Ямар ч сайхан ордон батгана дуугархад гутна

2017/12/17
Утга зохиолын өргөө нь олон хөгжмийн найрал юм. Тэр дунд нарийн хөгтэй гоцлол хөгжмүүд, дагаж аванхайлах чимэгт зэмсгүүд, сул сэгсэрч дуугаргах шигшрэг нь хүртэл байх ёстой. Тэгж гэмээнэ сая нэгэн цулыг бүтээнэ гэсэн санааг аль 1980-аад оны сүүлээр нэрт судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар багш хэлсэн нь бий. Үнэхээр ч тийм. Орчлонгийн өнгө түмэн янз солонгорч, хүний сэтгэл түүнийг дагаж хувирна. Ер сэтгэл гэгч хэзээд үл баригдах лугаа мөнхөд үл тайлагдах гүжир нууцыг тээсэн гайхамшиг бус гэж үү? Төдийгөөс өдий хүртэл сэтгэлийн түмэн өнгийг нээх гэж үй олон чадвартан мэргэд, зохиолчид, найрагчид, эгэл бичээчид махран шамдаж зүтгээгүй сэн бил үү? Он жилүүдийн тортогт үл дийлдэх гайхамшигууд дотроос чухам яагаад үгээр урлах гойд эрдмийг онцгой үзэж, ясны хөлс шавхах инжааны урлагтай зүйрлэсэн юм бол?

Нэг удаа шүүмжлэгч Ч.Билигсайхан багш надад:

-Өнөөгийн яруу найраг, ер нь урлаг маш тодорхой байдал руу явж байна. Д.Урианхайн нэг шүлэг байдаг даа. Уулнаас уруудаж яваад хийсэж яваа намрын навчтай зөрдөг. Яг л ийм тодорхой зүгт явж байна гэж билээ.

Тэр шүлэг энэ байна:

Галын дөл шиг
Ганц улаан навч
Намрын салхинд тасраад
Тэнгэр өөд хийсч явна
Би уулын бэл рүү
Уруудаж явахдаа зөрлөө

Шүлгийн төгсгөл хашсан хоёр шадыг “Уулын бэл рүү би Уруудаж явахдаа зөрлөө” гэж өөрчилж болох ч толгой холбосон байдаг л нэг шүлэг болчихно. Харин “Би уулын бэл рүү Уруудаж явахдаа зөрлөө” гэхэд цохилого, хэмнэл нь хачин сайхан таацаж байх жишээтэй. Ямар ч тайлбаргүй, шууд л сэтгэлд буух зураг. Цаанаа бол бодох юм ихтэй. Ийм л нарийн мэдрэмж, ур хосолж байж сайн шүлэг төрнө. Төрөхөөсөө өмнө найрагчийг удаан шаналгаж дуншина. Тиймээс л шүлэг найраг төдийгүй урлагийн бүх л бүтээлүүд их зовлонгоос төрдөг нь үнэн юм. Тэдгээрийн илэрхийлэл нь эрт цагаас нааш тодорхой байхыг шаардсаар иржээ. 

Зөвхөн яруу найраг, урлаг биш, уран сайхны шүүмж судлал ч бас өнөөдөр ийм тодорхой байдлыг шаардаж байна. Энэ нь Ц.Хасбаатар агсан тэртээ 1950-иад онд Д.Нямаа найрагчийн “Цээлхэн дууны эгшиг Цэнхэр өнгөтэй байдаг юм байна” гэсэн хоёр шадыг “Яруу найрагч дууны өнгийг олж харлаа” хэмээн олзуурхсан шиг, 80-аад онд Б.Лхагвасүрэн найрагчийн “Уянгын тойрог” номын цомхон өмнөтгөлд их Явуу “ЭНЭ БОЛ ТУН САЙХААН!...” гэж дуу алдсан шиг, авъяаслаг шүүмжлэгч агсан Т.Доржпүрэв П.Бадарч найрагчийн “Тэмээ” шүлгээс “Тийм ээ, Тэмээ” гэх хоёр үгийн хооронд үүссэн утгын нарийн хэлхээг олж харсан шиг юм. Монголын яруу найрагт Д.Нямаа найрагчийн олж харсан дууны өнгө сүүлдээ дууны шүлэгт САЛХИНЫ ХЭЭ, САНААНЫ ЧИМЭЭ болтол “хөгжиж”, яруу найрагч Д.Нямсүрэнгийн “Гадаа хэц дээр цагаан давуу өлгөөстэй Ганцхан зүгийн салхи эхнэрийн минь үнэртэй” гэсэн мөртүүд “МОНГОЛЫН ҮНЭРТЭЙ САЛХИ” болж “томорсон” түүхтэй.

Аль ч цаг үед гэгээрэх, мунхрах хоёр зэрэгцэж, гүтгэх, адгах, мэтгэх, цэцлэх, бусгах, халгих, гажих, сөрөх, тэмүүлэх, мухардах, дагах түмэн өнгө янз хорших нь жам. Сэтгэл гэгч нэг л өдөр энгийн байхаас уйдаж, гаж содон руу тэмүүлнэ. Төдхөн бас уйдаж, энгийн сайхныг мөрөөдөнө. Энэ зайд эрээлжлэх түмэн санааг соргог мэдэрч, шүүн тунгааж, ялган салгах хэцүү л дээ.

Утга зохиолд онолын шүүмж гэж бий. Энэ нь мэргэжлийн түвшинд яригдана. Хувь хүний бодрол, эргэцүүлэл, сэтгэгдэл гэж бий. Үүнийг тусад нь авч үзэх ёстой. Шүүмжлэгч хүн сэтгэгдэл бичих эрхгүй гэдэг үг чухам эндээс үүдэлтэй байх. Гэтэл өнөөдөр “мэргэжлийн” гэгдээд байгаа хүмүүс хүртэл сэтгэгдэл бичих явдал газар авч байгаа нь, нэгд, өмнөх үеийн шүүмжлэгчид, судлаачид залуу үеэ бэлтгэх талаар хангалтгүй ажилласан, хоёрт, цаг үеийнхээ захиалгаар тодордог төрмөл авъяастан хараахан байхгүй байгаатай холбоотой гэж бодно. 

Мэргэжлийн шүүмжийн үүрэг бол шуугиан тарих биш. Зөв дүгнэх л үүрэг. Ингэснээр зарим уншигчдын эрэлт, сонголтыг зөв зүгт залахад дөхөм болно. Шүүмжгүйгээр сонголтоо хийчихсэн уншигчдад түүнийгээ дахин нэг эргэцүүлэх, нотлох боломж олгоно. Үгүй бол өөрчлөхөд туслана. Ийм л юм. Түүнээс биш талцсан маргааны талбар огтоос биш ээ. Гэхдээ ухамсартай, зорилготой, зөв мэтгэлцэх явдал аль ч цаг үед байсаар ирсэн нь маргаангүй.

Нэг үе Д.Галбаатар багш, О.Дашбалбар найрагч хоёр олныг шуугиулдаг байлаа. Тэр хоёр классик буюу сонгодог, модернист буюу орчин үеийн яруу найрагт талцан мэтгэлцдэг байв. Хоёулаа А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсөгчид. О.Дашбалбар найрагч сонгодог яруу найрагт чин үнэнч. Д.Галбаатар багш болохоор Монголд модернист яруу найраг хөгжих цаг болсон гэдэгт бат итгэгч. Энэ мэтгэлцээний үр дүн нь өнөөдөр Монголын яруу найраг хоёр чиглэлд хөгжиж, бие биенээ хүлээн зөвшөөрч, улмаар өнгө сүлэлдэн оршиж байгаа явдал. Тэр үед хамгийн ширүүн дайралт хийдэг нь О.Дашбалбар найрагч. Түүний хэлдэг хамгийн ширүүн үг нь “ГӨЛӨГ”. Сүүлдээ түүний хэн нэгнийг ингэж дуудах нь бараг өхөөрдөл шахуу болж ирсэн л дээ. Тухайн үед Д.Галбаатар багш О.Дашбалбар найрагчийг сонсож, зарим үгийг нь хүлээж авдаг байсан байх. Сонинд хэвлэгдсэн яруу найргийн тухай хурц нийтлэлийнх нь дараа “Жаахан пасквиль болчихсоноос биш сайн нийтлэл” хэмээн хүлээн зөвшөөрч байв. Ухаантай, тууштай хүмүүс гэж ийм байдаг байна.

Гөлөг хуцдаг
Нохой хаздаг...

Энэ үгийг О.Дашбалбар агсан хэлсэн юм. 

Гэтэл өнөөдөр шал өөр байдлаар талцах хандлага цухалзах болов. Энэ нь дээр өгүүлсэн шиг уран бүтээлийн тодорхой сэдвээс үүдсэнгүй. Хэн нь том, хэн нь жижиг тухай ярвигтай асуудлаас үүсчээ. Нэгэнт үүссэн ийм маргаан хэт даамжирвал дор бүрдээ өөр, өөрийн байр сууриа хамгаалах гэж үхэлдэн тэмцэлдэх нь гарцаагүй. Зарим шүүмж энэ байдлыг дөгөөж байна. Хэдий ийм байж болох ч бидэнд маргах соёл дутаж байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Хэлэх хэлэхгүй үгээр нэгнээ дайрснаар маргалдагч талуудын аль нэг нь төгс ялчихдаг түүхгүй. Уран бүтээлийн маргааныг бараг л ялагчгүй маргаан гэхэд хилсдэхгүй. Үүний шалтгаан нь өнөө л олон өнгө, олон үзэл бодол. Хэрэв хэн нэгэнд төрмөл чадвар, суу билиг цаанаасаа заяачихаагүй л бол залуу насандаа бүхнийг нэвт шувт мэдээд, цэгнээд, дүгнэчихнэ гэж байхгүй л дээ. Тэр тусмаа ийм шуугиант цагт.

Хэн нэгнийг хурцаар цохон шүүмжилж, түүгээрээ цаг үеийнхээ харааг өөртөө татаж, олны анхааралд өртөхийг эрмэлзэх нь дүрэлзсэн залуу насны хэт араншин юм. Шүүмж нь жинтэй, оновчтой байж чадвал түүнийг хэн ч үл ганхуулна. Тийнхүү шуудхан хүлээн зөвшөөрөгдөж, олон нийт түүнийг дагадаг, түүнээс үг хүлээдэг болно. Харин хөнгөн гоомой бол өөр дээрээ гал дуудах төдийгүй бусдыг хөлдөө чирэх нь бий. Энэ нь цаагуураа утга зохиолын шүүмжлэгч, судлаачдын мэргэжлийн нэр төрд онц халтай үзэгдэл. Гарцаагүй үнэн бол ямар ч хатуу шүүмжийг ухаантай хүн сөрдөггүй. Харин доромжлолыг мэдээж хэн ч хүлээж авахгүй. Сөрж л таарна. Тиймээс бид нэгнээ хүндэтгэх ёстой. Магтахгүй юм аа гэхэд хайрлах ёстой. Дүгнэхгүй юм аа гэхэд хүлцэх ёстой. Хэлэх үг байвал, сургах санаа байвал өөрт нь хэлж болно. Заавал нийтэд зарлах ямар хэрэг?     

Заримдаа би боддог юм. Сайн, муу хоёрыг хэн нэг хүн заавал ялгаж салгах гэж улайрах хэрэг байгаа юм уу гэж. Тэртээ тэргүй бидний юм болгон дээр өмнөө барих дуртай ЦАГ ХУГАЦААНЫ ШАЛГУУР гээч юм байж л байна. Нэгнээсээ өрсөх гэсэн юм шиг ам уралдан шүүмжлэх нь яавч сайн зүйл биш. Тэр дундаа муйхар бодол, хорон үгээр. Шүүмжлэх гэдэг нь өргөн утгаараа шүүн тунгааж, сайныг шигших санаа юм. Үүнийг бүгд мэддэг атлаа мэдэхгүй царайлна. Гэтэл өнөөдөр мууг орхиод, зөвхөн сайныг яриад явсан ч болохгүй гэх газаргүй. Ялангуяа бүх юмыг хараар будах дон туссан энэ цаг үед утга зохиолын орчинг муу үгээс хол байлгамаар.

1990-ээд оны эхээр бид ахмад шүүмжлэгчдийг ойшоож үзэхгүй шахам “их том” амьтад явлаа. Тэднийг үеэ өнгөрөөсөн гэх нь халаг юм ярьцгаана. Өөртөө хэт бардсан, сагсуу зан л даа. Ийм зан залуу насанд л байдаг. Гэтэл нэг удаа бүрлээч Б.Пүрэвсүрэн хот яваад ирэв.

Тэгээд надад хэлэхдээ:

-Хороон дээр /Зохиолчдын хороо/ Ц.Хасбаатар гуайтай таарлаа. Надтай сайхан яриа өрнүүлж удаан суулаа. Биднийг ойлгодог юм байна. Их зөв хүн байна шүү гэж билээ.

Үүнийг дэлгэрүүлбэл, Б.Пүрэвсүрэнг нэг өрөөнд халамцуу ороход Ц.Хасбаатар гуай хэдэн хүнтэй сууж байжээ. Тэгээд түүнээс яруу найргийн талаар ямар бодолтой явдгийг шалгаасан юм байх. Мань эр ч яахав. Сэтгэлгээний яруу найраг энэ тэр гээд ярьсан байж таараа. Тэд бас жаахан халамцуу байцгааж. Зарим нь Б.Пүрэвсүрэнг илт буруушааж, тохуурхаж, янз бүрийн үг хаяжээ. Гэтэл Ц.Хасбаатар гуай тэднийг тас хорьж, Б.Пүрэвсүрэнг дуустал сонсоод, эцэст нь нөгөөдүүлдээ хандаж “Энэ хүү зөв ярьж байна. Ийм юм байх ёстой юм” гэжээ. 

Тэр үе бол “Зүс бүгэг андууд” номын тухай ид шуугиж байсан үе. Ц.Хасбаатар гуай тэр номыг үзсэн л байж таарна. Тэгээд яахав. Номыг зохиогчдын нэгтэй таарсных өөрийнх нь амаар үзэл бодлыг нь гярхай сонсож, ойлгож дүгнэхийг хичээсэн бололтой. Хожим нь чухам энэ хүн л Ц.Бавуудоржийн шүлгүүдийг цэцэгсийн чуулбартай зүйрлэж, Г.Аюурзаны “Цаг хугацаа амсхийх зуур” номонд цомхон бөгөөд цэгцтэй, гол нь тун оновчтой дүгнэлт хийсэн юмдаг. Юманд ултай хандах, тэр тусмаа мэргэжлийн байхын үнэ цэн, нэр төр гэж ийм байдаг аж. Ер нь бол зохиолчид, яруу найрагчид гэдэг “гар хугаравч ханцуй дотроо” гэдэг шиг бодсон санасанаа нэгэндээ ил шулуун хэлбэл ч хэлчихдэг, хэрэлдвэл ч хэрэлдчихдэг, тэр бүү хэл сайхан заамдалцчихдаг улс л даа, уг нь. Тэглээ гээд өчүүхэн бодож, нэгэндээ урт өс зангидаж явсаныг би мэдэхгүй юм. 

Өнөөгийн уншигчид өөр болж байна. Харах, мэдрэх, цэгнэх өнцөг баяжиж байна. Энэ зүгт мэдээж, зарим нь магтуулж, зарим нь адлуулж яваа өнөө л хэдэн зохиолч, яруу найрагч нэртүүд чирч яваа. Нийгэм хэдий бусармаг байгаа ч залуусын сэтгэлгээ цаг үеэ дагаад асар хурдтай тэлж байна. Хэдий төөрч самуурам үймээнт мэдээлэл дунд байгаа ч тэд дэмий юманд хууртахааргүй хэрсүү болж байна. Ирээдүйд тэмүүлж, ирээдүйн сайн сайханд итгэж байна. Үгүй ядаж л итгэхийг хүсэж байна. Ийм байхад тэднийг сайн үг, сайхан урмаар л тэтгэх сэн дээ. 

Нарийн яривал зохиол бүхэн өөрийн гэсэн уншигчтай байдаг. Тэр хүрээндээ тархана чиг. Үнэлэгдэнэ чиг. Энэ бол тухайн бүтээлийн орон зай. Үүний цаана нөгөө цаг хугацаа нь байж л байгаа. Шүүмж судлал байх нь зөв боловч тэр нь өөрөө зөв байх ёстой. Шүүмжлэхгүй байх нь өөрөө хамгийн том шүүмж юм гэсэн зарчим тэртээ тэргүй үйлчилж байгаа шүү дээ.

90-ээд оны эхээр нэг шүлгийн төгсгөл болов уу гэмээр мөртүүд зарим хүний уурыг барж, заримынх нь хөх инээдийг хүргэж байв. Ганц нэг шүүмжид ч энэ шүлгийн тухай дурдагдаж байсан санагдана. Тэгсэн мөртлөө бичдэг болгон бараг бүгд цээжилчихсэн. Царай дарсан тэр хүйтэн баргар өдрүүдэд нэгэндээ уншиж өгдөг байв.

Ийм сайхан шөнө
Эхнэртэйгээ хамт
Их дэлгүүр ухмаар...    

Франсуа Вийон шиг нөхөр байгаа биз? Ялгаатай нь Вийон хулгай хийж баригдаад шийтгүүлсэн бол мань эр хулгай хиймээр байгаагаа ил тод зарлажээ. Түүнийгээ бүр яруу найргаар илэрхийлжээ. Гол нь хулгай хийгээгүй л дээ. Тухайн цаг үе нь ёстой л хулгай хийх байтугай юм болж байсан цаг үе байв. Нийгмийн шилжилт эрчтэй явагдаж, дүйвээн самуун дунд нь өлсгөлөн, гуйланчлал, аллага, хүчирхийлэл, луйвар, тонуул, архидалт, янхандалт ид цэцэглэж байсан үе. Тиймээс л яруу найрагч цаг үеийнхээ бэрхийг ийн зураглаж үлдээсэн байна. Эхнэрээ дагуулж дэлгүүр ухмаар санагдана гэдэг бол аймшиг шүү. Үүний цаана тэсгэл алдам тарчиг амьдрал харагдана. Тэр үеийг тэсэж давсан цөөхөн хэд нь өнөөдөр утга зохиолын ачааг ямар нэг хэмжээгээр нуруундаа үүрч явна. Гэвч ойлгох ёстой цаг үе нь энэ шүлгийг ойлгоогүй юм. Ойлгосон ч хүлээж аваагүй. Тэгээд л өнгөрсөн. Үүний цаана бусдад муугаа үзүүлэх нь цээртэй бардам монгол зан байсан байх л даа.

Гүн бишрэлт болоод чин сэтгэлт аваас
Гүр цагийн мянган болжмор зул мэт бүлгээ
Гүйгүүл салхин нутгийн агарын үнэр агаад
Гүнжийн зүүднээ хэлэгдэх алтан үгс бүлгээ

Энэ бол миний анд Т.Баянсангийн шүлэг. Утга зохиолын шүүмж гэдэг хэн дуртай нь барьж авдаг ажил биш. Сүүлийн үеийн зарим залуусын бичвэрээс харахад нэг юм дутаад байгаа нь илт. Тэд хэт яарч байна. Өөрийгөө цэнээгүй байж ухасхийх нь хэнд ч таатайг авчрахгүй. Тэр тусмаа зохиолыг нь ухаж ойлгож, зохиогчийг нь сайтар судлахгүйгээр бичнэ гэдэг хэзээд өрөөсгөл байдаг. 

Бас дээр нь хуурай цэцэрхэх, зохихгүй эшлэл татах, хэт мугуйдлах, хуумгай дүгнэх гэж оролдох, оновчгүй харьцуулалт хийх, ямар ч ойлголт тайлбаргүйгээр ухаантан мэргэдийн нэрсийн жагсаалт цувуулж, түүгээр халхавч хийхийг санаархах, шаардлагагүй гадаад нэр томъёо ашиглаж буйгаа өөрийгөө дөвгөр харагдуулж байна гэж эндүүрэх, бүр байтлаа бусдын ярихыг сонсчихоод тийм нүдээр орчлонг тайлчих юм шиг хичээх явдал хэтрүү байна. Миний нүдээр хардаг ч болоосой гэдэг үгийг дурласан хүн хэлдэг гэдэг дээ. Энэ бол дурлал шинийг нээдгээс тэр юм. 

Явцуу хүрээнд тархиа гагначихсан хүн тэр тойргоос гарахын тулд их л шамдах хэрэгтэй болно. Хэрэв уг хүн нь нэмэргүй бол ямар ч нааштай өгөөж харагдахгүй. Тиймээс л шүүмжтэй төсөрхүү зарим нэг хуудам бичвэрүүд ая дан нь найрсан буй, илүү чимээгүй амгалан ордон дотор батгана дуугарахтай адил болчихоод байгаа юм. Тийм батгана бүгдэд анзаарагдана. Яагаад гэвэл тэр их содон. Гэхдээ маш төвөгтэй содон. Сайхныг гутаагч түүнд бүгд ундууцах нь лавтай.

М.Уянсүх

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна