Амьд үлдэх сэтгэл зүй

2018/08/21
Далай тэнгис, хөвч тайга гээд дэлхийн хаана ч амьдардаг бай араатан амьтад, жигүүртэн шувуудын дунд амьд үлдэх, хоол тэжээлээ олох, үр удмаа үлдээхийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж байдаг.
 
Хатуу ширүүн уур амьсгал, араатан амьтдын довтолгоон, ган гачиг гээд байгалийн шалгарлын дүнд зарим амьтад онцгой ур чадварыг өөртөө хөгжүүлсэн байх юм. Тухайлбал, баавгай өвлийн тэсгим хүйтнийг дулаан ичээндээ унтаж өнгөрүүлдэг бол нэгэн төрлийн гүрвэл амьтдад тасдуулсан сүүл, хөлөө эргүүлээд ургуулчихдаг чадвартай болжээ.
 
Энэ дундаас араатан амьтдын өөрийгөө өнгөлөн далдлах, бусдыг төөрөгдүүлэх чадварыг бид онцгойлон авч үзэх хэрэгтэй. Хамелеон гүрвэл л гэхэд өөрийнхөө арьсны өнгийг хад асга, цэцэг навчнаас огт ялгарахгүйгээр хувиргаж чаддаг нь бусдын идэш болохоос авардаг бол эрвээхэйн далавч шувууг ч айлгаж чадахуйц өвөрмөц хээтэй болжээ.
 
Үүнтэй адилтгавал нийгэм бол сэтгэл зүйн тайга юм. Байгальтай адилхан нь  энэ тайгад ч мөн амьд үлдэхийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж байдаг. Нийгмийн нэгээхэн хэсэг болох компаниар жишээ татъя.
 
Компанид олон янзын зан авиртай захирал, менежерүүд ажилладаг. Тэдэн дунд бүтээмж өндөртэй, эрч хүчтэй хүмүүс байхад бэртэгчин, худалч, дүр эсгэгч, хов хутгагч, корпорацийн улс төр хийгч нар ч бий.
 
Бид ийм захирлуудтай олонтаа таардаг. Эргэлздэг. Тухайн захирал үнэхээр шударга, хөдөлмөрч хүн үү? Эсвэл хамелеон гүрвэл шиг зүсээ хувиргасан бэртэгчин үү гэдгийг мэдэх тийм ч амар биш.
 
Нэгэнт хувьсалд орж, төөрөгдүүлэх, өнгөлөн далдлах сэтгэл зүйн онцгой ур чадвараа хөгжүүлчихсэн энэ төрлийн хүмүүст компанид үлдэх, мандах цорын ганц арга зам бол ажил хөдөлмөр, бүтээл бүтээмж гэдгийг ямар ч аргаар ойлгуулах гээд бүтэхгүй. Энэ нь яг л тасалгааны ялааг тайгад очоод баавгай шиг амьдар гэж ятгасантай агаар нэгэн буюу. Эдгээр хүмүүсийг таньж чадахгүй насыг барах нь  энүүхэнд.
 
Гэвч эдгээр хүмүүсийг бүү буруутга. Тэд байгалийн хуулийг дагаж, нийгмийн тайгад амьд үлдэхийн тулд өөрсдийн онцлог, өвөрмөц чадвараа л хөгжүүлчихсэн хэрэг. Нэгэнт л түүний толгой, гарнаас бүтээл бүтээмж гарахгүй юм чинь, тэд ямар нэгэн аргаар тайгад амьд үлдэх гарцаа хайж таарна биз дээ?
 
Чадварлаг захиралд шударга, тууштай, хөдөлмөрч, хамтач, бусдыг гэсэн зан чанар төлөвшиж, нас ахих тусам төгөлдөршиж байдаг бол нөгөө этгээдэд толины яг урвуу тусгал мэт эсрэг зан чанарууд төлөвшиж, улам бүр төгөлдөржиж байдаг.
 
Ийм этгээдийг менежмент болоод сэтгэл зүйн зохих туршлагагүй бол ямар ч захирал хараад танихгүй. Таних ч боломжгүй. Учир нь тасдуулсан хөлөө эргүүлээд ургуулчихдаг гүрвэл шиг өөрийн бүтээмжгүй, чадваргүй байдлаа өнгөлөн далдалдаг сэтгэл зүйн тэр мундаг цогц чадварыг яаж өөртөө суулгасныг нь бурхан л мэдэх байх.
 
Тэд хүмүүсийг төөрөгдүүлж, өөрийгөө мундаг, хэрэгтэй гэж ойлгуулдаг, бусдын хийсэн ажлыг өөрийнх мэт хувиргадаг, дээр дооргүй тойрон хүрээлэгчтэй, компанийг жижиглэн хуваах, хүчтэй захирлуудыг хооронд нь хагаралдуулах, аль нэгэнд нь зулгуйдах гээд бүгдийг өөрт ашигтайгаар эргүүлж чадах сэтгэл зүйн манипуляци хийсээр л байх болно.
 
Үүний бурууг өнөөгийн Монголын боловсролын системээс хайх хэрэгтэй.  Учир нь энэ систем бүхэлдээ дампуурчихсан гэж хэлж болно. Хүний сэтгэл зүйн хандлага 21 насандаа бүрэн төлөвшиж, ажилд ороход бэлэн болдог. Уг нь аливаа боловсролын системийн гол үүрэг нь хүнийг тоо бодуулж сургахдаа биш харин зөв сэтгэл зүйн төлөвшил, хүмүүжилтэй боловсон хүчнийг нийгэмд, компанид, төрд бэлтгэхэд оршдог.

Гэтэл харамсалтай нь аль хэдийн буруу хүмүүжигчид компаниудад олноор нийлүүлэгдэж байна. Тиймээс захирлууд энэ нөхцөл байдлыг зөв дүгнэж, аль болох сэтгэл зүйн хувьд эрүүл орчныг бүрдүүлэхийг чармайх хэрэгтэй. Үгүй бол таныг анзаарч амжаагүй байхад байгууллага чинь худал хуурмагт тэр чигтээ живэх болно.
Эх сурвалж: Ganzo.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна