ХААН Банкны санхүүжилтээр баригдсан бага сургуулиуд Увс, Ховдод үүдээ нээлээ

Х.Есү
2025/11/18

Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн отрядад цоо шинэхэн бага сургууль үүдээ нээлээ. 

Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар ХААН Банкны санхүүжилт дэмжлэгтэйгээр Хил хамгаалах ерөнхий газар, бусад хувийн хэвшлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж буй бөгөөд эхний 2 сургуулиа ийнхүү хүлээлгэн өгөөд буй нь энэ юм. Нээлтийн арга хэмжээнд Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа,  НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон Хил хамгаалах ерөнхий газрын харьяа байгууллагынхан, орон нутгийн удирдлагууд, мөн багш сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.

“Багийн бага сургууль” төслийн хүрээнд ашиглалтад орсон эдгээр сургууль тус бүр 75 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд барилгын зураг төсөл, барилгын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын харьяа нэгж байгууллагуудын мэргэжлийн баг хамт олон хийж гүйцэтгэсэн юм. 

Увс аймгийн Давст сумын Боршоо боомт дахь цэцэрлэг, сургуулийн цогцолборын нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа “НҮБ-ын Хүүхдийн сангийн Үндэсний элчийн хувиар Монгол орны алс хязгаар нутагт амьдран суугаа сум, багийн гэр бүлүүд, бага насны хүүхдүүдэд боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой “Багийн бага сургууль” төслийн маань анхны сургууль хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж, өнөөдөр үүдээ нээж байгаад баяртай байна. “Багийн бага сургууль” санаачилга бол харилцагчид, бизнес эрхлэгчид, нийгэм улс оронтойгоо хамтдаа өсөж урагшлах эрхэм зорилготой  ХААН Банкны үнэт зүйлстэй нийцэж байгаа утга төгөлдөр, алсын хараатай төсөл юм. Өнгөрсөн оноос энэ санаачилга эхэлж, хэдхэн сарын өмнө хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан бол өнөөдөр бодит ажил хэрэг болж, ийм сайхан тохилог, эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, хүүхдэд ээлтэй бүх орчин нөхцөлийг бүрдүүлсэн шинэ сургуультай болсон нь оролцогч талууд бүх түвшинд ойлголцож, хамтран ажилласны үр дүн юм” хэмээн онцоллоо.