2027 онд дундаж тэтгэврийн хэмжээ 1.3 сая төгрөгт хүрэх тооцоолол байна

Zuv.mn
2 цаг 35 минутын өмнө

Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Засгийн газарт шаардлага хүргүүлж, жагсаал зохион байгуулсан.

2026 оны 08 дугаар сарын 17-нд гурван талт хэлэлцээрээр улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,000,000 төгрөг болгох шийдвэр гарсан. Гэвч тохиролцсон шийдвэрийг албажуулж, хэрэгжүүлэх асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг онцолсон юм.

Эл асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд дэвшүүлсэн нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилтуудын хүрээнд Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь ажил олгогч, даатгуулагчид харилцан өгөөжтэй байх, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөлийг уян хатан болгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн.

Түүнчлэн, олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, тэтгэвэр авагч ахмад настны нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор одоо авч байгаа тэтгэвэр дээр нь суурь тэтгэвэр нэмж олгох, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоох нөхцөл, параметрт өөрчлөлт оруулах зэрэг шинэчлэлийг тусгасан.

Мөн тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээд байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлт тэтгэврийн хуримтлал бүрдүүлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах эрх зүйн орчин бүрдэх юм.

Улсын Их Хурлаас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр баталсан төсвийн тодотголоор Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч ахмад настнууддаа 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс суурь тэтгэвэр олгох нөхцөл бүрдээд байна.

Дэлхийн улс орнууд өндөр насанд хүрсэн иргэний амьжиргааны наад захын орлогыг баталгаажуулж, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор суурь тэтгэврийг олгодог. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Дэлхийн нийгмийн хамгааллын 2024-2026 оны тайлан илтгэл”-ээс үзэхэд дэлхийн 30 улс тэтгэврийн бүх нийтийн буюу ижил хэмжээний тэтгэвэр олгодог бол 97 улсад суурь тэтгэврийг ахмад настны орлогын хэмжээ, тэтгэврийн нас, тухайн улсад оршин суусан хугацаа зэргээс хамаарч олгодог бөгөөд ихэвчлэн улсын төсвөөс санхүүжүүлж байна.

Манай улсын хувьд нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмад настанд одоо авч байгаа үндсэн тэтгэвэр дээр нь нэмж суурь тэтгэвэр олгох юм. 

Өөрөөр хэлбэл, суурь тэтгэвэр нь өндөр насанд хөдөлмөр эрхэлж орлого олох боломж буурах, эрүүл мэндээс үүдэлтэй зардал нэмэгдэх болон амьжиргаатай холбоотой нэмэлт хэрэгцээ үүсэх зэрэг санхүүгийн эрсдэлийг бууруулж, олон жил ажиллаж шимтгэл төлсөн боловч бага тэтгэвэртэй байгаа тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Суурь тэтгэврийн хэмжээг тэтгэвэр авагчийн шимтгэл төлсөн хугацаа болон үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамааруулан сард 100,000–300,000 төгрөг байхаар ялгаатай тогтооно. Жишээлбэл:

Шимтгэл төлсөн хугацаа

Одоо авч байгаа үндсэн тэтгэвэр

Нас, хүйс

Суурь тэтгэвэр

Нийт тэтгэвэр

43 жил

1,100,000 ₮

70, эр

300,000 ₮

1,400,000 ₮

25 жил

3,300,000 ₮

61, эр

100,000 ₮

3,400,000 ₮

27 жил

769,000 ₮

59, эм

236,550 ₮

1,005,550 ₮

Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс суурь тэтгэвэр олгоно. Мөн эдгээр суурь тэтгэвэр авагчдын 85 хувь нь 200.0 мянган төгрөгөөс дээш хэмжээний суурь тэтгэвэр авах бөгөөд суурь тэтгэврийн дундаж хэмжээ 224.0 мянган төгрөг байх тооцоолол байна.

Харин цэргийн болон олон хүүхэдтэй эх, зарим онцлог мэргэжил, хөдөлмөрийн нөхцөлөөр 45, 50, 55 насанд эрт тэтгэвэрт гарсан тэтгэвэр авагчид эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн өдрөөсөө суурь тэтгэвэр авч эхэлнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар тэтгэврийн үнэ цэнийг бууруулахгүй байх зорилгоор тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр заасан. Энэ хүрээнд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх зардлыг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган хэлэлцүүлж байна.

Суурь тэтгэвэр олгох болон тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагчдын дундаж тэтгэврийн хэмжээ 2027 онд 1.3 сая төгрөгт хүрэх тооцоолол байна" гэлээ.

 

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна