УИХ-ын гишүүн Л.Энхболд: ЭTT хк-ны талбайгаас хулгайд алдагдсан 340,000 тн нүүрсний асуудлаар МУ-ын ерөнхий сайд У. Хүрэлсүхээс асуулга тавиллаа

2019/05/16
Тавантолгойн бүлэг орд газарт хууль бусаар нүүрс олборлон борлуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгах үүрэг бүхий Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, шалгалтын нэгдсэн дүнг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. 
Тус шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр зарим этгээдүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан,улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй талаарх хэд хэдэн баримтууд ил болсон. Дээрх алдагдсан нүүрсний хэргийг миний бие эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл уг асуудлыг хөндөж,гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж, шударга ёс, хариуцлагыг тогтоохын төлөө ажиллаж байна. 
Иймд Улсын Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна.Үүнд:
  1. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас алдагдсан гэх нүүрсний бодит хэмжилтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилсон итгэмжлэгдсэн компанийн маркшейдерийн хэмжилтээр 340,092.98 тонн нүүрс хилдаван олборлосон гэж тогтоосон байна. Тухайн 340,092.98 тонн нүүрсийгхэн, хэрхэн, яаж олборлосон талаарболон тухайн нүүрсний төлбөр нь төлөгдсөн эсэх талаар;Мөн хууль, хяналтын байгууллагууд дээр алдагдсан нүүрсний хэргийн шалгалтын явц ямар шатандаа байгаа, энэ талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар;
 
  1. Гаалийн ерөнхий газрын ажлын хэсгийн дүгнэлтээр "Тавантолгойтранс"ХХК нь 2013-2017 онуудад “Тавантолгой” ХК-иас 1,795,128,82 тонн нүүрс худалдан авсан бол 2013-2017 онуудад нийт 2,185,463.95 тонн нүүрс экспортолсон байна.Балансаар харахад 390,335.13 тонн нүүрсний зөрүү гарч байна. Дээрх илүү гарсан 390,335.13 тонн нүүрсний эх үүсвэр нь тодорхой бус тул хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гаалийн байгууллага, хил хамгаалах байгууллагууд тус эх үүсвэр нь тодорхойгүй гаргасан нүүрсний талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар;
 
  1. Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан мэдээгээр 2013-2017 онуудад Гашуунсухайт боомтоор нийт 849,141 автомашин хилээр гарсан байгаа бол Гаалийн ерөнхий газрын мэдээгээр мөн онуудад 814,243 автомашин нүүрс тээвэрлэсэн тухай бүртгэлтэй байна. Дээрх 2 байгууллагын бүртгэлийн зөрүүнээс харахад 35,000 орчим автомашин хилээр хоосон гарсан байж болзошгүй байна. Үүнээс Гаалийн ерөнхийгазрын бүртгэлээр 2013-2017онуудад Гашуунсухайт боомтоор 2527 машин 17124 удаагийн давтамжтай хоосон гарсан бүртгэлтэй байгаагаас 59 аж ахуй нэгжийн 3982 машин олон удаагийн давтамжтайгаар хилээр хоосон гарсаннь нүүрс тээвэрлэсэн байх магадлалтай тул шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн боловч одоог хүртэл ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл огт байхгүй байна. Энэ талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын явц болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар;
          2011-2013 оны хооронд 70 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий 379,000 тонн нүүрс хулгайгаар экспортлогдсон бөгөөд их хэмжээний татвараас зайлсхийсэн асуудал шалгалтаар тогтоогдсон боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон тухай Монгол Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан мэдэгдсэн. Иймд дээрхийн адилаар асуудал дахин давтагдахаас сэргийлж, уг хэргийг хэрхэн шийдвэрлэхийг Монголын ард түмэн өндөр хүлээлттэйгээр харж байгаа тул Монгол Улсын Засгийн газраас үнэн зөв, бодит мэдээллийг өгөх шаардлагатай байна.
         Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд миний бие, улс төр, бизнесийн бүлэглэл дамнасан этгээдүүдийн ашиг сонирхол, гэмт хэргийн шинжтэй, хууль зөрчсөн шударга бус үйлдэлтэй хэрхэвч эвлэрэхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2.7-д заасны дагуу Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч, иргэдийнхээ эрх ашгийн төлөө явах цаг болсон гэж үзэж байна. 
 
         Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна