Монгол Улсын Засгийн газрын гишүүд энэ өдрүүдэд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцаж байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсч, Засгийн газрын шийдвэрт хэрхэн тусгаж, ажил хэрэг болгох талаар санал солилцож байна. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол 2017 оны гуравдугаар сарын 16-нд буюу өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XIII хороо, Туул тосгонд ажиллалаа.
Олон нийтийн нэрлэдгээр “шувуун фабрик” гэх энэ хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлодог 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь байгаль орчин болон иргэдийн аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байна. Карьерүүдийн үйл ажиллагаанаас болж голын ус ширгэж, бургас цөөрч гол гольдрилоо өөрчилсөн. Малын бэлчээргүй, хадлангийн талбайгүй болсон. Ухсан нүхэнд мал унаж үхэж байна, хүн явахад хэцүү болсон. Тоосжилт ихтэйгээс харшлын өвчтэй хүний тоо нэмэгдэж байна, хайрга ачсан том оврын тэрэгнүүд зам эвдэж, автын осол гарах нөхцөл бүрдүүлээд байна зэрэг хүндрэлтэй асуудлыг уулзалтын үеэр үг хэлсэн хүн болгон хөндөж, Засгийн газраас тодорхой шийдэл хүлээж байгаагаа хэллээ. Хороодын иргэд төрийн бус байгууллага, холбоо байгуулан нутаг усаа хамгаалахаар зохион байгуулалтад орж байгаа ч тэдэнд дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа ажээ.
Туул голын бохирдол хэрээс хэтэрсэн, жилийн дөрвөн улиралд өмхий үнэртдэг, голоос ундаалсан мал хордож үхэж байна. Хайрга олборлолт замбараагүй хийгдэж байгаагаас энэ орчимд цөлжилт нүүрлээд байна. Мод тарих, ногоожуулах шаардлага байгаа ч хөрөнгө мөнгө байхгүй. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байна, сургуулийн засвар болон сургууль, цэцэрлэгийн цогцолборын дутуу баригдсан барилгыг дуусгаж ашиглалтад оруулахад Засгийн газраас дэмжлэг хүслээ.
Карьерийн аж ахуйн үйл ажиллагааг цэгцэлнэ, хаах шийдвэр гаргана. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгж ухаж сэндийчсэн, хүн, мал унахаар болгосон газрыг нөхөн сэргээлгэнэ. Нөхөн сэргээлт эс хийвээс эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол иргэдэд хэллээ.
Айл болгон хашаандаа мод тарих хэрэгтэй гэсэн иргэний саналыг дэмжиж байна.
Энэ хаврын мод тарих үндэсний өдрийн өмнө шувууны иргэдэд мод үнэгүй олгоно. Энэ бол шувуун фабрикийг цөлжилтөөс аврах гол ажил юм. Харин хашаандаа мод тарих хүсэлтэй айл өрхийн судалгааг гаргаж өгөхийг хорооны удирдлагаас сайд хүслээ. Мод тарих сургалтад иргэдийг хамруулах ажилд мөн туслалцаа үзүүлнэ гэлээ.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэл, дүүргийн удирдлага, Нийслэлийн газрын алба, мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас ажлын хэсэг гарч Хан-Уул дүүргийн Туул тосгонд ажилласан юм. Энэ үеэр Д.Оюунхорол сайд хэвлэлд ярилцлага өглөө. Ингэхдээ,
-Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна. Дайн болсон мэт дүр зураг харагдаж байна. Аж ахуйн нэгжүүд хариуцлагагүй уул уурхай эрхэлж, газрыг доройтолд оруулж байна. Энэ бол хувиа бодсон хүмүүсийн үйлдэл. Иймд ажлын хэсэг байгуулахаар ярилцаж байна. Улаанбаатар хоттой ийм ойрхон Туул голын хөвөө, суурьшлын бүс, бүр айлын хашаанд карьер эрхэлдэг боллоо гэдгийг сонсоход сэтгэл эмзэглэж байна. Бизнес эрхэлж байгаа нэрээр хууль дүрмийг уландаа гишгэж, нийтийн эрх ашгийг хохироож байгаа үйл ажиллагааг таслан зогсооно. Иймд энд карьерийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгжийн лицензийг цуцалж, эдгээр аж ауйн нэгжээс нөхөн сэргээлт хийж, газрыг бүрэн бүтэн болгож өгөх шаардлагыг хатуу тавина.
Мөн өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа.
Нийслэлийн хүн амын 30 гаруй хувь буюу 345,000 иргэнтэй томоохон дүүргийн хувьд тулгамдаж байгаа олон асуудал байдгийг дүүргийн иргэд Д.Оюунхорол сайдад танилцууллаа. Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа асуудлыг судлан үзэж цаашид нэмэгдүүлэх тал дээр, мөн нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах талаар санал солилцлоо. Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн 02-05 насны 10.000 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байгаа юм. Улсын цэцэрлэг сургууль байхгүйг иргэд онцолж байлаа. Засгийн газрын зүгээс эдгээр асуудлыг судлан үзэж шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахаа сайд Д.Оюунхорол онцолж байлаа.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мөн хог хаягдал ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Улаанбаатар хотын зүүн хэсгийн хогийг авах хэсэг буюу “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр ажиллалаа.
Улаанбаатар хотод төвлөрсөн гурван хогийн цэг байгаагийн хамгийн томд тооцогддог нь Цагаан давааны хогийн цэг юм. Энд жилдээ 500-600 мянган хуурай хог хаягдал ирдэг байна. Ерөнхийдөө хогийн цэгүүдтэй ойрхон байрлалтай айл өрхүүдээс гомдол ихээр ирдэг нь зарим үед хуурай хог хаягдлыг шатаахад гарсан утаа мөн тоос шороо ихээр үүсдэгээс үүдэлтэй гэдгийг салбар хариуцсан мэргэжилтнүүд хэлж байлаа. Технологийн дагуу булшлах аргаар хогийг устгаж байгаа ч техник хүрэлцээ муутайгаас үүдэн хүндрэлүүд ч ихээр гардаг байна. Цагаан давааны хогийн цэгийн байршлын хувьд Баянзүрх Сүхбаатар дүүргийн хуурай хог хаягдлыг тээвэрлэхэд богино зайд байрладаг нь давуу тал болдог гэдгийг ч онцолж байлаа. гэж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна