Уухай уухай, Хурай хурай…

2018/03/17
Ураа хашгирч үзээгүй хүн монголд ганц ч үгүй гэж санана. Ядахдаа л спортын тэмцээн дээр орилж үзсэн биз. Би л багадаа “ура” гэдгийг оросын буюу “манай” улаан цэргийн гэж ойлгодог байлаа. Бас японууд “банзай” гэж дайралтад ордог байсныг осолгүй сонсож байсан. Миний мэдлэг маань ердөө л энэ байв. Гэхдээ хар аяндаа ойлгомжтой юм их нарийн байх тохиолдол амьдралд элбэг. “Ура” гэдэг энэхүү дайчин, шидэт, хүчтэй үг хаанаас үүссэн юм бол ? гэж хэдэн жил бодож явав. Нэлээд олон хүнтэй уулзсан боловч мэдэх хүн байдаггүй. Харин сэтгүүлч А.Баатархуяг хэдэн сонин зүйл хэлчихээд “алга” болчихов. Тэгээд нетээр бяцхан хайлт хийж үзсэнээ Та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо. Гэхдээ энэ бол бие дааж бичсэн өгүүлэл огт биш шүү. Зүгээр л энд тэндээс чадан ядан цуглуулсан хэсэг бусаг баримтуудаасаа сонирхуулж байгаа юм. Би л лав “ура” монголоос үүссэн гэдэгт огт эргэлзэхгүй байна. Манай хэл болон түүхийнхэн, холбогдох бусад мэргэжилтнүүд мэдэх мэдэх зүйлээ тал талаасаа нэмэрлэвэл “ура”-ны үүслийг хялбархан тайлбарлаж чадна гэж бодно. 

Дайны шидэт шившлэг

Дэлхий дахины түүх бол дайн гэдэг нь хэтэрхий ойлгомжтой. Эрт дээр үеэс авахуулаад дайн байлдаанд цэргүүдээ зоригжуулах шаардлага зүй ёсоор үүссэн байх. Зүгээр л дув дуугай байлдах нэг хэрэг, ямар нэг ид шидэт, өөрсдийнхөө омог зоригийг бадраах, дайсныхаа сүр сүлдийг үхүүлэх дайчин дуудлагатай орох нь огт өөр хэрэг. Энэ л шаардлага улс улсын дайчин дуудлагыг бий болгосон буй за.

Европын нэвтэрхий зарим тольд өгүүлснээр эртний римчүүд, мөн эртний кельт, германчууд тулалдаанд орохдоо байлдааны дайчин дуунууд дуулж давшдаг байжээ. Мөн Римийн легионерүүд “Үхэл мандтугай” гэсэн дуудлагатай байсан гэж тэмдэглэсэн байна.

Харин дундад зууны англи, франц цэргүүд: “Dieu et mon droit” буюу “Бурхан хийгээд миний эрх” гэж тулалддаг байжээ.

Нэлээн сүүл хэрд германууд “Forvarts” буюу “Урагшаа” гэж, Наполеоны цэргүүд “Эзэн Хааны төлөө” гэж дууддаг байж.

Харин XIX зууны үед германы армийн дүрэмд оросынхтой адилавтар «Hurra» (???) гэсэн дуудлагыг авсан байна. XYIII зуунд Пруссууд Оросуудад ялагдсаныхаа дараа тэдний дайчин дуудлагыг авсан гэж зарим түүхч үздэг байна. Германы энэ дүрэм армид нэгэнт тогтсон дуудлагыг л баталгаажуулсан бололтой.

Оросын “ура” франц дуудлагаар “о ра” буюу “хулгана руу” гэсэнтэй төстэй байсан учраас францчууд оросуудын өөдөөс “о ша” буюу “муур руу” гэж давшдаг байсан тохиолдол ч байсан аж.

Напалеоныг ялсны дараа оросын “ура” англи, францын армид дэлгэрсэн байна. Харин туркүүд ойролцоогоор энэ үед «Урах» гэж хашгирдаг байжээ.

Гэхдээ түүхийн янз бүрийн үеүдэд армиудын дайчин дуудлага янз бүрээр өөрчлөгдөж иржээ. Жишээлбэл, нацист вермахт болон БНАГУ-ын Ардын үндэсний арми дүрмээрээ «Хох» гэсэн дуудлагатай байсан бөгөөд энэ нь “Ха” мэт дуудагддаг байжээ. Харин одоогийн германы арми англи, америк маягаар “ура” гэсэн дуудлагатай аж. Армийн дүрэмд байхгүй авч АНУ-ын арми “Hooan!” буюу “ХУАА”, харин усан флотод “Hoorah” буюу “ХУРАА!” гэсэн дуудлага хэрэглэдэг аж. Монгол л үг байгаа биз дээ…

Япончуудын “банзай” гэдэг нь “Эзэн хааны түмэн нас” гэсэн утгын товчлол “Түм насал” гэсэн үгийн товч агуулга аж. Арабууд тулалдаанд “Аллах Аббар” буюу “Агуу Их Бурхан” гэдэг байхад израилууд “Хедад” буюу “цуурай” гэсэн маш эртний дуудлага дууддаг байна.

Орос “тайлбар”

Эдүгээ Ура нь бараг язгуурын орос үг мэт дэлхийд тархжээ. Үнэхээр ч тэд “ура”-ны ачаар мөн ч олон гавъяа байгуулсныг түүх мэднэ. Иймээс тэд “ура”-г өөрийн мэт үзэх нь бас ч аргагүй юм. Гэхдээ тэд “ура”-г голдуу дараах байдлаар тайлбарладаг байна.

Хувилбар 1. Энэ бол түрэгийн “юр” буюу “цовоо”, “хөдөлгөөнт” гэсэн язгуураас үүссэн. Энэ язгуур славян хэлнээ монголчуудаас хавьгүй өмнө нэвтэрсэн. Болгар хэлэнд “юра” гэдэг нь “дайрах”, “довтлох” гэсэн утгатай нь үүнийг нотолгоо болно.

Хувилбар 2. Түрэгийн “ур” гэсэн язгуураас “урман” гэсэн үйл үг үүссэн бөгөөд энэ нь “зодох нүдэх” гэсэн утгатай. Жишээлбэл азербайжан хэлэнд “вур” гэдэг нь зод” гэсэн утгатай. Эрт дээр үед орос түрэг нар хамтарсан аян дайн хийх үед тулалдааны нэг дайчин дуудлагатай болсон.

Хувилбар 3. Болгар хэлэнд «Ургэ» гэсэн үг нь “дээшээ” гэсэн утгатай. Түргүүдийн эх орон нь уулын Алтай учраас энэ дуудлага их тархсан.

Хувилбар 4. Энэ дуудлагыг оросууд монголчуудаас авсан. Монголчууд дайралтад орохдоо “Урагшаа” гэж хашгирдаг байсан. Гэхдээ оросын “ура” бол татаар аймгийн дайчин дуудлага бөгөөд бас л “урагшаа” гэсэн утга.

Хувилбар 5. Энэ бол эртний славяны байлдааны дуудлага. Орос хэлэнд “у рай”, “ураз” буюу “цохилт” гэсэн үг байдаг бөгөөд энэ нь новгород, архангельск нутгийн хэлц үг аж. Мөн эртний литовчууд “вирай” гэдэг байсан бөгөөд литов нь славянуудад угсаатны хувьд ойрхон ард түмэн.

Бүх оросууд ингэж тайлбарладаггүй гэдгийг энд дурдах нь зүйд нийцнэ.

Баримт сөхөхөд…

Миний бага сага мэдсэнээр “ура”-г Оросууд монголоос авсан нь нэн тодорхой байгаа. I Петр хаан Оросыг баруунжуулах, нэн ялангуяа францжуулах талыг хэтэрхий баримталж байсан нь түүхэнд тодорхой.

Иймээс тэр оросын армид нэгэнт нэвтрээд байсан “ура—г нэг хэсэг хориглож, франц маягаар “виват” буюу “яруу алдар”, “мандтугай” гэсэн үгээр нэг хэсэг сольсон байна. Харин усан флотдоо “ура”- г үлдээжээ. Тэр ч байтугай 1706 онд гаргасан “Цэрэг, нэн ялангуяа офицерууд тулалдаанд биеэ хэрхэн авч явах тухай заавар”-таа цэрэг хүн тулалдаанд ямар ч дуу чимээгүй орох ёстой бөгөөд үүнийг зөрчвөл цаазаар авах тухай заасан байна.

Гэхдээ аль эртнээс армид тогтсон ёс жаягийг тийм ч амархан сольчихож чадаагүй бололтой. Ухаандаа Оросын фельдмаршал Румянцовын дурдатгалд: “Бидний Ариун Эх, Энэрэнгүй сэтгэлт Хатан Хаан Елизавета Петровнагийн виват (яруу алдар), Ура, Ура, Ура” гэж” олон удаа сургуулилсан гэж дурдсан байна. Ер нь бол XYIII зуун сүүл гэхэд Оросын армид “виват”-ыг “ура” бүрэн шахан гаргажээ.

Өөр нэг сонирхолтой баримт нь 1709 онд болсон Полтавын тулалдааны эгзэгтэй үед үндсэн эргэлт гаргасан халимагийн морин ангийн сүрт “Хурай”-г I Петр сонсоод тэдний хатан зоригийг бишрэн францын “виват”-аа больж “Хурай”-г авах зарлиг буулгасан гэдэг. Бодвоос энэ нь цаг хугацааны явцад “ура” болж бага зэрэг хувирсан буй за. Харин энэ бол үнэмшилтэй баримт гэж бодож байна. Энд бас л нэлээд эртнээс хэвшин тогтсон ёс заншлыг баталгаажуулсан буй за.

Уухай, Хурай…

Тэгвэл бүхий л түүхэндээ дайчин омгоороо алдаршсан монголчууд ямар шившлэг уншиж тулалдаанд ордог байсан бол ?! Би бодохдоо омголон морь унасан, тэр үеийнхээ хамгийн шилдэг армийн цог жавхаатай цэргүүд үхлийн тулалдаанд дув дуугай ордог байсан гэж огт бодохгүй байна…

Энд монголын хэдхэн үг л байгаа. Эсвэл УУХАЙ, эсвэл ХУРАЙ…Эдгээр нь магадгүй нэг үг байгаад хожим дуудлага нь ондоошсон байх. Шашны нэлээд ерөөл, номонд дахин давтагдаж байгаагаас нь үзвэл ХУРАЙ нь арай шашинжсан үг ч байж магадгүй. Эсвэл зөвхөн Дорнын нүүдэлчдийн хэрэглэж байсан өнө эртний дайчин дуудлага ч байж болох.

1240 онд шведүүд Оросын цаад талаас довтолж тэдний хаан Биргер (түүхэн сурвалжуудад янз бүрээр бичдэг) “Хэрэв чаддаг юм бол эсэргүүц, гэхдээ би энд чиний газрыг эзэлнэ” гэсэн тулган шаардах бичиг Орост илгээсэн байдаг. Энэ үед Монголын Алтан Ордны холбоотон Александр Невский тэднийг нам цохисон билээ. Энэ тулалдаанд монголын цэргийн хүчирхэг бүлэглэл оролцсон олон баримт байдаг. Дараа нь левоны немцүүд Оросыг бас л үймүүлэв. Энэ нь Европын Холбоо маягийн улс улсаас бүрдсэн томоохон арми байсан юм.

Даниил Галицкийн нутаг болон Польш, Унгарын зүгээс байнга заналхийлж, нөхцөл байдал үлэмж ноцтой болсон тул монголчууд холбоотныхоо үүргийг биелүүлж томоохон армиа илгээжээ. Ингээд 1241 онд силезийн Легниц хотын дэргэд польш-немцийн армийг монголын Байдар жанжны цэргүүд бут цохисон түүхтэй. Харин тэднээс олз болгож дайсныхаа чихийг 9 шуудай дүүргэн хаандаа авчирсан нь бодит баримт.

Үүний дараа жил Чуд нуурын дэргэд Александр Невский Ливоны орденг бас л монголчуудтай хамтарч нам цохисон бөгөөд энэ тулалдааныг “Мөсөн дээрхи хядлага” гэж оросын түүхэнд бичдэг.

Миний бодол

Миний баттай итгэж байгаагаар чухам энэ үед л Уухай, Хурай хоёрыг Оросууд Монголчуудаас сурч авсан нь гарцаагүй.

Учир нь үүнээс өмнө Орост дайчин дуудлага байсан боловч огт өөр байжээ. Христийн ёсыг авсны дараа аврагч гэсэн утга бүхий Спас гэсэн дуудлага байжээ. Тэр үед Орос олон ханлигууд хуваагдсан байсны улмаас хот, бурхан, эзэн ноёдоо бэлэгдсэн “Град”,”Ариун София” гэх мэтийн олон янзийн дуудлагатай байсан байна. Лав л 1216 онд Липицийн дэргэдэх тулалдаанд оросууд “Коста”, ” Мстислав”, “Гьюрш” (Юрий), “Ярослав” мэтийн янз бүрийн дуудлагатай байснаас үзэхэд тэдэнд Ура байгаагүй нь тодорхой байгаа юм.

Энэ эрэгцүүлэлд би ХУРАЙ болон УУХАЙ цэвэр монгол үг гэж батлах гээгүй, харин Орос ура бол Монголоос үүсэлтэй гэдгийг л хэлж байна. Миний итгэж байгаагаар эртний Хүн гүрний үед ч ХУРАЙ байсан гэж санана…

Лав л 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал болон дайны үеэр монгол цэргүүд “ХУРАЙ” дуудлагатайгаа байсан ба энэ нь 1920-иод оны дунд болтол байсан нь тодорхой.

Бидний сайн мэдэх “Улаан туг”-тай төстэй олон дууны хувилбаруудын нэлээдэд нь: “Урвасан хулгай дайснуудыг, Уухай хийгээд дарлаа даа” гэж байдаг. Чингэвэл ХУРАЙ-г жагсаал ёслолын үед, УУХАЙ-г жинхэнэ дайн байлдаан, давшилтад орохдоо хэрэглэдэг байж таарна.

Харин албан хэллэгээр “эсэргүү бослого” буюу 1932 оны ардын зэвсэгт тэмцлийн үеэр босогчид “Хоржийлоо” гэсэн дуудлагатай байсан нь мэдээж түвд үг байж таарна.

Харин сур, шагайны уухай бол хэт хожим үүссэн дайчин дуудлагын энх тайванжсан хэлбэр нь мэдээж. Гэхдээ сурын уухайн түүхийг үзвэл өөр утгатай байж магадгүй.

Манай Монголын цэвэр хурайг бусад улсууд “булаагаад авчихсан” мэтээр Орос болон “ура” бүхий бусад улсуудтай эдүгээ мөчөөрхөх нь утгагүй асуудал болох нь мэдээж.

Гэхдээ л бид ямар ч тохиолдолд УУХАЙ, ХУРАЙ хэмээх тэнгэрийн шившлэгт үгсээ ядахдаа цэрэг армидаа хэрэглэх нь зүйтэй гэж бодно. Тус болохоос ус болохгүй л байх…

Монголчууд нэгэн зэрэг ХУРАЙ !!! -гаа дуудвал жинхнээсээ Үндэсний Эв Нэгдэл болно. Тэгээд УУХАЙ гэвэл яах бол ?!

Судлаач Д.Ганхуяг.
2010 оны 8 дугаар сарын 21


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна