"Улаанбаатар Марафон-2017"- 42 км-ийн зайд Кени Улсын иргэн түргүүлжээ

2017/05/20
 Олон улсын гүйлтийн “Улаанбаатар Марафон 2017” тэмцээн дөрөв дэх жилдээ Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнээр 5 мянган метр, 10 мянган метр, 21 мянган метр, 42 мянган метрийн зайд ялагчдаа тодруулж, шагнав. Иргэдийн эрүүл бие, саруул ухааны төлөө тэдний биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой тус хотын удирдлагууд иргэдээ уриалан гүйсэн бол мөн тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүчээ сорин гүйжээ.

Олон улсын гүйлтэд 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд гадаад, дотоодын сонирхогч, дэлхийд танигдсан нэртэй тамирчид багтсан 27 мянга гаруй хүн оролцож байжээ. Тэгвэл энэ жилийн марафонд 36 мянга гаруй иргэн оролцсон нь үр дүнтэй тэмцээн болсон байна.

Марафонд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такаока Масато, Их Британи Умард Ирландын нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кетрин Элизабет Арнолд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эд Жэйгэр зэрэг гадаадын иргэд оролцсон нь хүрээгээ тэлснийг харуулав.

"Улаанбаатар марафон"-ын ялагчаар Кени улсын тамирчин Силлас К.Сан тодорчээ.Тэрээр эрэгтэйчүүдийн бүтэн марафон буюу 42 км 195 метрийн зайг 2 цаг 13 минутад туулж  түрүүлсэн  байна.
 
Б.Хэрлэн 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна