Төр улсыг манипуляциар мөнх удирдах боломжгүй, улстөрчид өө

Zuv.mn
1 цаг 47 минутын өмнө

Дэлхийн том улс гүрнүүд давамгай байдлаа хадгалахын тулд олон улсыг хамарсан механизмуудыг ажиллуулдаг. Тэгвэл улстөрчид нэр хүндээ өсгөхийн тулд бусдыг хуурахад бэлэн байдаг бөгөөд худал хуурмагаа үнэн болгохын тулд төр, олон нийтийн байгууллагыг ашигладаг. Энэ ажлаа олон нийтэд хүргэх, тархи угаахдаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хийж байна. Тэгвэл энэ чиг хандлага манайд ч байгаа бөгөөд олон улсын жишгээс аль хэдийнэ давуулан хөгжүүлжээ. Бид энэ удаа нийгмийн сэтгэлзүйг удирдахын тулд төрийн байгууллагуудыг ашигладаг, түүнд нь олон нийтийн сүлжээнд донтсон иргэд өртөж, улс орны хөгжлийг боож байгаа талаар эмзэг сэдвийг хөндөж байна.

Суртал ухуулга бол нүүрсийг сайн чанарын нүүрс гэж ойлгуулахыг хэлнэ. Харин манипуляци бол баасыг нүүрс гэж ойлгуулахыг хэлдэг. Өнөөдөр Монголын төр манипуляциар ажил явуулж байна.   

Монгол онцлог

Глобал шинжтэй үйл явцуудын заримыг монголчууд бусдаас арай өөр, хэт гүнзгий тусгаж аваад байгааг уншигч та анзаарсан уу. Үүнийгээ монголчууд хэтэрхий сэргэлэн, ухаантай учраас тусгаж авахдаа сайн гэж дөгөөж байхыг ч сонсож л байсан биз. Манай нийтлэлийн сэдэв болох нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн сүлжээний хэрэглээ тал дээр энэ байдал илүү тод мэдрэгдэнэ.     

Угтаа бол, дэлхийн улс үндэстэн бүр шашин, соёл, генийн шинж чанарын хувьд хоорондоо ялгаатай учир аливаа өөрчлөлтөд өөр, өөр хариу үйлдэл үзүүлэх нь мэдээж. Үүнийг  анх Францын сэтгэл судлаач, социологич, антропологич Гюстав Лебон “Ард түмэн ба олон нийтийн сэтгэл зүй” хэмээх бүтээлдээ тодорхойлчихсон. Манай нийтлэлийн сэдэвт хамааралтай “Зохион байгуулалттай олны зан үйлийн тухай хууль”-ийг анх боловсруулсан хүн бол Лебон юм. Тэрээр олон нийт ба олон нийтийг бүрдүүлж буй хувь хүний байдлыг “Олон хүн нэргүй болохоор хариуцлага хүлээдэггүй. Тиймээс хүмүүсийг үргэлж хязгаарладаг үүрэг хариуцлагын мэдрэмж олон түмэнд бүрмөсөн алга болдог”,  “Олны дунд мэдрэмж, үйлдэл бүр нь халдвартай байдаг. Тухайн хувь хүн хувийн ашиг сонирхлоо хамтын ашиг сонирхлын үүднээс маш амархан золиосолдог", "Олон түмэн санал болгонд мэдрэмтгий болдог, энэ үед хувь хүний хүсэл зориг байхгүй бол автомат төхөөрөмж шиг болдог" гэхчлэн тодорхойлсон юм.

Хөгжил дэвшил, өөрчлөлт үндэстэн бүрт өөрөөр тусах нь жам ёсны үзэгдэл байтал хэт сөрөгөөр тусгаж авчихаад бусдыг буруутгах, тэрхүү алдаандаа “Монгол” гэсэн шошго наах гэж оролддог нь харин монголчуудын хаана ч байхгүй онцлог байж болох талтай.  

Уул уурхай голлосон эдийн засагтай улсад тохиолддог “Баялгийн хараал”, “Голланд өвчин”-ийг тэс өөр хэлбэрээр тусчихаад олон улсад “Монгол маягийн баялгийн хараал”, “Монгол өвчин” гэж нэрлэгдэхдээ тулсан.

Энэ жишгээр, түүхийн явцад бүрэлдэж төлөвшсөн, олон улс оронд туршигдсан нийгмийн сэтгэл зүйг удирдах улс төрийн бохир, нууц технологиуд Монголд орж ирэхээрээ ил цагаан, илүү эрээ цээргүй болдог жишээтэй. 1995 оноос эхэлсэн олон нийтийн сүлжээний хэрэглээнд 10 жилийн хойно орсон байтлаа “Монгол хэв маяг”-аар ахархан хугацаанд бусдыгаа гүйцэж өдгөө нийгмийн сүлжээний сэтгэцэд үзүүлэх нөлөөллөөр судлагдах хэмжээнд оччихсон байна.

Монголчууд нийтээрээ ийнхүү олон нийтийн сүлжээнээс хамааралтай болсон нь улстөрчдөд нийгмийн сэтгэлзүйг удирдах хаана ч байхгүй зөвхөн Монголд л тохирох ил цагаан эрээ цээргүй аргаа хэрэгжүүлэх боломжийг олгож байна.

Нийгмийн сэтгэл зүйн Монгол тусгал буюу “Нохой заль”

 “Нийгмийн сэтгэлзүйг зөв удирдсанаар хүнийг идэх хоолгүй, өмсөх хувцасгүй байсан ч аз жаргалтай амьдруулж болно. Улстөрчийг ажил хийхгүй байсан ч нэр хүндтэй байлгаад байж дөнгөнө”

Нийгмийн сэтгэгдэл зүй түүнийг улс төрийн зорилгод ашиглахыг социологич Питер Холл 1972 онд анх тодорхойлжээ. Тодруулбал, тэрээр нийгмийн сэтгэл зүйгээс улс төрийн сэтгэлзүйг салаалуулан гаргасан байна. Түүний үндэслэсэн ухааны гол агуулга нь улстөрчийг олон нийтэд сайн, сайхан, нэр хүндтэй харагдуулах явдал юм. Хэрэгжүүлэхдээ соёл, ёс зүйг баримталж шинжлэх ухаанч байдлаар ханддаг. Ихэнхдээ сонгуулийн кампанит ажлын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж явуулдаг байх жишээтэй. Харин Монголд сонгуулиас сонгуулийн хооронд буюу ялсан намын нэр хүндийг дараагийн сонгууль хүртэл унагахгүй байх хүнд даалгаврын дор бүтэн дөрвөн жилийн турш тасралтгүй үргэлжилдэг. Энэ маягаар сонгуулиас сонгуулийн хооронд тасралтгүй үргэлжлэх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна өөр бусад субъектүүд, тэр бүү хэл төрийн яам, УИХ-ыг ч ашиглахад хүргэж, увайгүй, эрээ цээргүй, худал хуурмаг арга хэрэглэхээс өөр аргагүй болгодог. Питер Холлын томъёолол Монгол хөрсөн дээр буух нь энэ.  

Монголд хэрэгжиж байгаа нийгмийн сэтгэлзүйг удирдах энэ практик нь анчин тарвагыг даллаж, хошгируулж байгаад буудахтай тун төстэй. Анчны хувьд баг хийхдээ чонын арьс төдийхнийг ашигладаг бол  бол улстөрчид нийгэмд нэр хүндтэй хүмүүс, янз бүрийн зорилготой ТББ-ууд, тэр бүү хэл төрийн яам, агентлагуудыг ашигладаг. Анчин золиосоо шууд алдаг бол улстөрчид иргэдээс заяагдмал болон хууль заагдсан бусад эрхүүдийг нэг, нэгээр нь булааж авдаг.

Биологийн хичээл дээр “Хүн бол биологи, нийгмийн амьтан” гэж сургадагийг бүгд сайн мэдэж байгаа байх. Дасан зохицох асар өндөр чадвартай амьтан болохыг үүгээр илэрхийлжээ. Чонотой өсвөл чоно л болно. Хүмүүстэй өсч байж л хүн болно. Тэгэхээр, хүний хувьсах, хүлцэн тэвчих чадвар зэрлэг адгуусаас соёлт хүн хүртэлх өргөн хүрээг хамарч чадаж байгаа юм чинь, хүн төрөл дотроо баян, ядуу, эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй зэрэгт бол өлхөөн дасан зохицно л доо. Африкийн үгээгүй ядуучууд, Ойрхи Дорнодын төрөлхийн буюу 7-10 настай цэргүүд алалцаж хядалцсан ч орчноо голохгүй амьдраад байдгийн учир энэ. Тиймээс өөр боломж бололцоо байдаг гэдгийг нуух, байгаа байдалд нь дасгаж илүү муу нөхцөл рүү хөтлөх, хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэхгүй, харин ч нэг, нэгээр нь булааж авах нь дарангуйлагчдын гол зорилго юм. Ингэж чадаж ч байна. Ялангуяа Монголд.

Хүн эд зүйлсээ булаалгасан бол буруутай этгээдэд хариуг нь тэр дор нь өгнө. Гэтэл нийгмийн сүлжээнд донтсон, нийгмийн сэтгэгдэл зүйн бохир технологид автсан иргэд эдлэх ёстой эрхээ алдчихсан хэрнээ түүнийгээ мэдэхгүй, харин ч аз жаргалтай, сэтгэл хангалуун үлддэг.

“Муу хүмүүс” татварыг хэт өндөр хувиар нэмснийг хэн нэгэн “сайхан сэтгэлт” эрх мэдэлтэн “Татварыг огцом нэмэхээ боль” гэж зандраад болиулах нь дээрхтэй ижил зорилго үр дүн дагуулдаг.

Жишээ хэлье. Иргэд цалин нэмэхийг шаардаж байжээ. Гэтэл эрх баригчид “Цалин хасна” гэсэн мэдэгдэл хийнэ. Иргэд бухимдана, тэгэнгүүт “За, за та бүхний аргагүй байдлыг бодоод болье, бид өөрсдөө хэрэглээгээ таная” гэчихэд л хүмүүс хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэхийг шаардах зүй ёсны эрх”-ээ хулгайлуулсан хэрнээ “Хасуулаагүй нь яамай” гээд сэтгэл хангалуун болчихдог. Иргэдээ олон нийтийн сүлжээнд донтуулсан Монголд бол хэрэгжүүлэх арга нь маш энгийн.  Энэ шийдвэрээ өгөөш болгоод олон нийтийн сүлжээнд оруулж, хөлсний хүмүүсээрээ тараалгаад л боллоо.  

Үнэндээ бол иргэдэд хуваарилах ёстой хэсгийг хэмжээнд нь барьж, гарсан өсөлтийг бүтээн байгуулалт нэрээр төсвөөс гадагшлуулдаг. Төсвөөс мөнгө гардаг бүх цоргон дээр улс төрчид болон тэдний хамааралтай этгээдүүд суучихсан шимэгчлээд байж байдаг. Ард түмэн үүнийг мэдэхгүй, нийгмийн сүлжээнд сууж, өдөр тутам бэлдэж өгдөг өгөөш /шуугиантай мэдээлэл, мэдэгдэл/-ийг хэмэлцгээнэ.    

Дүр эсгэсэн ардчилалтай улс оронд бол ард иргэдийг байгаа байдалд нь дасгах арга хэрэгсэл болгож ашигладаг. Нийгмийн сэтгэгдэл зүйг улстөрчид хэрхэн ашигладагийг ухаарч ойлговол нийгэмд болж буй улс төрийн процесс, үйл явцын нэлээд хэсэг нь хуурамч буюу тавилттай гэдгийг олж мэдэх болно.

“Цалин нэм” гэсэн нэгнийгээ “Дэмий юм ярих юм, төсөвт мөнгө байхгүй гээд байхад”, “Ажлын байр нэмэгдүүл” гэсэн нэгнийг “Ажлын байр зөндөө л байна” гэж адалдаг болсны учир ч тодорхой болоод ирэх вий. 

Улстөрчдийн “Нохойд барьдаг мод” буюу хувь хувьсгалын байгууллагууд

“Надад тулах цэг өгчих, тэгвэл би дэлхийг хөдөлгөё” гэж эрдэмтэн Архимед хэлсэн гэдэг. Тэр тулах цэг нь хөшүүрэг бөгөөд Нарнаас ямар ч билээ, од хүртэл урт хөшүүрэгтэй байсан бол хэлсэндээ хүрэх байжээ” гэж эрдэмтэд хожим тодорхойлсон нь бий. Тэгвэл улстөрчид “...-ийг авчих юм сан, тэгвэл би” гэж боддог байгууллагууд бий. Шүүх, цагдаа, бүртгэл, статистик гээд. Үүнээс гадна иргэн, ТББ-ууд ч багтана. Сүүлдээ яам, НИТХ, Засгийн газар ч ийм ажиллагаанд оролцож байнаа гэх хардах үндэслэл гарч ирж байна. Дээрх субъектуудыг ашиглаж иргэдийг ямар, ямар эрхээс нь салгаж байсныг жишээтэйгээр дор сийрүүлье.

Иргэн, ТББ-Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөө эргүүлж авах, баялгаа эзэмших эрхийг хязгаарлав. Хувь хүн үзэл бодлоо илэрхийлж бичсэн хүсэлт, захидлаар далимдуулж “Хамтын тэтгэврийн хууль” хэмээх нийгэмд маш их хүлээлттэй байсан хуулийг цуцалсан тохиолдол 2016 онд гарч байлаа. Тухайн үед Сангийн сайд нь “Монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн. Нас барсан хүнийхээ тэтгэврийг авмааргүй байна гэсэн санал их ирүүлж байгаа учир хуулийг хойшлулах санал гаргасан юм” хэмээн хэлж байв. Тийм бодолтой иргэд байхыг үгүйсгэхгүй ч  хуульдаа өргөдөл бичсэн хүмүүст өгөх зохицуулалт хийчихэд л болох байсан.  Үнэндээ бол хэдий сүсэг бишрэлтэй хүн байлаа ч нас барсан хөгшнийхөө тэтгэврийг авахгүй байхаас илүү авчихаад буны үйл хийх сонирхол давамгайлах байсан болов уу.

Иргэдийн өөрсдийнх нь саналаар нэр төрөө хаацайлах явдал бас бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаад хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл хүсэлт гаргасны дагуу шийдвэрээ цуцалсан нь үүний нэг жишээ юм.       

Улстөрчид зүгээр хийчих ажлыг заавал асуудал болгож, ТББ-уудаар олон нийтийн анхаарлыг татуулж байж хийдэг жишиг тогтсон. Үүнээс үүдээд халаасны ТББ-ууд олноор бий болжээ.  

Агентлаг /ҮСХ/- Цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардах эрхээ хязгаарлуулав. МҮЭХ 2013 онд Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой гурвалсан хэлэлцээртээ орох бэлтгэл болгож, улс даяар өргөн цар хүрээтэй судалгаа явуулсан байдаг. Ингээд олон сар үргэлжилсэн судалгаагаа дуусгаж, нэг тоотой болж аваад яг хэлэлцээртээ орох гэтэл Үндэсний статистикийн хорооноос “Дундаж цалин 900 мянган төгрөг болсон” гэж зарласан. Энэ нь судалгааны дүнгээс хол зөрсөн тул ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нь “Дундаж цалин хэдийдээ 900 мянган төгрөг болчихов” хэмээн ярилцлага өгч байв. Үр дүнд нь Засгийн газар хэлэлцээрт давуу байдал бүрдүүлсэн. Иргэд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардах эрхээ хязгаарлуулсан юм. Ирэх жил сонгуулийн жил. Дундаж цалин саяын босгыг нэлээд хол давж, ирэх хавар мал 70 сая хүрэх нь баараггүй. Энэ бүхнийг Статистикийн хороо л хийж чадна. Худлаа зарладаг гээгүй юм шүү. Аль ашигтай аргаар тооцоолж, хэрэгтэй хэсгээ мэдээлдгийг нь л хэлж байгаа юм.    

НИТХ, УИХ?

УИХ Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хувь хэмжээг нь нэмэгдүүлсэн, залгуулаад НИТХ зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэр оны төгсгөлд нийгмийг бухимдуулсан. Иргэд ТББ-ууд олноороо гарч ирэн эсэргүүцлээ илэрхийлж жагссаныг уншигчид санаж байгаа байх. Эцэст нь Ерөнхийлөгч УИХ-ын гаргасан хуульд хэсэгчлэн хориг тавьж, Ерөнхий сайд НИТХ-д чиглэл өгснөөр төлбөр нэмэх шийдвэр цуцлагдах шатандаа орлоо. Үр дүнд нь иргэд “Тэтгэвэр нэмэх”, “Зам шинээр барих, арчлахыг шаардах” бас нэг эрхээ хязгаарлуулж байх шиг байна.

Өнгөрсөн 20 жилд Төсвийн хэмжээ 100 дахин нэмэгдчихээд байхад цалин 10 дахин нэмэгдэж ч чадаагүй. Гэсэн ч бид тайван хүлцээд суугаа нь сэтгэлзүйгээрээ тоглуулсных. Нийгэмд шуугиан тарьсан, тарьж байгаа олон мэдээллийн зарим нь өнгөрсөн цаг дээр байсан нь аливаа хэргийг хадгалж байгаад хэрэгтэй цагт нь зарладаг болохыг илтгэдэг. Бидний маргааш юу мэдэх, юуны тухай ярихыг хэн нэгэн урьдчилж бэлтгэсэн болохыг энэ явдал харуулдаг. Жилийн 365 хоногийг ийм байдлаар, нэг нь нөгөөгөө мартуулж чадах шуугиант мэдээллээр дүүргэвэл юу болох вэ.

Болсон, болж байгаа энэ процессыг нийгмийн сэтгэлзүйн үүднээс харвал хардлага, айдас зэрэг төрнө. Бид улстөрчдийн бод гэснийг бодож, мэд гэснийг мэдэж, одоо байгаа байдалдаа хангалуун байхыг албадуулж мал шиг амьдраад байгаа юм биш үү гэх хардлага. Энэ ажилдаа ашигладаг институц нь лаларын баг, захиалгаар сэтгэгдэл бичигчдийн төвшнөөс огцом үсрээд НИТХ, УИХ-ын төвшинд хүрсэн юм гэж үү гэж айх айдас төрнө. Харин ард түмэн нь олон нийтийн сүлжээнд, тэдэнд зориулж бий болгосон ваакуум орчинд байсаар.

Монголчууд нийтээрээ тэнэгрэх аюул айсуй

Эрх баригчид ийнхүү хар пи ар, бохир технологи маш үр дүнтэй ашиглаж чадаж байгаа нь олон нийтийн сүлжээ хэмээх хүчирхэг зэвсэгтэй холбоотой юм. Монголчууд сүлжээнд олноороо нэгдсэнээр тэдний аргыг нь хялбарчилсан хэрэг. Гэтэл олон нийтийн сүлжээ гэдэг энэ зүйл одоогоор бүрэн таньж мэдэгдээгүй зүйл. Ирээдүйд ямар ч нөлөөлөл илэрч мэднэ. Гюстав Лебон “Олон түмний дунд "одоо ч олж амжаагүй шинэ чанарууд бий" гэж бичсэнчлэн, сүлжээг хэрэглэгч хүн, олон нийтээс ч ямар аюултай үйлдэл гарахыг хэлэх аргагүй юм.

 Олон нийтийн сүлжээ нь хүнийг хар тамхи, архи согтууруулах ундааны нэгэн адилаар донтуулдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Удахгүй компьютер тоглоомд донтолтын нэгэн адил ДЭМБ-ын өвчний жагсаалтад орох нь тодорхой. Гэтэл Сүх далайтал “Үхэр амар” гэдэг шиг олон нийтийн сүлжээнд улам автсаар байгаа нь ирээдүйд асар их хор уршигтай. Жишээ нь, Эдийнбургийн их сургуулийн эрдэмтэд олон нийтийн сүлжээнээс хамаралтай болох нь хүнийг тэнэг болгодог гэдгийг баталсан.

Нийгмийн сүлжээний хэрэглээний судалгаанаас харахад манай улсын нэг иргэн таван удаа сэтгэгдэл  бичиж, 16 пост дээр like дарж, гурван пост share хийж, 12 сурталчилгааны мэдээлэл үзэж сонирхдог гэжээ. Нийт 2 910 000 буву бараг нийтээрээ интернэт ашиглагдаг аж.

Олон улсын хэмжээнд фэйсбүүкийг өөрт ашиглах хугацаа нь 53 минут байхад Монгол Улсад ашиглах хугацаа нь 77 минут байна.  Энэ нь манай улсын цасебүүк хэрэглээ олон улсын дунджаас хамаагүй их гэдгийг мэдэж болох юм. Өөрөөр хэлбэл, монголчууд нийтээрээ тэнэгрэх аюулд байна. Энэ бол ирээдүй цаг дээр ч гэсэн яаралтай арга хэмжээ авах сэдэл төрүүлэхүйц анхааруулга мөн.

Өөр сөрөг тал бий. Нэгд, нийгмийн сүлжээ нь манай үндэстний амьдрах чадварыг бага, багаар сулруулж, бодит амьдралаас холдуулж байна. Нэгэн телевизийн хөтлөгч залуу шууд эфирт “"Манай залуучууд аягүй эх оронч сэтгэлтэй болсон байна лээ. Тэрийг жаахан өрдөөд л  өгөх юм бол асаад ирнэ гэдгийг мэдэрсэн. Эртүүд Богд ууланд нэг түймэр гарсан шүү дээ. Тэгэхэд би фэйсбүүктээ "Монголчууд аа, эх орон чинь шатаж байна шүү дээ. яагаад ингээд зүгээр суугаад байгаа юм бэ. Очиж унтраацахгүй юм уу" энэ тэрээ гээд биччихгүй юу. Тэгээд унтчихаад өглөө босоод ирсэн чинь өчнөөн хүн коммент бичээд хэдэн мянган лайк шейр авцан байсан" гэж ярьсан. Түүний постыг харж сэтгэлээ чилээсэн хүмүүс түүндээ стгэл ханаж, бусдад найдсан нь тодорхой. Бодит амьдрал дээр хэн ч ууланд очиж гал унтраалцаагүй. 

Хоёрт, бодит мэдээллээс холдуулж, хязгаарлагдмал орчинд оруулдаг. Ингэснээрээ хар пи арчид, нийгмийн сэтгэлзүйг удирдан чиглүүлэгчдийн бэлдсэн өгөөшийг л үмхэж, гарч явж бодит мэдээлэл олж авах хүслийг унтраана. Аажмаар сүлжээнд тавигдсан мэдээллийг л үнэн бодит гэж итгэнэ.

 Дэлхий нийтийг хамарсан үйл явдал, өвчин тахал, осол, гамшиг болж байгаа газраасаа илүү Монголд далайцтай явагдаад байна уу гэсэн мэдрэмж төрөх болсоор удлаа. Манайхан мэдээллийн хурд өндөр, мэдрэмжтэйдээ ингээд байна уу гэхээр тийм биш. Хэдхэн хоноод мартаж орхидог нь дараагийн өгөөш гарч ирсэнтэй холбоотой. Улстөрчдөд хууль ёсны эрхээ хулгайлуулж, олон нийтийн сүлжээнд ажил хийх, амьдрах цагаа хулгайлуулах бидний монголчууд. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна