Философич С.Молор-Эрдэнэ бол улстөрийн аллагад өртөж амиа алдсан "эсэргүү" Д.Төмөр-Очирын ойрын хамаатан

2017/05/19
Одоогоос 55 жилийн өмнө буюу 1962 онд эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохиосон билээ. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1962 оны 2р сарын 14ны хуралдааны үеэр үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга философийн доктор Д.Төмөр-Очир "Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай" асуудал оруулж иржээ. Уг хурлаас Чингис хааны 800 жилийн ойд зориулан хурал хийх, шуудангийн марк гаргах, баримтат кино хийх зэрэг асуудлууд хөндөгдөж байжээ. Тэр үед Д.Пүрэвдорж "Чингис хаан" шүлгээ зохиож, ардын зураач Ү.Ядамсүрэн эзэн Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг дүрсэлсэн 20,30,50, 60 мөнгөний цуврал маркууд бэлдэж байжээ. 

Гэтэл уг үйл ажиллагааг ЗХУ-аас эрс эсэргүүцэн 1962 оны 9 сарын 10нд МАХН-ын III бага хурал хуралдаж "үндэсний үзлийг дэвэргэсэн" гэж Намын төв хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь чөлөөлж, Чингисийн марк болон бусад дурсгалын зүйлсийг яаралтай устгажээ. Ийнхүү Чингис хаандаа зориулан хэвлэсэн марк "хэлмэгдэж" тоосонд дарагдан үлдэв.

Д.Төмөр-Очир агсны тухайд 1945-1950 онд Москвагийн их сургуулийн философийн анги, 1950-1953 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцаж төгссөн Монголын анхны философийн ухааны докторын зэрэг хамгаалсан хүн байжээ. Аж үйлдвэрийн комбинатад ноосны мэргэжилтний дагалдангаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 1941-1944 онд Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын туслах, Шинэ хүчний дээд сургуулийн философийн багш, тэнхимийн эрхлэгч, Түүхийн институтийн захирал, Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. 1962 оны есдүгээр сард болсон МАХН-ын Төв хорооны III Бүгд хурлаас түүнийг “намын эсрэг ажил явууллага” үйлдсэн хэмээн бүх ажил, албан тушаалаас нь чөлөөлснөөр 23 жил үргэлжилсэн цөллөгө, хавчилт, хэлмэгдүүлэлт эхэлжээ.

Эцэст нь 1985 оны аравдугаар сард гэртээ бусдын гарт хэрцгийгээр алагдсан билээ. Д.Төмөр-Очир агсны хэргийн хохирогчоор ач хүү Т.Эрдэнэбилэгийг тогтоож хэргийг 2010 онд сэргээсэн хэдий ч өдий хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа юм.

Философич С.Молор-Эрдэнэ нагац ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж 2012 онд "Чингисийн этик хэрэгтэй" номоо бичсэн бөгөөд номын 2 дахь боть болох "Чингисийн этик" номынхоо судалгааны ажлыг хийж байгаа аж.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна