Таваг хошуу малын гэдэс дотрыг арилгах аргууд

2018/01/23
Монголчууд эрт дээр үеэс таван хошуу малаа хайрлан хүндэлж, ашиг шимийг нь хүртсээр өдий хүрсэн. Тиймээс малынхаа гэдэс дотрыг цэвэр нямбай арилгаж , идэш бэлтгэх нь монгол эзэгтэй бүрийн хийж чадах ёстой ажлын нэг юм.

Бод малын гэдэс дотор арилгах 

Мал гаргаж байх үед гэдэс дотор эрхтнийг бүхэлд нь салгаж татаж гаргана. Дараа нь эрхтэн тус бүрээр ялган салгадаг. Ингэхдээ хэл, залгиур, төвөнх, улаан хоолой, цагаан мөгөөрс, уушиг зүрх , гол судас, бөөр, элэг зэргийг биеийн хэсгээс огтолж салгаад: 

Үхэрт бол ходоод, гүзээ, хэрхнэг, сархинаг, нарийн бүдүүн гэдэс, шулуун гэдсийг ялган авч баасыг нь сайтар шувтарч, бүлээн усаар зайлж угаадаг. Үхрийн гүзээг хамгийн түрүүнд авч баасыг нь асгачихаад бүлээн усаар зайлж цэвэрлэчихээд хужирхайг нь хуулж авна. Тэгээд хар хальсыг нь хаядаг. Хошногоны баасыг цэвэрлэж, мөн л халуун бүлээн усаар зайлна. Дараа нь гол мах юмуу хүзүүний махыг нарийхан зүсэж хошногондоо урвуулан чихдэг. Үхрийн уушгийг барагтай бол чанаж иддэггүй, харин ихэвчлэн хатааж, борцтой хольж идвэл амт шимт сайтай байдаг. Бөөр , элэг, зүрхийг нь сайтар болгож идэх ба элгийг нь чанахад амархан хатуурдаг учир чанаж идсэнээс шимжтэй нь шарж идсэн нь илүү сайхан байдаг. Монголчууд дунд дөрвөн өндрийн нэг хавирган дээр махтай нэг нугалам сээр, мах ( нурууны гол мах, цавьны дотор мах ) чихсэн бүдүүн гэдэсний 20-25 см урттай хэсэг буюу хошногыг, мөн элэг, бөөр, зүрхний зүсэм тавьсан сээр хавирга болгон хөлдөөдөг заншилтай.

Адуунд бол ходоод нарийн гэдэс, умс, хятай, бүдүүн гэдсийг ялган салгааж сэвс, баасыг арилган бүлээн усаар угааж цэвэрлэдэг. Адууны умс бол гойд сайхан амттай. Хамгийн гол нь сайтар угаах хэрэгтэй. Нарийн гэдсэнд нь цусаа амтлан хийвээс шавай болно. Хятай гэдэг бол бог малынхаар бол хошного юм. Адууны сэмж гэдэг юм бол байдаггүй. Харин элэг уушгийг нь иддэггүй, ба бөөр зүрхийг нь иддэг. Айл хотлынхондоо дотор махнаасаа бүгдийг хуваарилна. Үүнд бөөр, зүрх, хятай, умс гэх мэт. Мөн дээр нь нэг нугалам нуруу, нэг нугалам сээр, хавирга зэргийг тавьж өгдөг. Адууны харвинтай хавирган дээр нэг нугалам сээр, хятай, далан мэтийг тавьж сээр-хавирга болгон хөлдөөдөг уламжлал дээр үеэс мөрдөгдөж ирсэн. Ингэж бэлтгэсэн сээр хавиргыг хүндтэй зочдод чанаж барих, айлсаахалтынхандаа өгдөг заншилтай. Ингэж бэлтгэсэн махыг баруун монголд гэр мах гэж нэрлэдэг. Хасгууд адууны махыг давсалж утаж хатаан “ Казы”, “Карта”, “Жал”, “Чужик”, “Женж” зэрэг амтлаг сайхан махан хоол хийдэг. Өвөг дээдэс маань угааж цэвэрлэсэн, бохир болсон усаа гол горхиноос хол асгадаг байсан нь ус гэдэг чандмань эрдэнийг эрхэмлэн хайрлаж байсны нэг тод жишээ юм. 

Тэмээг монголчууд хүнсэнд хэрэглэхээсээ илүү ачлагад илүү өргөн ашигладаг байсан. Гэдэс нь дотрыг нь тэр болгон хэрэглэдэггүй. Харин өөх тосыг нь шарах хайрах зүйлд болон махыг нь хүнсэнд хэрэглэх нь байдаг.

Бог малын гэдэс дотор арилгах

Бог малын гүзээ, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, олгой, хосыг аятайхан салгаж арилгахад бэлтгэнэ. Гүзээнд өөх их дагасан бол хонь таргалсны шинж. Үс нь сахлаг өтгөн байвал өвөл цас унахын ёр, бага бол өвөл нь өнтэй жил болохын совин гэж үздэг нь малчин хүний мал маллагааны олон жилийн туршлагаар цаг уурыг ажиглаж мэдсэний шинж юм. Эхлээд гүзээгээ авч гараад гэрээс зайдуу газар асгаж авчраад усаар сайн угааж буцлам халуун усанд хийж зумлана. Ингэж салст бүрхүүлийн өнгөн давхар салбанг хуулан авч чанахад бэлэн болгодог. Эсвэл сэвсийг нь асгаж сайтар угаачихаад үлээж , амыг нь сайн боож хатаадаг. Ингэж хатаасан гүзээндээ зун цагт өрөм, цагаан тос хийж хураадаг ба өвлийн улиралд хярамцаг хийж хөлдөөдөг.

Цус цутгах

Хонины өлөнгийн баасыг гараараа сайн шувтарч гаргаад дараа нь бүлээн усаар хөөж цэвэрлэдэг,мөн нарийн гэдэс рүү уушиг огтлон авч нарийн гэдэс рүү устай хамт хийж шувтран гаргаж болно. Ингэхдээ энэ үед олгойнд орж буй цутгаланг таслахаас болгоомжлох хэрэгтэй. Цусны бүлэнг базлаж жижиглээд (цусны бүлэнг тухайн малыг гаргаж буй хар хүн хийж гүйцэтгэнэ.) гурил, дав, сонгинотой усаар амтлан шингэлж улмаар ходоод нарийн гэдсэнд сулавтар байхаар цутгана. Олгойд цус цутгахдаа бүдүүн гэдэс рүү шахаж "Өсөх арвижихын бэлгэдэл болгон" гурав хувааж үзүүрүүдийг зангидна. Мөн ходоодонд амталсан цусаа хийж уртхан шороор амыг нь сайтар боож аманд нь элэг сэмж тавьж нарийн гэдсээр ороодог нь "Буянаа барахгүй, ходоодоо хоосруулахгүй" хэмээн бэлэгдсэн шинжтэй. Нарийн гэдсэнд цус цутгаад илүү гарсан хэсгийг нь өлөн гэдэг. Үүнийг чанасны дараа галд шарж идэхэд сайхан амттай байдаг.

Хэрхнэгийг ( цоохор сархинаг )

гадагш эргүүлэн сайтар цэвэрлэж угааж хусна. Хэрхнэг, өрц, хосоор хошного чихнэ. Ингэхдээ цоохор сархинагны амсраас 1.5 см орчим хэмжээтэйгээр нарийн тууз хэлбэртэйгээр цувж зүснэ. Өрцийг мөн ийм байдлаар зүснэ. Тэгээд цэвэрлэсэн хос гэдэс, нарийн тууз маягаар зүссэн цоохор сархинаг, өрц гурвыг давхарлан барьж хошногоны нарийн үзүүрээс өөхтэй гадна гадаргаар нь дотогш урвуулан чихдэг. Ийнхүү чихээд эргүүлэхэд хошногоны дотор талст салст бүрхүүл нь гадна талдаа гарсан байна. Үүнийг хошного чихэх гэдэг. Баруун аймагт голцуу үнхэлцэгийг тусгайд нь авч мах жижиглэн авч чихэж нарийн шороор битүүмжлэн чанахад бэлтгэдэг. Үүнийг үнхэлцэг чихэх гэнэ.

Уушгийг гараараа уран жижиглэж чанахад бэлтгэдэг. Харин элгийг бүтнээр нь сэмжинд ороож чанадаг. Сархинагийг бага махиагаар нь тууш огтолж салбанг нь хуулж эргүүлэн сайтар угааж цэвэрлэдэг. Бөөр, зүрхийг дундуур нь зүсэж чанахад бэлэн болгоно. Монголын малчид ингэж малын гэдэс дотор, махыг цэвэрлэж чанаж таван цулын шөл гарган, хүнсэндээ хэрэглэдэг байсан. Гэдэс чанасан айл элэг сэмж, цус, хошного, элэг бөөр, зүрх зэргийг хувааж хүмүүст тарааж өгөхөөс гадна ходоодны амсрыг өрхийн тэргүүлэгч буюу ахмад настай хүнд, голыг хонь төхөөрсөн хүнд, үнхэлцэгийг цээж барьсан /малын хөлийг татаж өгөөд, эвдэж янзлахад түшилцсэн/ хүүхдэд өгдөг заншилтай байна. Харин цөсийг ихэвчлэн хоол хүнсэндээ хэрэглэдэггүй бөгөөд цаваг наахад цардуул болгон ашигладаг байжээ. Энэ бүгдээс харахад малын гэдэс дотор ямар ч хаягдалгүй хүнс ажээ. Манай ахмадууд хонины тураг мах идэхээс өмнө толгой шийрийг сайн хуйхлаад эрүү, хэл, сүүлний годон, хошного зарим үед өвчүүг хамт чанаж амттай сайхан хоол бэлтгэr иддэг эртний сайхан уламжлалтай улс билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна