Дархан аварга Ж.Мөнхбатыг сүүлчийн замд нь үдлээ


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатыг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж,  шарилыг нь Алтан-Өлгийд заллаа.  

Сүүлчийн замд үдэх ёслолд Ж.Мөнхбатын хүү, Японы сүмо бөхийн их аварга М.Даваажаргал, дархан аварга, УИХ-ын гишүн Б.Бат-Эрдэнэ нарын дотны олон хүн оролцож гашуудаж байгаагаа илэрхийлжээ.

Жигжидийн МӨНХБАТ

(1941-2018)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, төр, нийгмийн зүтгэлтэн, Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр таалал төгсөж, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.

Ж.Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж, 1958 оноос үндэсний бөхийн барилдаанаар спортын гараагаа эхлүүлсэн юм.

Тэрбээр 1961 онд МБАТ-ний спартакиадад түрүүлж улсын заан, 1963 оны улсын наадамд 9 даван түрүүлж улсын арслан, 1963-1967 онуудад Улсын баяр наадамд завсаргүй 5 удаа, 1974 оны Улсын баяр наадамд 6 дахь удаагаа түрүүлж, даяардуурсагдах, далайдаян, дарханаваргацолыг хүртжээ.

Мөн 1972, 1975, 1978, 1980 онд Улсын баяр наадамдүзүүрлэн, 1961, 1971-1975, 1977, 1979, 1980, 1981, 1983-1985,1994 онуудад таваас дээш давж нийт 22удаашөвгөрсөнэгэлгүй үнэн хүчтэн байлаа.

Ж.Мөнхбат нь 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа улам нэмэх, олныг баясуулагч, батнягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн юм.

Тэрбээр чөлөөт бөхийн спортоор хичээллэж, Улсын шигшээ багийн анхны гишүүн, “Токио-1964”, “Мехико-1968”, “Монреал-1972” зуны олимпийн наадамд оролцож, “Дели-1967” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль, “Мехико-1968” зуны олимпийн XIX наадмаас анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан бөгөөд 1972 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Ази тивийн аваргаас алтан медаль, “Тегеран-1974” Азийн наадмаас сонгомол бөхөөр хүрэл, “Дан Колов”, “Вахтанг Балавадзе”, “Зеелинбендир”, Найрамдалт армиудын олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль, 1965, 1966, 1967, 1969, 1973, 1974 оны Монгол Улсын аваргын алтан медалийг тус тусхүртэж, чөлөөт бөхийн төрлөөр эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсган Монгол түмэндээ хүндлэгдсэн аугаа нэгэн байлаа.Дэлхийн бөхийн хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг Олон Улсын Олимпийн Хороо өндрөөр үнэлж, “IOC TROPHY”цомын шагналаа олгосон юм.

Ж.Мөнхбат нь1990-1992 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан төр нийгмийн зүтгэлтэн юм.

Ж.Мөнхбат нь үндэсний болон чөлөөт бөхийн залгамж халааг бэлтгэх, үндэсний ёс заншлыг дээдлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч төдийгүй түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, ард түмний хайртай хүү байлаа.

Тэрбээр Монгол Улсын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хангамжийн хэлтсийн дарга, “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан ажилсаг, хөдөлмөрч нэгэн байв.

Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин цол хүртээж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна