Төгрөгийн хадгаламж 390 тэрбумаар өсчээ

12 цаг 58 минутын өмнө
Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хурлаар Монголбанкны газрын дарга нар өнгөрсөн сарын эдийн макро засгийн дүн мэдээг танилцуулав.

Өнгөрсөн сарын 19-нд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт манай улс хамрагдах болсныг зарласан. Үүний дараа ам.долларын үнэ алгуур буурсаар байгаа юм. Иймд иргэд долларын хадгаламжаа төгрөгийн хадгаламж руу шилжүүлэх нь ихэсч, арилжааны банкууд дахь төгрөгийн хадгаламж 390 тэрбум төгрөгөөр өсчээ.

Хэрэглээний болон худалдааны зээл өссөн нь Цагаан сарын баяртай холбоотой юм.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл саяхан /2017.03.17/ хуралдаж, Бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс зорилтот төвшнөөс давж гарахааргүй төлөв ажиглагдаж байгаагийн дээр гадаад өрийн дарамт буурч, зарим өрийг хойшлуулсны сацуу Хуралдай бонд гаргаж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасан. Гэтэл яагаад бодлогын хүүг хатуу хэвээр буюу 14 хувьтай хадгалж үлдсэн талаар тодруулав.  
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

-Бодлогын хүүг бууруулах тухай саналыг Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдээс ч тавьсан. Гэвч олонхын саналаар хуучин хэвээр нь үлдээлээ. Инфляц, гадаад өрийн дарамт буурсан ч хүлээлт үүсгэсэн зүйл олон байна. Төсвийн тодотголыг УИХ-аар хараахан хэлэлцээгүй байна. 2016 оны дөрөвдүгэээ улирлаас дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ тэр дундаа зэс, алт, нүүрсний үнэ сэргэсэн ч савлагаатай, тогтворгүй хэвээр байна. Зах зээл дээрх үнэ ханш долоо долоо хоногоор өөрчлөгдөж байгаа. Мөн Хятадын эдийн засаг өссөн ч өрнөлийг харах шаардлагатай. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Трампын бодлого зэс, алтны зах зээлд хэрхэн нөлөөлөх нь хүлээлт үүсгэсэн хэвээр. Тун удахгүй ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөр Монгол Улсад хэрэгжих “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэлэлцэх гэж байна. Энэ бүхнийг тооцон үзэж, энэ удаад бодлогын хүүг өөрчлөөгүй гэв.

ИНФЛЯЦИ АЛГУУР ӨСӨХ Ч 7 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ

Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотод 1.4 хувьтай гарчээ. Инфляци цаашид алгуур өсөхөөр байгаа ч зорилтот түвшин болох 7 хувиа давахааргүй байгаа гэж Монголбанкны Судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир тодотголоо. Инфляцид импортын бараанаас илүүтэй дотоодын барааны үнийн өсөлт нөлөөлсөн байна. Тодруулбал махны үнийн өсөлт инфляцид шууд нөлөөлжээ. 
Хоёрдугаар сарын байдлаар (М2) мөнгөний нийлүүлэлт өмнөх сарынхаас 3,2 хувь өсч, жилийн турш 22,4 хувиар өсч, 12,3 их наяд төгрөг болсон байна. Бүтцийн хувьд мөнгөний нийлүүлэлтийн 51,3 хувийг нь хадгаламж эзэлжээ. 

Банкуудын актив өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсчээ. Үүнийг дагалдан зээлийн өсөлт жилийн турш 8 хувь байсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сартай харьцуулахад зээл 0,9 хувь буюу 223,5 тэрбум төгрөгөөр өссөн. Олгосон зээлийн 19,3 хувь нь валютын зээл, үлдэж буй нь төгрөгийн зээл юм. Өнгөрсөн сард хэрэглээний болон худалдааны зээл өссөн нь Цагаан сарын баяртай холбоотой юм.

Хоёрдугаар сард Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 396 зээлдэгчдэд 24.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон. Энэ сарын эхний ээлжийн санхүүжилтээр нийт 259 зээлдэгчдэд 14.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгожээ.

Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 89 823 болов.
 
Хоёрдугаар сарын байдлаар

Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 8 хувьд хүрсэн.

Төгрөгийн зээлийн дундаж хүү 20.1 хувь, долларынх 11 хувь байна.

Төгрөгийн хадгаламжийн дундаж хүү 13.2 хувь, долларын хадгалмжийн дундаж хүү 4.2 хувь болж өмнөх сараас буурчээ.

Гадаад худалдааний нийт эргэлт 1.3 тэрбум ам.долларт хүрч, 330 сая ам.долларын ашигтай гарсан.

Тав банкны үнэт цаасны нийт хэмжээ 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна