Хотын эдийн засаг гэсэн сэдвийг хөндсөн манай 23 дахь дугаар танд хүрч байна. Их хотын стратеги, төлөвлөгөө, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төсөв, орлого, зардал, үр ашиг, хувийн хэвшлийн оролцоо, хотын иргэний ухамсар, соёлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн энэ дугаараас авах болно. Энэ дугаарын зочид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Монголын архитекторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч Б.Батжав, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн ТУЗ-ийн хараат бус гишүүн С.Бэхбат, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн нар байлаа.
В.Ганзориг: Нэлээд хэдэн жилийн өмнө ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаадаас ирээд “Нүүх үү, үлдэх үү?” лекцээ уншингаа Улаанбаатар хотыг Хархорин руу нүүлгэх санаачилга гаргаж байсан. Хот өөрөө аяндаа “үүсдэг” юм уу, эсвэл зохион байгуулалттай бүтээдэг юм уу?
С.Батболд: Монголчуудын түүхэндээ байгуулсан хамгийн том хот бол Улаанбаатар. Бид 800 гаруй жилийн төрийн түүхтэй. Хүннүгийн үеэ оруулбал 2000 жилийн түүх ярих болно. Бидний өвөг дээдэс, орчин үеийн бид ч ялгаагүй төлөвлөж байж хот байгуулдаг. Газар шинжиж, сонгохоос эхлүүлээд хотоо төлөвлөдөг. Харин хөгжлийн явцад төлөвлөлтийн алдаа гарах асуудал байдаг. Хөрөнгө мөнгө нь байвал шинэ хот байгуулж бололгүй яах вэ. Гэхдээ эндээс нүүе гээд шууд нүүчихдэг асуудал биш. Хотын үүсэл, хөгжил, улс орны цэцэглэлтэд хувь нэмэр оруулах нь түүхийн урт удаан хугацааны үйл явц.
Б.Батжав: Хотын эдийн засаг гэж юу вэ гэдэг томъёоллоос эхлэмээр байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хотын газрын байршил судлан сонгож буй үйл явцыг хотын эдийн засаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хотын үйл ажиллагааг газартай холбон, газрыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл ажиллагаа нь хотын эдийн засгийн суурь юм. Бусад эдийн засгийн салбарт бүтээгдэхүүн ба хэрэглээг тооцохдоо байршлын асуудлыг гүнзгий авч үздэггүй. Харин хотын эдийн засагт энэ нь яг эсрэгээр байдаг. Энгийн жишээ хэлэхэд хувь хүн орон сууц худалдан авахдаа яагаад тэнд байршилтай сууцыг ямар хүчин зүйлсийг тооцон авч байгаа нь хотын эдийн засгийн суурь болдог. Чухам эндээс хотын хөгжил, төлөвлөлт, хотын бие даах чадвар, газрын харилцаа, ядуурал, орон сууцны хангамж, татвар, хотын зардал ба хөрөнгө оруулалт, орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаагаа явуулж буй хэлбэр зэрэг бүх асуудал урган гардаг. Байршлыг хөгжлийн голлох хүчин зүйл болгож үздэгээрээ хотын эдийн засаг бусад салбараас онцлог.
С.Бэхбат: Дэлхийн бусад орны түүхийг харж байхад нийслэлээ нүүлгэсэн, төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн байгууллагуудыг хотоос гаргасан жишээнүүд байдаг. Асуудлыг олон өнцгөөс харах ёстой. Хотод асуудал байгаа учраас өөр хот руу нүүе гэхээс илүү хотын асуудлаа шийдэх шийдлүүдээ бид ярилцах ёстой. Гадны жишээг харж байхад хотын эдийн засаг гэж ярихаа болиод эрүүл эдийн засаг, эрүүл хотын эдийн засаг гэдэг концепц, стратеги гараад ирсэн байна. Өөрөөр хэлбэл хотын иргэн төвтэй хөгжлийн үзэл санаа хүчтэй яригдаж байна.
Д.Ончинсүрэн: Зах зээл, эдийн засгийн боломж хаана байна тэнд хот үүсдэг. Өвөрхангай аймаг руу нийслэлийг нүүлгэх үндэслэл нь түүхий байсныг та бүхний яриаг сонсоод санал нэгдэж байна. Хотын эдийн засгийн хүрээнд ярихад хийх ажил асар их байна. Гэхдээ төслүүдээ яаж санхүүжүүлэх вэ, хотын орлого нь хаана байна, юунаас бүрддэг вэ гэдэг асуултууд гардаг.
В.Ганзориг: Хот үүсэх шалтгаан нь эдийн засаг гээд та бүгд хэллээ. Тэгвэл Улаанбаатар хотын маань эдийн засгийг хэмжвэл хэр том айл юм бэ? Хотын эдийн засагт хувийн хэвшлийн оролцоо хэр байдаг вэ?
С.Батболд: Нийслэл Улаанбаатар Монгол Улсын ДНБ-ийн 64 хувийг үйлдвэрлэдэг. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг гэдэг бол Улаанбаатар хотын эдийн засаг гэсэн үг. Хуучин тогтолцооны үед Улаанбаатар хотын эдийн засаг боловсруулах үйлдвэр, экспортын бүтээгдэхүүн дээр суурилдаг байсан бол сүүлийн үед үйлчилгээний салбар дээр голлон хөгжиж байна. Хот бараг 16 их наяд шахуу төгрөгийн ДНБ үйлдвэрлэдэг. Улаанбаатар хот жилийн 872 тэрбум төгрөгийн төсвийн орлоготой, 900 тэрбум төгрөгийн зарлагатай айл. Жилд 200 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг хотдоо хийдэг. Гаднаас авсан зээлийн эх үүсвэрийг оруулж тооцвол энэ тоо 400 тэрбум төгрөг давна.
Мэдээж дээрх тоон дээр хувийн хэвшлийнхний хийж буй хөрөнгө оруулалтын дүн нэмэгдэнэ. Хотын төсвийн орлогын дийлэнхийг хүн амын орлогын албан татвар бүрдүүлдэг. Бид энэхүү төсвийн орлогын бүтцийг өөрчлөхийг зорьж байгаа. Орлогын эх үүсвэрийг өргөтгөх зорилгоор хотын татварын асуудал яригддаг. Дэлхийн том хотууд өөрийн татвартай байдаг. Улаанбаатар хот өөрийн татвартай байх нь хотын эдийн засаг, нийтийн аж ахуйг авч явах маш чухал хүчин зүйлд тооцогддог. Том хотод амьдрахад өртөг өндөр байдаг. Энэхүү татвараар хот хүнд ээлтэй, таатай, аюулгүй орчинг бий болгон тордож, үйл ажиллагаагаа санхүүжүүлж ажилладаг.
В.Ганзориг: Улаанбаатар хотод бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар хотын төсөвт ордоггүй гэсэн үг үү?
С.Батболд: Орлогоосоо хамаараад дүүрэг, хот, улсын төсөвт татвараа төвлөрүүлдэг гурван төвшин байдаг юм.
Б.Батжав: Эдийн засаг ярьж байгаа бол үр ашиг гэдэг асуудлыг заавал хөндөх ёстой. Улаанбаатар хотыг нүүлгэх, дагуул хотын асуудал, хэт төвлөрөл, түгжрэл, ачаалал хэтэрлээ гээд хүн болгон ярьдаг боловч харамсалтай нь Улаанбаатар хотыг эдийн засгийн талаас нь дүгнэсэн мэргэжлийн дүгнэлт одоо хүртэл байдаггүй. Өөрөөр хэлбэл бидний амьдарч буй орон зайн эдийн засгийн дүгнэлт огт байхгүй.
Токио тун удахгүй 10 жилийн дараа 30 сая хүнтэй дэлхийн том хот болно. Тийм учраас Токио хотын төлөвлөлтийн бодлогод хот газар ашиглалтынхаа үр ашгийг дээшлүүлнэ гэдэг зорилт оруулж өгч байна. Түүнээс биш Токиог нүүлгэнэ, тэлнэ гэдэг зүйл огт ярихгүй байна. Гэтэл Токиотой харьцуулбал Улаанбаатар маань юу билээ дээ. Сингапур хот улс. Сингапурын хот байгуулалтын бодлогод хүн ам ба эдийн засгийн өсөлтөө зогсоолгүйгээр хотынхоо барилгажсан талбайн хэмжээг 18 хувиар багасгана гэж оруулж байна. Хот төлөвлөлтийн шийдэлдээ цоо шинэ зарчим нэвтрүүлж байна шүү дээ. Хүмүүсийн амьдралын тохь тух, байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр байшин барилгаа өндөрлөх, нэгж талбайд оногдож байгаа хүн амын суурьшлын нягтралыг ихэсгэх зэргээр асуудлаа шийдэж байна.
Тийм учраас хамгийн эхлээд бид хотоо үнэлэх ёстой юм аа. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Улаанбаатар хот эдийн засгийн хувьд маш их үр ашиггүй ашиглагдаж байгаа орон зайн нэгж. Учир нь зам харгуй, дэд бүтэц орсон хэсгүүдэд үр ашиггүй том талбайнуудтай. Жишээлбэл, захуудыг энд дурдаж болно.
Хотын бие даах асуудлын хүрээнд хэлэхэд Улаанбаатар хот өөрөө эдийн засгийн хувьд эхлээд биеэ даах ёстой. Статусын хувьд бие даагаад эдийн засгийн хувьд бие дааж чадахгүй бол Улаанбаатар хот бодитоор бие даасан статустай болж чадахгүй. Хот өөрөө хөрөнгө оруулалт татах сонирхолтой орчин байх ёстой. Иймээс дахиад хэлэхэд, бид хотын эдийн засгаа эхэлж үнэлж байж, тэр тоонуудаа гаргаж ирж байж гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна шүү дээ. Эдийн засгийн суурь ойлголтуудаа хоттой холбож, мэргэжлийн дүгнэлт гаргах цаг аль хэдийнэ болчихоод байна.
В.Ганзориг: Энэ том хотын үйл ажиллагаанд хувийн хэвшил хэрхэн оролцож байна вэ? Энэ ч зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпораци, Улаанбаатар хотын худалдааны танхим үүсгэн байгуулагдсан гэж ойлгодог.
С.Бэхбат: Улаанбаатар хотод хөрөнгө оруулах олон боломж бий. Хотын, улсын төсвөөс гадна гадны зээл тусламжийн хүрээнд багагүй хөрөнгө оруулалтын ажлууд хийдэг. Аливаа засгийн газрын мөрөөдөл бол төр хувийн хэвшлийн ажил хэрэгч түншлэл гэж ярьдаг юм билээ. Яагаад гэвэл шийдэх асуудлууд олон байдаг ч төсвийн мөнгө нь асуудлыг шийдэхэд хүрэлцдэггүй. Батжав захирлын хэлснээр бид нэгт, эдийн засгаа үнэлэх хэрэгтэй. Хоёрт, төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлэх ёстой. Үүний дараа хотын хөгжилд хувийн хэвшлийн оролцоо зайлшгүй гэдэг нь шууд ойлгогдоно.
Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг ойлголт одоо яригдаж байгаа зүйл биш. МЭӨ 300 оны үед эртний Грекийн хотын захиргаа нэг баян иргэнтэйгээ гэрээ байгуулж, нуурын усыг юүлэх замаар шинэ тариалангийн талбай гаргасан байдаг. Энэ газрын бий болгох зардлыг нь иргэн гаргаад, харин уг газрыг 10 жил төлбөргүй ашиглах эрх, уг газар дээр байгууламж барихад бараа, товаарын татвараас чөлөөлөх боломжийг хотын захирагч өгсөн байдаг. Иймээс хотын хөгжилд хувийн хэвшлийн сонирхол байх хэрэгтэй, эрх тэгш харилцаа байх ёстой. Хот хөгжихдөө хувийн хэвшлийг ашиглах замаар биш хамтарч ажиллах загвараар түншлэх ёстой.
Улаанбаатар хотын худалдааны танхим, Улаанбаатар хотын санаачилгаар Улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулагдсан. Энэ байгууллагын зорилго нь эдийн засгийн судалгаа, үнэлгээ, дүгнэлтүүдийг гаргах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хотын бүтээн байгуулалтад оролцох, утаа, хог зэрэг хотын асуудлыг шийдэлцэх юм.
В.Ганзориг: Зүйрлэвэл танай байгууллагыг Улаанбаатар хотын хөгжлийн банк гэж болох уу?
С.Бэхбат: Хөгжлийн банкны зорилго, үүрэг байхгүй. Хотын асуудлуудыг шийдэх судалгаа, менежментийг хийх замаар хотын эдийн засгийг либералчлах зорилготой гэж хэлж болно. Тэр утгаараа ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь хотоос, гурав нь танхимаас буюу хувийн хэвшлээс, гурав нь хараат бус гишүүдээс бүрддэг юм. Хотын дарга ТУЗ-ийн даргаар ажилладаг. Энэ бол бизнесийн эрүүл орчинг бий болгох Монголд байгаа цоо шинэ засаглалын бүтэц юм.
Д.Ончинсүрэн: Бид анх Улаанбаатар хотын хөгжлийн стратегийг гаргах санаачилгаар эхэлсэн. Хувийн хэвшил, нийгмийн бусад төлөөлөл багтсан нийт 200 хүний бүрэлдэхүүн тав, зургаан ажлын хэсэг энэ төсөл дээр ажилласан. Энэ ажлын хэсгээс Улаанбаатар хотын худалдааны танхимын санаа анх гарч, улмаар 2015 оны гуравдугаар сард байгуулагдсан. Хувийн хэвшлийнхэнд Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, томоохон төслүүдэд оролцох боломж, хангалттай нөөц, бэлэн боловсруулсан ТЭЗҮ байдаг.
Гэвч нөгөө талаас төр захиргаа, эрхзүйн дэмжлэг, ялангуяа газартай холбоотой асуудлууд дээр тусгай зөвшөөрөл, газар чөлөөлөх ажил, бүр том хэмжээний төслүүд дээр засгийн газрын баталгааг гадны хөрөнгө оруулагчид хүсдэг. Өөрөөр хэлбэл бодитой хамтын ажиллагаа хэрэгтэй болсон. Эдгээр төслүүдийг хотын удирдлагатай ярилцах, харилцан ашигтай төслүүдийг хамтдаа хэрэгжүүлэх зорилгоор манай танхим байгуулагдсан. Дараа нь Улаанбаатар хотын хөгжлийн корпораци энэхүү зорилгыг ажил болгохоор үүсэн байгуулагдсан.
Өнөөдрийн байдлаар бодитой гараас гарсан төслүүд хараахан байхгүй байна. Аливаа том ажлыг эхлүүлэх, зүтгүүлэх, дуусгах манлайлал маш чухал байдаг. Бидний авсан мэдээллээр корпораци маань Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгийг хангалттай авч чадахгүй байгаа юм билээ. Хот 16 ихнаядын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож байна гээд хотын дарга сая хэлсэн. Гэтэл яг орлого гээд үзэхээр 800 гаруй тэрбум төгрөг л нийслэлд хуваарилагддаг. Үүний 80 хувь нь хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Аж ахуйн нэгжүүдийн орлогын татварууд улсын төсөв рүү шууд явдаг гэсэн үг. Үүнээс үүдээд хотын эдийн засаг хараат бус байх ёстой юу гэдэг асуулт үүсдэг. Хот яаж хөгжих, юу зарж ямар орлого олох, олсон орлогоо юунд зарцуулах зэрэг нь бидний олон жилийн өмнө эхлүүлж байсан хотын хөгжлийн стратегийн асуудал юм. Судалгаа харж байхад улс орны эдийн засаг хотуудынхаа эдийн засгаас улам бүр хамааралтай болж байна. Тийм учраас хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг бид боловсруулсан. Энэ стратегийг амжилттай хэрэгжүүлж байж хотын орлогоо нэмэгдүүлж, шаардлагатай байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдээ эхлүүлэх боломжтой.
Стратеги гэдэг нь хэн юуг хамгийн сайн хийж чаддаг вэ гэдэг дээр дөрөөлдөг. Тухайн үед бид стратеги боловсруулж байхдаа алдаа гаргасан. Тэр нь хийж чаддаггүй мөрөөдлийн ажлуудын жагсаалтыг хийнэ гэж бодож гаргасан байдаг. Бид агаарын бохирдлоо зарж мөнгө олох сонин боломж байдаг уг нь. Утааны тортгоор алмаз хийдэг технологи гараад ирсэн. Иймэрхүү бүтээлч устгал маягийн санаануудыг судалж, ажил болгох замаар хот орлого бүрдүүлэлт дээрээ анхаарах ёстой. Хот эдийн засгийн хувьд бие даана гэдэг нь өр зээл тавих, бонд гаргах гэсэн утга биш шүү.
Хотын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж бид ярьдаг. Гэтэл гадны жуулчид Монголд ирээд нэг хонов уу үгүй юу шууд хөдөө явчихдаг. Тэднийг Улаанбаатар хотод гурав хонуулахад хотын орлого яаж өсөх бол, тэднийг хотдоо гурав хонуулахын тулд бид өөрсдөө юу хийх ёстой гэдгээ хотын хөгжлийн стратегиар гаргаж хэрэгжүүлэх ёстой юм билээ.
В.Ганзориг: Хотын эдийн засгийн үнэлгээ тодорхой төвшинд хийгдээд, хотын хөгжлийн стратегийн эхний хувилбар нэлээд хэдэн жилийн өмнө гарсан юм байна. Тэгээд яагаад одоо тэр хэмжээндээ хэрэгждэггүй юм бэ? Юунаас, хэнээс хамаараад байдаг юм бэ?
С.Батболд: Бид нэгдмэл улс. УИХ-аас хууль гараад, тэр хуулийн хүрээнд Монгол Улсын засаг захиргааны нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс биш Улаанбаатар хот улсаасаа тусдаа татвар болон эрхзүйн шийдвэр гаргадаг нэгж биш. Тэр утгаараа муулбал хойд зүгийн хар овоохой гэдэг шиг бид УИХ-ын гаргасан шийдвэрийн хүрээнд л ажилладаг. Тэнд хууль тогтоомж гаргаж байгаа хүмүүсийн дунд энэ стратегийг мэддэг хүн байх ёстой.
Гадны жишгийг судалж байхад хот газраасаа л орлого олдог юм билээ. Хотууд баян байдаг, хотын дарга эрх мэдэлтэй байдгийн шалтгаан нь хотын дарга хөрөнгө оруулагчдад газраа худалдаж, газрын удирдлагаа зөв хийсний үр дүн байдаг. Гэтэл манайд газрын удирдлагын ойлголт хомс хэвээр л байна. Цаашид газрын бирж бий болгох, газрын сан бүрдүүлэх, газраа эргэлтэд оруулах гээд хийх ажил олон бий. Гэтэл бидний гадуур, хотын оролцоогүй газрууд худалдагдаж байна уу гэвэл нууц биш ээ, худалдагдаж байгаа. А зэрэглэлийн бүст газар олдохгүй болсон. Хотод ч газар байхгүй болсон. Дээр дурдсан газрын удирдлагын асуудлыг зөв хийж чадвал тэнд асар их ашиглагдаагүй нөөц байгаа. Хотод худалдагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн гүйлгээнээс хотын төсөвт ордог байх ёстой. Хотын эдийн засгийн голлох эргэлт үл хөдлөх хөрөнгийн худалдаа байдаг. Энэ мэтээр хот орлогоо нэмэгдүүлэх боломжууд байгаа.
Эдгээр реформыг хийхэд бид Улаанбаатар хотын худалдааны танхим (УБХХТ), хөгжлийн корпораци хоёрт тун их найдлага тавьж байгаа. Учир нь эдгээр байгуулла энэ ажлыг хийх гол түнш, зөвлөгчид юм. Танхим дээр бид хотын хөгжилд түлхэц болох том төслүүдийг хэрхэн урагшлуулах вэ, энэ хөрөнгийг яаж босгох вэ, энэ ажилд дотоодын аж ахуйн нэгжүүд хэрхэн оролцох вэ зэрэг асуудлуудыг түлхүү ярьдаг. Одоохондоо ярианаас хэтрэхгүй байгаа боловч ахиц байгаа. Жишээ нь, агаарын бохирдлыг бууруулах, хотын дэд бүтэц, дагуул хотуудыг хөгжүүлэх зэрэг төслүүд ид яригдаж байна. Хамгийн сүүлд бид “Ногоон сан” байгууллаа. Энэ санд хот 300 сая төгрөгийн хөрөнгө оруулсан. ХасБанк дээр энэ сан төвлөрч байгаа ба эхний ээлжид энэ сангаас хотын дэд бүтцийг хөгжүүлэх төсөлд хамрагдаж байгаа айлуудын байшингийн дулаалга, халаалтын төхөөрөмжид зээл өгөх юм. Үүнтэй адил хотын нийтийн тээврийг сайжруулах, хот тойрсон төмөр зам, нүүрс хийжүүлэх төслүүд яригдаад, эхнээсээ бодит ажил болох шат руу шилжиж байгаа.
Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн (УБХХК) гол үүрэг бол эдгээр төслүүдэд үнэлгээ өгөх, гадны түншүүдэд танилцуулж хамгаалах, хөрөнгө босгох юм. Одоогоор бидний дутагдалтай тал хүний нөөц, тэдний чадавхийн асуудал болоод байна. Гадны хөрөнгө оруулагчид манай төслүүдтэй танилцахаар ирэхэд тэдний шаардлагыг хангах хэмжээнд төслөө бэлдэж, хамгаалж, танилцуулж чадахгүй байна. Нөгөө юм мэддэг хүнд ичмээр эд дээ гэдэг шиг юм одоо гадныханы өмнө бид тавиад байгаа асуудал бий. Гадны ямар ч санхүүжүүлэгчийг аваад ирдэг, хэчнээн том хөрөнгө оруулагчид ирсэн ч нэг долгионоор ойлголцдог болох ёстой. УБХХК-ийн жишгээр бид Нийслэлийн орон сууцны корпорацийн бүтэц, засаглалыг өөрчилж, улс төрөөс аль болох хараат бус болгож байгаа.
Хотын эдийн засгийн үр ашиг гээд ярихаар хотод бас баахан хэрэгтэй, хэрэггүй нийслэлийн өмчит компаниуд байдаг. Тэдгээрийг хувьчлахыг нь хувьчилж, нэгтгэхийг нь нэгтгэж, төсвөөс цалин аваад зүгээр суудгийг нь болиулах ёстой. УББХК одоогоор 100 хувь нийслэлийн өмчийнх байгаа. Нийслэл ярьж байгаад энэ байгууллагын удирдлагыг хувийн хэвшилд шилжүүлж болно. Цаашилбал хувьчлаад, тэр мөнгөөрөө хот дараагийн том төслүүдээ санхүүжүүлээд явах арга зам байж болно.
Б.Батжав: Хотын хөгжлийг одоо тулгарч байгаа бэрхшээлээ хараад үнэлэх гээд байдаг аюул бидэнд байдаг. Тухайлбал, агаар, хөрсний бохирдол, гэр хороолол, хүн амын хэт бөөгнөрөл гэх мэт. Асуудлаа бид арай өөр өнцгөөс харах хэрэгтэй. Хүн ам нэмэгдэнэ гэдэг нь эдийн засгийн хувьд хотод сайн үзүүлэлт шүү дээ. Энэ муу үзүүлэлт огт биш. Нэг сая гаруй хүнтэй болсноос хойш л Улаанбаатар хотод олон улсын сүлжээ үйлчилгээний нэртэй брэндүүд орж ирсэн. Гэр хороолол дийлдэхээ байлаа, орон сууцны хүрэлцээ муу гээд ярьдаг. Эдийн засгийн талаасаа харвал энэ маш том боломж. Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудлуудыг харахад ч гэсэн сайжруулж хөгжүүлэх маш их боломжууд байдаг. Өөрөөр хэлбэл хотын орон зайг үр ашигтай, бүрэн дүүрэн ашиглах зорилгоор хөрөнгө оруулалтын зөндөө боломжууд байна аа. Энэ боломжуудаа судалж, баталгаажуулж, гаргаж ирж тавих ажил дутагддаг. Хөрөнгө оруулалт татах суурь энэ шүү дээ. Түүнээс бус өнөөдрийн проблемоо яриад хотоо нүүлгэнэ гээд яриад байж болохгүй л дээ.
Улаанбаатар хотоо бид боломжит бүхий л үйлчилгээ, үйл ажиллагааны төв буюу хаб болгох ёстой. Аялал жуулчлал гээд ярихаар бид хөдөөгийн дэд бүтцээ сайжруулах тухай л яриад байдаг. Гэтэл дэлхийн том хотуудыг харахаар хотууд дотроо бүсийн, олон улсын, дэлхийн хэмжээний арга хэмжээ зохион байгуулах дэд бүтцээрээ өрсөлдөж байна шүү дээ. Олон улсын авто замын уралдаан, морин тойруулгын төв, казино яагаад Улаанбаатарт байж болохгүй гэж. Энэ бүх зүйл хотын эдийн засгийг тэлэх, орлогыг нэмэгдүүлэх том боломж шүү дээ. Улаанбаатар хотын чөлөөт бүсийн асуудал яригдаад эхэлсэн. Энэ бол маш зөв арга. Чөлөөт бүсийг заавал хилийн бүсэд байгуулах албагүй. Мэргэжлийн хүмүүсийн хувьд бид улс төрийн бэрхшээлийг нь харахгүй байж магадгүй ч энэ бүх боломжуудаа хотын хөгжилтэй холбож төлөвлөх цаг нь болсон.
Хамгийн наад зах нь Улаанбаатар хотын бүсчлэл, байрлал болгонд таарсан үнэлгээ, татварын системгүй л сууж байна. Хотын А бүс дэд бүтцийн хангамж, нийтийн тээврийн хүртээмж, байршлын маш том давуу эрхтэй. Энэ бүст байгаа обьектын татвар бусад бүсээс хамаагүй өндөр байх ёстой.
В.Ганзориг: Яг энэ шаталсан татварын асуудлыг хүлээж авах Улаанбаатар хотын иргэдийн сэтгэхүй болон ухамсар бэлэн болсон гэж та бодож байна уу?
Б.Батжав: Энэ тэдний төлөө гаргах ёстой шийдвэр шүү дээ. А бүс өндөр татвартай байж гэмээнэ хотын бусад бүсээ хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг хийх боломж үүсдэг. Өөрөөр хэлбэл хотын бүх бүсийн иргэдийн амьдралын чанарыг тэгшитгэх боломж гэж ойлгоорой. Чи бусдаас илүү боломжтой учраас илүү татвар төлөх ёстой. Энэ бол аль ч хотод мөрдөгддөг зарчим. Зуун айлын барилгын зах, машины зах нүүлгэнэ гээд бөөн асуудал болж байна. Уг нь ингэж маргахгүйгээр татварын асуудлаар амархан шийдэх боломжтой.
Өндөр үнэтэй А бүст ямар барилгууд баригддаг вэ? Банкууд, олон улсын байгууллагууд, ресторан, үйлчилгээний байгууллагууд эхэлж байршдаг. А бүст ажиллах зардлаа нөхөх хэмжээний орлого олдог бизнесүүд л тэнд байршина гэсэн үг. Одоо бараг ийм газар манайд машин угаалгын газар байршиж байна шүү дээ. Үнэ, татварын энэхүү тогтолцоо бол хотыг хөгжүүлэх санхүүгийн эх үүсвэр, цаашилбал хот төлөвлөлтийн зөрчилтэй байдлыг зөв болгодог гол механизм юм. Энэ боломжуудыг хот маань бас л ашиглахгүй байна. Ашиглах цаг нь болсон.
С.Бэхбат: Хотын газрыг дараа дараагийн эргэлтэнд оруулах шаардлагатай болсон гэдэгтэй санал нэг байна. Нөгөө талаасаа эхлэсэн атлаа дуусгаагүй зогссон олон төсөл хот дээр байгаа. Аж үйлдвэрийн парк, эмээлтийн төсөл гэх мэт. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар эдгээр төслөө хурдан дуусгах хэрэгтэй. Төслийн үр дүн нь л чухал. Үр ашигтай төсөл хийж дуусгахын тулд ямар хөрөнгө оруулагчийг ямар хэлбэрээр оролцуулах нь чухал ач холбогдолтой. Арай гэж эхлүүлсэн тухайн төслийг дампууруулахгүйн тулд хажууд нь өрсөлдөөн байж болохгүй. Жишээлбэл, шинэ онгоцны буудал барьж дуусч байж хажууд нь дахин онгоцны буудал барих зөвшөөрөл хот өгч болохгүй гэсэн санаа. АНУ-д хурдны замын төслөө хэрэгжүүлж чадахгүй талууд хоорондоо маргаж байх хооронд нэг нөхөр арай өөр стандартын зам хажуугаар нь тавиад л нөгөө том төслийг нь дампууруулж байсан түүх байдаг.
Төслийн үнэлгээ хийхдээ зардал, үр дүнгийн тооцоо гээд тоо бодоод байдаг. Үүний цаана нийгмийн ашиг нь юу юм, мөнгөн бус үнэ цэнэ үүсэх үү гэдгийг давхар бодолцох хэрэгтэй. Баруунд Cost profit биш Сost benefit буюу зардал ашгийн бус зардал үр дүнгийн шинжилгээ гэж хийдэг нь ийм учиртай. Энэ шинжилгээг хийх нь тийм ч амархан ажил биш. Бид эдгээр ажлуудыг хийх хэрэгтэй, хийж сурах хэрэгтэй байна.
В.Ганзориг: Олон асуудлыг бид хөндөж байна. Та бүхний нүдээр өнөөдөр хотын хамгийн тулгамдсан асуудал юу вэ?
Д.Ончинсүрэн: Нэг л их төсөл хэрэгжүүлнэ, хөрөнгө оруулалт хийнэ гээд ярих мөртлөө хот хэдэн төгрөгийн орлого олох ёстой гэдгээ огт ярихгүй байна л даа. Орлого өсгөхгүй одоо байгаа тоон дундаа асуудлаа шийднэ гэвэл бид тулга тойрсон асуудлаа ярьсан хэвээр л байх болно. Орлогын бааз сууриа хэрхэн өргөжүүлэх тухай зам, зураглал, стратегиа ярихгүй болохоор шийдвэр гаргагч талдаа ч тэр, хөрөнгө оруулагч талдаа ч тэр бодит ажил явахгүй. Тиймээс орлого бол хотын хамгийн тулгамдсан асуудал. Та юу гэж бодож байна хотын дарга аа?
С.Батболд: Хөрөнгө оруулалтын үр ашиг гэдэг зүйл байдаг. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалт үр ашгаа өгдөг байх ёстой. Улс орныхоо байдлыг харахаар бид анхан шатны шахуу хэрэгцээгээ хангаж чадахгүй хэвээр л байна. Бүр Засгийн газрын төвшинд Улаанбаатар хотын сургуулийн асуудлыг ярьдаг. Хүүхдүүдээ сургуульд бүрэн хамруулж чадахгүй байна гэдэг нь манай улс анхан шатны хэрэгцээгээ хангаж чадаагүй байна гэсэн үг. Бүх юмны зангилаа орлоготой иргэн, орлоготой өрх, орлоготой аж ахуйн нэгжүүдийг бий болгох асуудал. Үүнийг том хүрээгээр харж байгаа юу гэвэл бас үгүй. Эдгээр тулгамдсан асуудлыг маш богино хугацаанд шийдэх хэрэгтэй. Үүний дараа талууд хөрөнгө оруулалтын үр ашгаа тооцдог, асуудлаа томоор хардаг болох болов уу.
Явж явж орлого хэн бий болгох вэ? Хувийн хэвшил л бий болгоно. Иймээс хувийн хэвшилд орлоготой, ашигтай ажиллах боломжуудыг нь бүрдүүлэх тухай асуудал. Төр гээд нэг өөр хүн, хувийн хэвшил гээд бүр өөр хүн шиг ойлгоод байдаг, эсвэл төр бүгдийг нь хийнэ ээ гээд зүтгээд байдаг байдлаасаа бид даруй гарах хэрэгтэй. Шилжилтийн хугацаа байдаг гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ энэ хугацааг аль болох багасгах, олдож байгаа жаахан мөнгөө анхан шатны хэрэгцээгээ хангаж дуусахгүй бол сургууль, эмнэлэг, зам ярьсаар байгаад 25 жил болчихлоо. Эхнээсээ хүмүүс залхаад эхэллээ шүү дээ.
2006-2012 онд бидэнд олдсон үүлэн чөлөөний нар шиг боломжуудыг утгагүй алдсан. Бизнесийнхэн, ард иргэдтэй уулзаад явж байхад ажлаа хийгээд болоод байгаа юм аа. Харин одоог хүртэл Монголд зүгшрэхгүй байгаа зүйл бол улс төр. Улс төрийн ухаалаг шийдэл гаргадаг зөв тогтолцоо үгүйлэгдэж байна.
В.Ганзориг: Хот өөрийн жилийн орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлж чадаж байгаа юу?
С.Батболд: Санхүүжүүлж байгаа. Нэмээд жил бүр 200 тэрбумийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Нийт хөрөнгө оруулах шаардлагатай бүтээн байгуулалтын төслүүдээ жагсаавал дүн нь хоёр их наяд төгрөг болдог. Нэг тонн хог зөөдөг тарифаа өсгөх гэхээр Сангийн яам үүнийг зөвшөөрдөггүй. Үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлдэг мэт боловч нөгөө талдаа хөрөнгө оруулалтын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа. Хот 200 тэрбум орчим төгрөгийг жилд улсын төсөвт төвлөрүүлдэг. Үүний тодорхой хувийг хотод үлдээхийг Сангийн яамнаас хүсдэг ч улсын хэмжээний зардлуудаа санхүүжүүлээд явчихдаг.
В.Ганзориг: Тэгэхээр хот олсон орлогоо захиран зарцуулах бүрэн эрхгүй хэрэг үү?
С.Батболд: Хот эдийн засгийн хувьд бие даах тухай Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл явж байгаа. Улаанбаатарын асуудлыг бусад аймаг, хотуудаас ялгаж тусгай статусаар харахгүй бол энд бүх асуудал аль хэдийнэ төвлөрсөн. Хотын асуудлыг эхэлж шийдэхгүй бол бусад асуудал шийдэгдэхгүй. Хотод эмнэлэг барих нь чухал байна гэхээр үгүй ээ, эхлээд заавал тэр аймагт барина гээд эхэлдэг. Батболд гэдэг хүн эрх мэдэл авах гээд байгаа хэрэг биш, хот гэдэг их айлд бүртгэлтэй 130 мянган аж ахуйн нэгж, нийслэлийн 1.3 сая хүнд эрх мэдлийг нь өгөөч, боломжийг нь олгооч гэж байгаа хэрэг юм.
В.Ганзориг: Энэ хууль хэзээ батлагдах вэ?
С.Батболд: Энэ хаврын чуулганаар батлагдана гэж найдаж байгаа. Энэ хуулийн сургаар сүүлийн үед хотын асуудлыг мэддэг хүн их олон болсон. Энэ хүмүүс олон юм ярьж байгаад энэ хуулийг маань битгий буцаагаасай, унагаасай даа гэж санаа зовж байгаа.
Д.Ончинсүрэн: Улаанбаатар хотын худалдааны танхим, хөгжлийн корпораци байгуулагдсан нь хотоос санхүүжилт авах, тендер авах зорилгыг огт агуулаагүй. Харин хувийн хэвшлийг хотын хөгжилд оролцуулах бүхий л боломжийг хангаж, дэмжээч гэсэн хэрэг. Манай танхимын гишүүн компаниуд дунд хотоос тендер авдаг, хотын ажлыг хийдэг нэг ч компани байхгүй. Хувийн хэвшил хотын хөгжлийг манлайлах ёстой. Тийм учраас хөгжлийн бодлогод боловсруулах төвшинд оролцох ёстой. Хувийн хэвшил орлого олоогүй байж хэзээ ч зарлага гаргах тухай ярьдаггүй. Зээл хөөцөлдөж явахдаа ч зээлээ төлөх хэмжээний орлого олох уу, хөрөнгө оруулалтын үр ашиг нь ямар гэдгийг байнга тооцоолдог. Хотын эдийн засаг ярьж байгаа учраас орлого гэдэг зүйлээ түлхүү ярих ёстойг би энд давтаад байна л даа.
С.Бэхбат: Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдсан шиг бусад аймаг, дүүргүүд дээр ийм танхимууд үүсэх ёстой. МҮХАҮТ-ын үйл ажиллагаа энэ ялгааг арилгах хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа юм шиг надад харагддаг. Эдийн засгийн үнэлгээгээ яаралтай хийх шаардлагатай байгаа. Сүүлийн үед төр хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой нийгмийн инноваци гэж ярьдаг болсон. Гадны жишээг харж байхад тухайн дүүргийн сургууль нь дүүргийнхээ соён гэгээрлийн төв нь болсон байдаг. Номын сан, спортын заалаа нийтэд ашиглуулдаг, түүнээсээ орлого олдог байх жишээний. Гэтэл манайд зуны гурван сар бүх сургууль хаалгаа цоожлоод яваад өгдөг. Өрхийн эмнэлгийг ч гэсэн эрүүл мэндийн даатгалаар дамжуулан либеральчлах асуудлыг хөндөх цаг болсон.
Б.Батжав: Улаанбаатар хотын менежментэд шинэчлэл хийх цаг болсон. Энэ шинэчлэлийн суурь нь хотын орон зай. Газар бол өрөөсгөл ойлголт болно энэ нөхцөлд. Орон зай гээд гурван хэмжээст нэгжийн тухай би ярьж байна. Хотын орон зайг хамгийн үр ашигтай хэрхэн ашиглах менежментийг хийх нь хотын удирдлага, төлөвлөлтийн хамгийн том асуудал болжээ. Энэ бол хотын эдийн засгийн хөгжлийн суурь. Тэр утгаараа Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл зах зээлийн харилцаанд шилжээгүй.
Хот өөрийн урсгалаар, эсвэл улстөржсөн шийдвэрийн үндсэн дээр хөгждөг газар биш ээ. Тодорхой зорилт, уг зорилтыг биелүүлэх хатуу дэг журмын дор хот хөгждөг жамтай. 1992 онд Токио хотод шарилыг газар оршуулахыг хориглох шийдвэр гарсан. Олон зуун жил болсон ёс уламжлалын эсрэг гээд оршин суугчдын асар том эсэргүүцэлтэй хотын удирдлага тулсан. Хотын газар ашиглалт, эрүүл ахуй, хөрсний бохирдлын асуудлаа шийдэхийн тулд хотын удирдлага ингэж ирээдүйгээ харсан ухаалаг боловч хүнд шийдвэр гаргасан байдаг.
Хотын улстөржсөн байдал массын сэтгэлзүйг дагаж шийдвэр гаргах гээд байдаг гэмтэй. Энэ нь эргээд хотын хөгжлийг боомилж, хотын оршин суугч масс иргэдэд сөрөг үр дагавар авч ирдэг. Яаж энэ эрсдлийг багасгах вэ гэвэл хотын удирдлага мэргэжилтнүүдийг үгийг сонсч, мэргэжлийн байгууллагуудыг хотын бодлого, хэрэгжилт, удирдлагын функцт ашигладаг болох хэрэгтэй. Үнэнээ хэлэхэд өнөөдөр мэргэжилтнүүдийг үгийг аль ч салбарт сонсохгүй байна. Эдгээр өөрчлөлтийг хийж байж л бид амжилтанд хүрнэ.
В.Ганзориг: Хотын иргэдийн соёл, ухамсарын талаар асуухгүй нэвтрүүлгээ төгсгөж боломгүй байна.
С.Батболд: Хотын иргэд хоттойгоо хамтарч ажиллах хэрэгтэй. Хотын хөгжил хотын иргэн бүрээс шууд хамаарна. Түүнээс биш гэнэт нэг гайхамшигтай удирдагч гарч ирээд, нэг баян хүн дарга болоод, эсвэл нэг ухаантай нөхөр хүрч ирээд хотын бүх асуудлыг шийдэж чадахгүй. Зөв шийдлээ олоод бид бүгд нэг зүгт л харах хэрэгтэй байна. Тэгэхгүй бүгд цэцэрхээд байвал урагшаа явж чадахгүй.
Би сүүлийн үед шийдвэр гаргахдаа иргэдээсээ асуухыг эрмэлзэж байгаа. Яагаад гэвэл миний гаргаж буй шийдвэр бүхэн хотын иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Энэ бол ардчиллын зарчим. Иймээс зөв шийдвэрийг хамтдаа гаргаж хотоо баян болгоё гэж хэлмээр байна.
Б.Батжав: Би иргэдийг асуудлаа ойлгохгүй байна гэж огт бодохгүй байна. Харин хотын удирдлагын иргэдтэйгээ харилцаж байгаа арга хэлбэр нь хоцрогдсон. Улс төрийн шийдвэрүүдийг иргэдэд тайлбарлахад хүнд. Яагаад гэвэл ийм шийдвэрүүд нарийн тооцоогүй, үр дүнг нь бүрэн харуулаагүй байдаг. Харин мэргэжлийн хүмүүс, байгууллагуудыг оролцуулан гаргасан улс төрийн шийдвэрийг иргэдэд тайлбарлах, ойлгуулахад хялбар, бүх зүйл нь тоо баримттай, цаг хугацаатай, ойлгомжтой болдог. Тэгж байж хүн ойлгоно. Тэгэхээр иргэд ч гэлтгүй мэргэжлийн хүмүүсээс саналыг нь авдаг харилцааны зарчим үгүйлэгдээд байна. Эс бөгөөд мэргэжлийн хүмүүс нь ойлгохгүй байгаа улс төрийн шийдвэрийг иргэд яаж ойлгох вэ дээ!
С.Бэхбат: Энэ бол яг зардал ба үр дүнгийн шинжилгээ юм. Яг үнэндээ нийгэмд улстөржөөд байдаг хүмүүс нь харьцангуй цөөхөн шүү дээ. Иймээс тодорхой хэмжээний ирээдүйг харсан хатуу шийдлүүдийг гаргасан ч тэд хүлээн зөвшөөрнө. Хотын захиргаа хатуу шийдвэрүүдийг гаргадаг байх ёстой. Том хурал зөвлөгөөн Улаанбаатар хотод зохион байгуулна гээд яриад байдаг. Гэтэл малын өвчнөө дарж чадаагүй, шүлхийтэй хотод яаж олон улсын арга хэмжээ хийх билээ? Интернэт, харилцаа холбоо өндөр хөгжсөн өнөө үед нэг муу мэдээ гарахад л хотын имиж олон улсын тавцанд шууд унана. Иймээс хотын гаргаж байгаа зөв шийдвэрийг дэмждэг хүмүүсийн оролцоог улам бүр нэмэгдүүлэх ёстой.
Д.Ончинсүрэн: Хот улс төрөөс ангид байх ёстой. Харилцааны хувьд хотын арга барил хоцрогдсон гэдэгтэй санал нэг байна. Занданшатар даргын санаачилсан зөвлөлдөх ардчиллын схемийг Улаанбаатар хот дээр хэрэгжүүлэх гэж үзсэн түүх байдаг. Шийдэх асуудлуудын жагсаалтаа иргэдэд өгөөд ач холбогдлоор нь эрэмбэлнэ үү гэхэд яах аргагүй популист, биелэгдэх боломжгүй улс төрийн санаа санаачлагуудыг иргэд таягдан хаяж байсан. Энэ нь иргэдээр шууд удирдуулна гэсэн үг биш харин тэдний саналыг сонсож хэрэгжүүлнэ гэсэн үг.
В.Ганзориг: Баярлалаа та бүхэнд! Нэвтрүүлгээ товч дүгнэхийг зөвшөөрнө үү. Ямар ч сэдвээр нэвтрүүлэг хийсэн явж явж бүх болохгүй зүйл нь улс төртэй холбогдоод байна. Тэгэхээр энэ бол яах аргагүй том дохио. Мэргэжилтэн, мэргэжлийн институциудын чадавх, нөөцийг хот, төр зөв ашиглаж чадахгүй байгаа том өнцөг хөндөгдлөө. Нөгөө талдаа хувийн хэвшил, хотын захиргаа, төрд ялгаагүй чадвартай хүний нөөц дутмаг байгааг та бүгд хэллээ. Үүний шалтгаан нь магадгүй хот мэргэжлийн институтиудтайгаа, төр мэргэжлийн хүмүүстэй харилцах харилцааны арга барил нь хоцрогдсонтой холбогдож магадгүй юм байна. Тэгэхээр мэргэжлийн хүмүүс огт байхгүй биш байгаа юм байна. Харин эдгээр хүний нөөцөө ашиглах дэд бүтцээ бид сайжруулах зайлшгүй цаг нь болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна