2017.03.21
Олон улсын Ойн өдрийг дэлхий даяар ойн асуудлаар ярилцах, харилцан ойлгоцохоор “Ой ба энерги” сэдвийн дор тэмдэглэж байна. Ой бол агаар, ус, хөрсийг хамгаалагч, хүн төрөлхтний эрчим хүчний хэрэгцээг хангаж ирсэн цэнхэр гаригийн маань “ногоон уушги” болсон байгалийн гайхамшигт ертөнц юм.
Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, экосистемийн тулгуур зүйл болсон ойн нөөцийн бодлогыг цоо шинээр авч үзэж байна. 2016 оны Үндэсний ойн тооллогын баримтанд тулгуурлан ойн төлөв байдлыг үнэлэхэд, Монгол орны ой өсөлт удаан, хөгширсөн, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан байгаа нь тогтоогдсон. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөртэй ой модыг бий болгох шаардлага тулгарч байна. Энэ утгаараа Монгол Улсын Их Хурлаас “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ыг баталж, Засгийн газар хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Ой, модны салбарын өмнө тулгамдаж буй олон асуудлыг Монгол улсын нийт иргэд бид хамтдаа шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна. Энэ үйл хэрэгт Монголын нийт иргэд, ойчид та бүхний оруулах хувь нэмэр, идэвх зүтгэл урьд урьдынхаас илүү чухал, онцгой үүрэгтэй. Ой, мод бол амьд өв юм. Ойгоо ургуулж, зүй зохистой ашиглаж, хамгаалцгаая.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ
Сэтгэгдэл бичигдээгүй байна