Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан Г.Нямдоржийг хаалттай шүүнэ

2017/05/11
 “Мунзуй” хочит Г.Нямдоржид холбогдох дээрэм, танхай, хүчирхийллийн хэргийн шүүх хурал хэдэнтээ хойшлогдсоны эцэст энэ сарын 23-ны өдөр /2017.05.23/ болохоор товлогджээ. Тэрбээр 2016 оны тавдугаар сард шунахайн сэдлээр М, Н, Д нартай бүлэглэж Өвөрмонгол иргэнийг дээрэмдсэн хэрэгт холбогдсон юм. Хэргийг цагдаагийнхан шалгах үед БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Чэн Шинь Гоу Минь" ХХК-ийн ажлын байранд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Т-д хүч хэрэглэн айлган сүрдүүлсэн гэмт хэргийг үйлджээ. 

Тэрбээр "Нохойд идүүлнэ, бетонд зутгаж хөнөөнө, эхнэрийг чинь хүчиндүүлнэ, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараана" гэх зэргээр   айлган сүрдүүлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахаар  авирласан байдаг.

Тэрбээр 550.000 юань буюу 168 сая төгрөгийг авахаар далайлган сүрдүүлсэн байна. Улмаар энэ хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийж ОХУ руу оргохоор төлөвлөж байхад нь 2016.11.14-ны өдрийн 03:00 цагийн орчим Хэнтий аймгийн нутаг Норивлин сумаас саатуулжээ. Түүний дээрх гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 149.3, 125.2, 261.1-р зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

 • Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх

149.3.Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 •125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах:

125.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

261 дүгээр зүйл. Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох

261.1.Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
 
Б.Хэрлэн 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна