С.Молор-Эрдэнэ: Ар Монголын түүх. № 1: Лам, сэхээтэн, боос

2018/01/05
Ар Монголын түүх. № 1: Лам, сэхээтэн, боос

Хаа л бол Монголд үйлдвэрлэв эсвэл бүр Монгол ялна гэх мэтийг сонсоод гайхширал үргэлж төрдөг. Ямар Монгол вэ? Азийн хөндийгөөр таран олон зуун жил мал дагаж малаар утга учир хийсэн Монгол нэртэй ард түмэнийг хэлэв үү?

Өвөр Монгол, Ар Монгол, Буриад Монгол, Халимаг Монгол гэх мэт Монгол нэртэй ардуудыг нийлүүлээд Монголд үйлдвэрлэв эсвэл Монгол ялна гэж хэлэв үү. Зөвхөн Ар Монголд иргэний бүртгэлтэй байж бусад орны бүртгэлтэй Монголчуудыг ингэж хамруулж болох уу?

Ерөөсөө 1924 оноос хойш бий болсон Хятад, Орос хоёрын бүтээсэн Ар Монгол өөрийнхөө гарал үүсэл анх хаанаас эхлэлтэй гэдэг тухай ярих цаг болжээ. Хэн Ар Монголд анх автомашин оруулж ирсэн, хэн Ар Монголд анх урлаг оруулж ирсэн, хэн Ар Монголд анх жүдогоос авахуулаад бокс гэх мэт биеийн тамир оруулж ирсэн, хэн анх энэ дулааны цахилгаан станцуудыг байгуулж бас ажиллах техник инженэрүүдийг бэлтгэж өгсөн гээд ярих асуудал их байна даа. Ар Монгол гэнэт үүсээгүй ээ.

Лам болох дуртай феодализмаас салж Ар Монгол мэдлэг давамгайлсан социализм гэж төрийн онолтой болсон. Социалист нийгэм болж чадаагүй шүү дээ. Хэрвээ тэгсэн бол өдийд соёлтой л байх байсан даа.

Хятад, Орос хоёр байгуулж өгсөн цагаас хойш Ар Монголчууд бичиг үсэг мэдлэг мэргэжилтэй болцгоож сүүлдээ сэхээтэн болох тийм хүсэлтэй болцгоосон. Үүнээс өмнө хамгийн мундаг хүн лам байсан бол одоо хамгийн мундаг хүн социализмын гэх жилүүдэд сэхээтэн хүн болсон. Харин өнөөдөр ардчилалын гэх нэртэй цаг үед хамгийн мундаг хүн боос болох шивдээ.

Ардчилал гэдэг бас л социализмтай адил төрийн онол. Ардчилалыг байгуулж чадаа ч үгүй. Чадах боломж ч байсангүй. Ардчилалыг байгуулах сэхээтэнүүд бий болж чадсангүй. Ардчилал гэдэг хар маас биш шүү дээ. Онол хэрэгтэй дээ.

Ердөө л 100 хүрэхгүй жилийн дотор Ар Монголын эрчүүд малчинаас лам, сэхээтэн, боос болох тэр түүх дэлхийн хаа ч явагдаагүй хурдан хөнгөн өнгөцхөн гэнэн бас хэлбэрдсэн  тийм л түүх юмдаа.

Жинхэнэ лам болох гэвэл ёстой л хэцүү дээ. Бүхий хүсэл шаардлагаасаа салж зөвхөн л хүмүүст туслаж өөрийгөө мартан өдөр хоног өнгөрөөнө шүү дээ. Малчин хүн ингэж чадах уу?

Жинхэнэ сэхээтэн болох гэвэл бүр ч хэцүү шинийг сурч сахилга бат дэг журам ёс суртахуунтай хүн болж цоо шинэ хүн үүсэх тийм нөр их тэвчээр хатуужил хэрэгтэй шүү дээ. Түүнээс гадна маш нийтэч хүн болох шаардлагатай. Үүнийг эсгий гэрээс гарч ирэнгүүтээ хийж бүтээж чадах уу?

Жинхэнэ боос болох тийм ч амар биш. Бэлэн мөнгө бэлэн хувьчлал дээр баяжсаныг хэлэх эсвэл намын гишүүн болж аваад төрийн мөнгөнөөс суглаж баяжаад боос болох бишээ. Улс орноо хөгжүүлж шинийг сэдэж хийж бүтээх гэж явсан хүсэл эрмэлзэл амжилтанд хүрч орлого нэмэгдэж ашиг цугларч байж л болох боломжтой.

Гэхдээ л боловсрол хэрэгтэй дээ. Америкийн их сургуулаа төгсөлгүй гарч компани байгуулж амжилтанд хүрсэн нөхдүүд бүгд л боловсролтой байсан. Мэргэжил боловсролыг орлохгүй дээ.

Баян хүн хэрэггүй харин хөрөнгө оруулагч хэрэгтэй. Боос хүн бас олон хүнийг орлоготой мэргэжилтэй цааш ахиж ирээдүйд өөрсдөө боос болох боломжтой болгох чухал. Түүнээс биш нутгийнхаа эсвэл хамаатан садан ах эгч дүү нараа цуглуулчихаад түүнийг компани, груп, холдинг гээд нэрлэх бол нэрийн л асуудал даа.

Малчин хүн лам, сэхээтэн, боос болох гэж будилж хуурч мэхлэж сэргэлэнтэж хэдий хүртэл явах вэ?

Олигтойхон лам, мэдлэгтэй сэхээтэн, чадвартай боос болох тэр цаг үе ирсэн бишүү. Гурвуулаа л энэ улс оронд хэрэгтэй. Гэхдээ хуурамч биш жинхэнэ шүү дээ.

С.Молор-Эрдэнэ
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна