ийн асуудлаар харилцан буулт хийсэн нь БНХАУ-ын хувьд АНУ-д хийх экспортоо нэмэгдүүлэх нөлөө үзүүлэх нь тодорхой болоод байна. Энэ нь үйлдвэрлэл сэргэх дохио бөгөөд түүхий эдийн эрэлт, үнэ өсөх төлвийг бий болгож байгаа бөгөөд нийлүүлэгч улсуудад, тэдний дотор Монголын хувьд сайн мэдээ болж байна.
ГХЭ-ийн саад үгүй болсноор АНУ-д үйлдвэрлэл нэмэгдэнэ, БНХАУ энэ жил огцом унасан гангийн экспортоо нэмэгдүүлнэ гэх зэргээр нийлүүлэлтийн сүлжээ сэргэх найдлагыг хоёр удирдагчийн уулзалт өгч чадлаа.
Бид энэ удаад удирдагчдын уулзалтаас гарсан таван гол ойлголцлыг түүвэрлэн хүргэе.
1. Газрын ховор металлын нийлүүлэлтийг тогтворжуулна
Дэлхийн Газрын ховор элементийн нийлүүлэлтийг “баздаг” БНХАУ технологийн том үйлдвэрүүдтэй болсныхоо дараа нийлүүлэлтээ хумьж, дотоодын компаниудаа дэмжих бодлого барьж эхэлсэн билээ. Тодруулбал, барууны том компаниуд өмнө нь олон жилээр гэрээлдэг байсныг дээд тал нь нэг жилээр гэрээлэхээр болгож, сунгахдаа асуудлыг дахиж авч үзэхээр болгосон нь худалдан авагчдад том бэрхшээл үүсгээд байсан.
Тэгвэл Д.Трамп Ши Жиньпинтэй энэ асуудлыг хэлэлцээд, гэрээг буюу ГХО авах зөвшөөрлийг нэг, нэг жилээр байгуулах асуудлыг хөндөхгүй ч сунгах тал дээр ямар ч хүндрэл үүсгэхгүй байх тал дээр тохиролцсон байна.
Д.Трамп "Газрын ховор элементийн тухайд, бүх асуудал шийдэгдсэн. ...Саад бэрхшээл одоо арилсан, ямар ч бэрхшээл үгүй болсон" гэж мэдэгдсэн бол БНХАУ-ын гаргасан албан ёсны мэдэгдэлд ГХЭ-ийн талаар тусгайлан дурдаагүй боловч дараахан нь Худалдааны яам гаргасан мэдэгдэлд АНУ экспортын хяналтаа 50 хувь хүчингүй болгосны хариуд ГХЭ-ийн хоригийг үгүй болгож байгаа гэжээ.
2. Фентанилын асуудлаар "бодит арга хэмжээ" авна
Д.Трамп Ши Жиньпин нар АНУ-аар дамжин тархаж буй маш донтуулдаг, аюултай мансууруулах бодис үйлдвэрлэхэд ашиглаж байгаа гэж хардаж буй фентанил хэмээх химийн бодисын урсгалыг зогсоохын тулд “Маш шаргуу ажиллах”-аар болжээ.
АНУ гаалийн татвараа 20 хувь болгож нэмэгдүүлэхдээ энэхүү фентанил хэмээх бодисыг ашиглаж, Бээжинд дарамт үзүүлэхийн тулд Хятадын бүтээгдэхүүнд 20%-ийн тариф тогтоолоо гэж мэдэгдэж байсан юм.
Д.Трамп, Ши Жиньпин нар өчигдөр фентанилын талаар арга хэмжээ авахаар тохиролцсон тул гаалийн татварыг 10% болгон бууруулахаар болсон.
Гэхдээ хоёр улсын худалдаанд шийдэгдээгүй асуудлууд байгаа хэвээр. Тухайлбал, АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэхдээ АНУ-аас худалдаж авах бараа бүтээгдэхүүний хэмжээг 200 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх амлалтаа биелүүлээгүй гэж буруутгаж байгаа бөгөөд энэ асуудлыг шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл гараад байна.
3. Д.Трамп Бээжинд, Ши Жинпин Вашингтонд айлчилна
Д.Трамп уулзалтын дараах хэвэллийн хурал дээр ирэх оны дөрөвдүгээр сард Хятадад айлчилна, Ши бас АНУ-д айлчилна, Флорида, Вашингтон, Палм бичийн алинд ч байж магадгүй” гэж мэдэгджээ.
БНХАУ-ын талын мэдэгдэлд харин Д.Трампын айлчлалыг "Айлчлахыг нь тэсэн ядан хүлээж байна" хэмээн баталсан ч Ши Жиньпин АНУ-д айлчлах талаар зөвхөн “АНУ-д айлчлахыг урьсан” гээд яг айлчлах эсэх талаар дурдаагүй байна.
4. АНУ БНХАУ-д чип нийлүүлнэ, гэхдээ Блэквелл / B30A / биш...
АНУ-ын “Nvidia” Блэквелл / B30A / хэмээх асар өндөр хүчин чадалтай чип үйлдвэрлэсэн. Энэхүү чипийг БНХАУ-д нийлүүлэх эсэхийг П.Трампаас асуухад “Үгүй” гэж хариулжээ.
Харин хүчин чадлаар арай дутуу H20-г нийлүүлэх бололтой. АНУ-ын дотоодод B30A чипийг хятадад нийлүүлэхийг эсэргүүцэх байр суурь давамгайлж байгаа аж.
5. Украины их хэсэг, гэхдээ Тайванийн их хэсэг биш
Д.Трамп уулзалтын үеэр Украины дайны асуудлыг чухалчлан хөндсөн бөгөөд хоёр удирдагч энэ талаар удаан ярилцсаны эцэст "Үр дүн гаргаж чадах эсэхээ харахын тулд хамтарч ажиллахаар тохиролцсон” гэж мэдэгдсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна