Эндрю Уорд Хөдөө аж ахуй, үйлдвэр, хүн зонын өсөн нэмэгдэж буй усны хэрэглээ нь чандмань эрдэнийн төлөөх өрсөлдөөн хар алтныхаас илүү үнэ цэнэтэй болж буйг Францын нийтийн шугам сүлжээний Suez компанийн гүйцэтгэх захирал онцоллоо.
Жан Луи Шоссаде энэ сард General Electric-ийн ус түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг GE Water компанийг 3.4 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болсноо мэдэгдээд, “Усны хомсдол нь эрчим хүч, уул уурхай, эм болоод химийн үйлдвэрлэлд тулгарч буй хамгийн том асуудал” хэмээв. Ус газрын тосноос ч үнэтэй таваар болох өдөр ирэх болов уу гэсэн FT-ийн сурвалжлагчийн асуултад ноён Шоссаде “Ирээдүйд эргэлзээгүй” хэмээн хариулжээ.
Тэрбээр мөн 2035 он гэхэд дэлхийн нийт хүн амын 40 хувь нь усны хомсдолтой газар нутагт аж төрнө гэх төлөвийг иш татав. Ингэснээр компаниуд, хөдөө аж ахуй, тэр ч бүүхэл энгийн иргэд хүртэл усны төлөөх өрсөлдөөнд орох аж. Түүнийхээр “Засгийн газрууд үйлдвэрлэгчдэд энд үйл ажиллагаа явуулж болох ч гүний ус татаж болохгүй гэж хэлж байна.
Тиймээс компаниуд хаягдал усаа дахин ашиглах мөн цэвэршүүлж хэрэгцээгээ хангахаас өөр сонголтгүй” хэмээв. Аж үйлдвэрийн салбарт эргэлдэж буй усны үйлчилгээний зах зээл одоо 95 тэрбум еврогоор хэмжигдэж байна бөгөөд уг зах зээлийн тэлэлт урт хугацаанд жилд таван хувь байх төлөвтэй. Өөрөөр хэлбэл, жилд гурван хувь байна хэмээн таамаглаж буй дэлхийн эдийн засгийн өсөлтөөс давах юм.
Suez-ийн аж үйлдвэрийн усны салбарт ийн хөрөнгө оруулалтаа чиглүүлэх болсон нь олборлох түлшнээс татгалзаж буй дэлхий нийтийн хандлагатай хөл нийлүүлж буйн илрэл. Яагаад гэвэл энэ нь Suez-ийн голлох хувьцаа эзэмшигч болох Францын эрчим хүчний Engie групп газрын тос, байгалийн хийн олборлолт, нүүрсний станцын салбарыг орхихоор шийдэж байгаагаас өөрцгүй алхам юм.
Тэгээд ч аж үйлдвэрийг усаар хангах дэд бүтцийн үйлчилгээг уламжлалт шугам сүлжээтэй харьцуулахад бизнесийн илүү том боломж олгож буй. Учир нь дэлхийн усны нийт хэрэглээний таван хувийг хувь хүн, 20 хувийг аж үйлдвэрүүд бүрдүүлдэг бол үлдсэнийг нь хөдөө аж ахуйд хэрэглэдэг байна.
GE Water компани нь Exxon- Mobil, Pfizer болон Nestlе зэрэг компанид усны хэрэглээ, гүйцэт ашиглалтын менежментийн үйлчилгээ үзүүлдэг. АНУ-ын компаниудын орлогын бараг 50 хувь нь АНУ-аас төвлөрдөг хэдий ч хөгжиж буй орнууд, нэн ялангуяа Хятадад усны үйлчилгээнээс олох орлого нэмэгдэх төлөвтэй байгааг ноён Шоссаде тэмдэглэв.
Suez 3.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн тодорхой хэсгийг Канадын тэтгэврийн Caisse de Dйpфt et Placement du Quйbec сантай байгуулсан түншлэлийн хүрээнд шийдэх юм байна.
Эх сурвалж:Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна