Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

2018/04/18
Сонгинохайрхан дүүргийн 30-р хорооны 125-р цэцэрлэгийн нээлт, 26-р хорооны 253-р цэцэрлэгийн нээлт, Улаанчулуутын хогийн цэгт баригдах 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо.  
 
Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар 30 дугаар хороонд 125-р цэцэрлэгийн өргөтгөлийг Оргил зуурмаг ХХК-тай хамтран ашиглалтад орууллаа. 
 
Төсвийн хөрөнгөөр бус 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр ашиглалтад орж байгаа 125-р цэцэрлэгийн өргөтгөлд 300 гаруй сая төгрөг зарцуулагдсан бөгөөд 100-120 хүүхдийн хүчин чадалтай. 
 
Тус хороонд цэцэрлэгийн насны 640 хүүхэд байдгаас 200 нь цэцэрлэгт хамрагддаг байна. 125-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 30 дугаар хорооны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 50 хувьд хүрч байгаа юм. 
 
Дүүргийн 26 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгөөр 250 хүүхдийн хүчин чадалтай 253 дугаар цэцэрлэг шинээр нээгдлээ. Мөн Улаанчулуутын хогийн цэг орчимд амьдарч байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нямбаатар сан, Нарны хүүхдүүд-2 төсөл хамтран 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шавийг тавьсан байна. тус цэцэрлэг 2019 оны хичээлийн жилд ашиглалтад орох бөгөөд хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэдийг ажлын байраар хангах, тэдний хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах томоохон төсөл хэрэгжиж байна. 
 
Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 34 мянга гаруй хүүхэд байдгаас 66 хувь нь дүүргийн цэцэрлэгт хамрагдаж байна. Сонгинохайрхан дүүрэгт 2018-2019 онд нийт 12 цэцэрлэг шинээр баригдахаар төлөвлөгдсөн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна