Синдикат ярилцлагын баг энэ удаагийн дугаарын зочноороо АНУ-ын цахиурын хөндий дэх Google компанийн төв оффист програм хангамжийн инженерээр ажиллаж буй Б.Баттулгыг урьж, “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” сэдвээр ярилцлаа. Хэдий цаг бага байсан ч бид ярилцлагаараа математик, боловсрол, блокчэйн, хиймэл оюун ухаан, робот, машин сургах технологи, шинжлэх ухаан, квантум компьютер гээд олон сэдвийг хөндөхийг зорьлоо.
В.Ганзориг: Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гээд яагаад дэлхий нийтээрээ ач холбогдол өгөөд байна вэ? Ер нь нэг, хоёр, гуравдугаар хувьсгал нь юу байсан юм бол оо?
Б.Баттулга: Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын тодорхойлолтыг уншвал дрон, хиймэл оюун ухаан зэргийг багтаасан нэлээд урт юм бий. Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал уурын хөдөлгүүр бий болсноор эхэлсэн. Ингэснээр зөвхөн хүний хөдөлмөр л үнэ цэнэ бүтээдэг байсан бол капитал нэмж ашигладаг болсон. Том хэмжээний үнэ цэнэ бүтээхийн тулд их хэмжээний хүний хөдөлмөр, олон боол хэрэгтэй болдог байсан бол энэ хувьсгалаас хойш шууд капитализм руу шилжсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл уурын машин бий болсноор хүний нийгэм тэр чигээрээ өөрчлөгдсөн.
Аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгалын огноог яг тодорхой хэлэхэд хэцүү. Маш энгийнээр хэлбэл форд машинаар энэ хувьсгалыг төсөөлж болно. Хүний хөдөлмөр, капиталаас үнэ цэнэ бүтдэг байсан үед хөрөнгөтэй хүмүүсийн үнэ цэнэ өсч байсан. Тэд илүү үнэ цэнэ бүтээхийн тулд нэг бол капиталаа нэмэх, эсвэл хүнээ бага цалингаар ажиллуулах сонголттой болсон. Үүнээс үүдсэн капитализмын хямралын үеэр форд зах зээл дээр гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, үнэ цэнэ бүтээхийн тулд зөвхөн хөдөлмөр, капиталаас гадна хүний оюун ухаан хэрэгтэй гээд үйлдвэрлэлийн процессийг тэр чигээр нь өөрчилсөн түүхтэй. Ингэснээр маш өндөр цалинтай нарийн мэргэшсэн хүмүүсийг ажиллуулж тэр хэрээр өндөр бүтээмж, үнэ цэнэ бий болгодог үйлдвэрлэлийн эрин рүү шилжсэн.
Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгал бол та бидний сайн мэдэх мэдээллийн технологи ба интернэтээс үүдэлтэй. Дөрөвдүгээр хувьсгал руу орох үед гуравдугаар хувьсгалын үед гарснаас илүү том өөрчлөлтүүд гарахаар байна. Тухайлбал, үнэ цэнэ бүтээх процесст ордог хүний хөдөлмөрийн оролцоо улам бүр багасна. Өөрөөр хэлбэл, капитал ба оюун ухаан байхад л үнэ цэнэ бүтээх боломжтой гэсэн үг. Хүн роботыг бүтээгээд, робот бусдыг нь бүтээнэ. Маш том хэмжээний үйлдвэр байгуулах, эсвэл олон хүн ажиллуулах шаардлагагүй болно. Энэ бүхэн хүний оюун ухаан ба капиталаар солигдоно. Үүнээс үүдээд хиймэл оюун ухаан, робот, 3D принтерийн үүрэг тодорхойлогдоно. Үнэ цэнэ бүтээдэг уламжлалт томъёог өөрчилсөн энэ бүх зүйлийн нийлбэрийг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж ойлгож болно.
В.Ганзориг: Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын давуу талыг ойлгож байна. Гэхдээ ажил эрхлэлт, эдийн засаг дахь иргэдийн тэгш оролцооны тал дээр хөгжиж буй улсуудын хувьд сөрөг нөлөө үзүүлэх үү?
Б.Баттулга: Энэ бол яах аргагүй гарч байгаа сөрөг тал. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын гол технологи нь хиймэл оюун ухаан байх болно. Хиймэл оюун ухааны гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц хамгийн анхны бүтээгдэхүүн бол өөрөө явдаг машин юм. Жолоочгүй машин гарснаар зөвхөн АНУ-д хоёроос гурван сая ажлын байр байхгүй болохоор байгаа. Энэ үйл явдал ирэх таваас 10 жилийн дотор болно. Үүнээс үүдэн гарах нийгмийн өөрчлөлтөд хэрхэн бэлдэх вэ гэдэг асуулт зүй ёсоор гарна. Энэ өөрчлөлт технологи эзэмшиж буй капиталтай улсуудад давуу тал болно. Эдгээр улсууд хямд хөдөлмөрийн хөлстэй улс орнуудад үйлдвэрээ барьж ажиллуулдаг байсан бол одоо бүгдийг нь буцаан татаад эхэлсэн. Энэ бүхэн хиймэл оюун ухаан дээр суурилан маш өндөр үнэ цэнэ бүтээдэг, цөөхөн хэдэн хүн ажилладаг жижиг үйлдвэрүүдээр солигдож байна. Харин технологигүй, хөрөнгөгүй улсуудын хувьд энэ хувьсгал хөгжлийн хязгаар болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, гадны үйлдвэрүүд оруулж ирэн өөрийн нутагтаа үнэ цэнэ бүтээх боломжууд хязгаарлагдаад эхэлсэн.
В.Ганзориг: Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гээд ярихаар хиймэл оюун ухаан, квантум компьютер гэсэн хоёр нэр томъёо заавал давхар яригддаг. Энэ хоёрыг маш энгийнээр тайлбарлаж өгнө үү?
Б.Баттулга: Математик томъёоллын хувьд хиймэл оюун ухаан сүүлийн үед үсрэнгүй хөгжсөн зүйл байхгүй. Харин тухайн хугацаанд тооцоолон бодох хүчин чадал өссөнөөс болж хиймэл оюун ухаан өдөр тутмын хэрэглээнд ашиглагдах хэмжээнд хүрсэн. Үүнтэй холбоотой суурь дэд бүтцүүд нь бүрэлдээд эхэлсэн. Эхний том бүтээгдэхүүн жолоочгүй машин гэж төсөөлж байгаа. Хүмүүс хиймэл оюун гэхээр хүн шиг ярьдаг, хүн шиг аягладаг роботыг төсөөлөөд байж магадгүй. Үүнээс илүүтэйгээр үйлдвэрийн шат дамжлагуудын процесс, хүний бичдэг байсан алгоритмуудыг machine learning буюу компьютер бичихийг ойлгоно. Энэ бүх зүйл аль эрт эхэлсэн. Технологийн компаниудын хувьд яг одоо тренд болж буй сэдэв бол яах аргагүй хиймэл оюун ухаан байгаа. Харин дараагийн 20, 30 жилд том өөрчлөлт авч ирэх технологи бол квантум компьютер. Гүүгл квантум дээр маш том ач холбогдол өгч ажиллаж байгаа.
В.Ганзориг: Квантум гэхээр асар өндөр хүчин чадалтай компьютер гэж ойлгож болох уу?
Б.Баттулга: Тэгж ойлгож болно. Багасгаад багасгаад хэдэн нанометр болгоод түүнээс цааш явж чадахгүй байгааг квантум компьютерийн хагас дамжуулагч атомын төвшинд аваачих боломжтой гэсэн үг.
В.Ганзориг: Хиймэл оюун ухаан ба machine learning гэдгийг нэг зүйл гэж ойлгож болох уу?
Б.Баттулга: Ерөнхийдөө нэг зүйл гэж ойлгож болно. Machine learning гэдэг нь машиныг яаж сургах вэ гэдэг технологи юм. Машин ашиглан хүний оюун ухааны боломжийг нэмэгдүүлж буйг хиймэл оюун ухаан гэнэ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнийг нь хиймэл оюун ухаан, процессийг нь machine learning буюу машин сургах гэж хэлж болно.
В.Ганзориг: Шатрын дэлхийн аваргыг хождог Ватсон компьютер, София робот, Австрали дахь Рио Тинтогийн уурхайгаас далайн боомт хүртэл явж байгаа жолоочгүй ачааны галт тэрэг гэх мэт эхний бүтээгдэхүүнүүд аль хэдийнэ гарчээ. Энэ бүх боломжууд хэзээ Монголд ирэх бол? Нөгөө талаас энэ хөгжилд бидний оруулах хувь нэмэр юу байж болох вэ?
Б.Баттулга: Маш их оролдлого хэрэгтэй. Хиймэл оюун ухаанаар сурах гээд 20 жилийн өмнө мэргэжил сонгож байхад асар хол мэт санагддаг байсан. Гэтэл өнөөдөр бодит биелэлээ олсон байна. Тиймээс бид нийтээрээ хиймэл оюун ухаан, цаашилбал квантум компьютерийг хийж үзэх оролдлого байнга хийж байх хэрэгтэй. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, томоохон өөрчлөлтийн үед шинэ боломжууд бий болдог. Энэ боломжууд ирэхэд үүнд хэн бэлэн байсан нь хождог. Тэгэхээр энэ өөрчлөлтөд бэлдэх, ирж буй боломжуудыг ашиглахад бэлэн байх нь чухал болж байна.
В.Ганзориг: Сүүлийн үед амжилттай хэрэглэгдэж буй технологийн нэг нь блокчэйн. Энэ бүх технологийн хөгжлийн талаар бид тогтмол мэдээлэл авч буй боловч зарим маань сайн итгэж өгөхгүй байгаа. Жишээ нь, биткойн гэдэг ч юм уу. Энэ хурдтай хөгжил, огцом өөрчлөлт бодит зүйл үү, эсвэл хэзээ нэг цагт хагарах хөөс байх магадлалтай юу?
Б.Баттулга: Блокчэйн яг энэ хэлбэрээрээ байх уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй ч хөгжилд том хувь нэмэр оруулж буй технологи. Хүнийг буруу зүйл хийхэд нь хязгаарлах боломжтой. Хүн, амьтан бүгд ДНК-аас бүрдэг. ДНК-г ямар нэг байдлаар хязгаарлах, тэр хүнийг үйлдэл хийхийг нь болиулах боломжтой боловч роботыг тэгэх боломжгүй. Блокчэйн хиймэл оюун ухааныг хязгаарлах эсвэл энэ зүйлийг хийж болохгүй гээд хэзээ ч биелэгдэхгүй нөхцлийг үүсгэх зэрэгт ашиглагдах магадлалтай. Ирээдүйд блокчэйн энэ хэлбэрээрээ, эсвэл арай жаахан өөрчлөгдсөн хэлбэр хэрэглэгдэх байх. Энэ технологийг манайд хүн болгон сонирхдог атлаа хэрэглээ болж чадахгүй удаад байгаагийн шалтгааныг инженерүүдийн дутагдалтай холбон харж байгаа. Сүүлийн хэдхэн жилийн дотор маш олон технологийн компаниуд Монголд бий боллоо. Энэ хэрээр хүний нөөцийн хомсдолд орсон. Хэрвээ бид үүнд урьдчилаад бэлдсэн байсан бол хамаагүй хурдан урагшаа явах боломжтой байлаа. Болдог бол ойрын тав, 10 жилийн дотор Монголдоо 10 мянган инженер, цахиурын хөндийд 1000 монгол инженертэй болчих юмсан гэж бодож явдаг.
В.Ганзориг: Монгол инженерүүдийг бэлдэх тал дээр бодож төлөвлөж буй ажил бий юу?
Б.Баттулга: Маш олон оролдлогууд гарч байгаа. Заавал боловсролын системд өөрчлөлт хийхгүйгээр ерөнхий боловсролын сурагчдад програм бичих зуны сургалт явуулдаг хичээлийн гадуурх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Инженерүүдийн тоог өсгөх ёстой гэж хүмүүс ойлгож байгаа болохоор ойрын хугацаанд дээрх тоо биелэлээ олох байх аа.
В.Ганзориг: Та Гүүгл компанид хэдэн жил ажиллаж байгаа вэ?
Б.Баттулга: 11 дэх жилдээ ажиллаж байна.
В.Ганзориг: Youtube, андройдыг эзэмшдэг Гүүгл компанийн үндсэн бизнес нь юу вэ? Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай уялдуулан ирээдүйн трендийг хэрхэн харж байна вэ?
Б.Баттулга: Гүүглийн орлогын үндсэн эх үүсвэр нь хайлтын систем, зар сурталчилгаа хэвээр байгаа. Гэхдээ Google Play, Youtube TV, Youtube контентийн бизнесүүд нэмэгдэж байна. Дараагийн тренд хиймэл оюун байна. Хиймэл оюунд хэрэглэгддэг үндсэн алгоритм болох Tensorflow зэргийг нэгтгэсэн нээлттэй эхийн төсөл дээр маш их хөрөнгө зарцуулж байгаа. Түүнчлэн хиймэл оюунд хэрэглэгдэх машинуудын дизайн, чипийг нь хийх ажил их хүчин чармайлт гаргаж байна.
В.Ганзориг: Тэгэхээр Гүүгл програм хангамжаас гадна хардфэйр буюу тоног төхөөрөмжийн бизнес рүү орж байна гэсэн үг үү?
Б.Баттулга: Яг тийм биш одоохондоо. Бүр хагас дамжуулагч үйлдвэрлэх чиглэл рүү яваагүй ч хиймэл оюун ухаанд хэрэглэгдэх машины дизайн хийх хэмжээний шинэ бизнес рүү орж байгаа. Дээр нь өөрөө явдаг Waymo машины төсөл байна. Жолоочгүй машины төсөл 5 үе шаттайгаас 4 дэх шатандаа одоо явж байгаа. Энэ шатанд машин өөрөө явах ч жолооны ард заавал хүн суух ёстой байгаа. Харин 5 дахь шатанд жолооны ард хүнгүй болох юм. Ирэх 10 жилийн дотор 5-р үеийг дуусгана.
В.Ганзориг: Гүүгл компанид нийт хэдэн монгол ажилладаг вэ?
Б.Баттулга: 16 орчим залуус ажилладаг. Яг инженерээр ажиллаж байгаа 9 хүн байгаа.
В.Ганзориг: Гүүгл компанид ажиллах байгаагаа ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээн дээр нь Монгол Улсаа “наан” хамаатуулж оруулах ямар боломжууд байдаг бол?
Б.Баттулга: Сүүлийн үед энэ дээр санаснаараа бүрэн төвлөрч чадахгүй байгаа. Харин ажилд орсныхоо эхэн үед яг ийм зорилго тавин ажилладаг байсан. Үндсэн ажлынхаа хажуугаар хүмүүсийг Монголд аваачин зах зээл, бүтээгдэхүүн, маркетингийн судалгаа хийж, Гүүглийн монгол элчээр нэлээд удаан ажилласан. Төлөвлөж зорьж байсан ажлуудаасаа хийж чадсан нь ч байгаа, чадаагүй нь ч байгаа. Хийж чадаагүй нэг ажил бол Гүүглийн төлбөрийн систем. Одоо хүртэл Монгол үүнд орж чадаагүй байгаа.
В.Ганзориг: Үүний шалтгаан нь юу юм бэ?
Б.Баттулга: Монголын банк санхүүгийн систем олон улсын банкны системтэй ижил төвшинд хүрвэл шууд холбогдох боломжтой. Ингэж чадахгүй бол дотоод орчинд нь тааруулсан нэмэлт хөгжүүлэлтийг тусгайлан хийх шаардлагатай болдог. Энэ нь өндөр өртөгтэй шийдэл бөгөөд Гүүглийн энэ бүтээгдэхүүнийг хариуцсан багт энэ хөгжүүлэлтийг дэлхийн олон улсад хийх хангалттай нөөц байхгүй. Харин Гүүглийн бусад бүтээгдэхүүнийг монгол хэл рүү хөрвүүлэх, Гүүглийн орчуулга дээр монгол хэл дээр оруулах зэрэг ажлуудыг нь тухайн багуудтай нь холбогдон ажил хэрэг болгосон.
В.Ганзориг: Математикийн шинжлэх ухаан, технологийн хурдтай хөгжил ирээдүйд биднийг ер нь хаашаа хөтлөөд байна вэ?
Б.Баттулга: Шинжлэх ухааныг шал өөр зүйлтэй холбох гэсэн эндүүрэл хааяа ажиглагддаг. Эцсийн дүндээ бүх зүйл математик. Хиймэл оюун ухааныг судалж байх явцад хүний тархи гэдэг бол компьютер буюу математик дээр суурилсан тодорхой функцуудын ажиллагаа гэдгийг харсан. Хүн төрөлхтөн математикаас холдож болохгүй юм байна гэдэг эцсийн дүгнэлтэд би лав хүрсэн. Зөвхөн манай дэлхий, бидний хүрээлэн буй орчин биш хорвоо ертөнц тэр чигтээ хэдхэн функц дээр тогтож байдаг нь маш сонирхолтой байдаг. Иймэрхүү зүйлийг сонирхон унших дуртай. Олон хэмжээст ертөнцийн тухай онолын төвшинд математик томъёонууд байгаа болохоос бус бодитой батлан тайлбарласан зүйл хараахан байхгүй байгаа.
В.Ганзориг: Математик бүү хэл боловсрол хэрэгтэй, хэрэггүй гэдэг яриа тоглоом шоглоом биш нэлээд нухацтай төвшинд үе үе яригдах боллоо. Боловсролын үнэ цэнийг юу гэж боддог вэ?
Б.Баттулга: Боловсролын тухай ойлголт дэлхий даяар бага зэрэг өөрчлөгдөж байна. Түрүүлж бүх юмыг судлан сурж өөрийн болгож байхаар асуудал тулгарсан тухай үед нь суралцаад явах тухай ойлголт яваад байгаа. Энэ хувилбарт давуу, сул талууд бий. Гэхдээ энэ ойлголтыг өмнөх боловсролтойгоо нэмж хэрэглэх тухай болохоос бус түрүүлж сурахаа огт болих асуудал биш. Тригнометрийг маш цөөхөн хүн амьдралдаа хэрэглэдэг хэдий ч үүнийг сурах нь танд асуудлын шийдэл гаргах тархины дасгал, фитнес дадал болдог. Өөрөөр хэлбэл, тригнометрийг амьдрал дээр өдөр бүр хэрэглэхийн тулд сурдаг зүйл биш. Арифметик яагаад сурах ёстойг манай багш надад тайлбарлаж байсан юм. Квадрат эсвэл систем тэгшитгэл бичиж сурах нь хүнд ямар ч хэрэгцээгүй санагдаж магадгүй. Гэхдээ ингэж тэгшитгэл бичих, арифметик сурах нь асуудлын шийдлийг олох чадвар суулгадаг тархины дасгал болдог. Түүнээс биш цаг нь ирэхээр хэрэглэж асуудлаа шийднэ гээд хадгалаад явдаг юм биш. Хүн амьдралдаа ихэнх асуудлаа шийдэж чадахгүй өнгөрдөг. Энэ бол аль болох олон асуудал шийдэх чадвараа дээшлүүлэх тухай асуудал юм. Иймээс хүн заавал тархиа хөгжүүлж байх ёстой. Үүний тулд математик сурах ёстой.
Боловсролын тухай бас нэг маргаан бол хүүхэд бүр өөр тул ялгаатай сургалт авч, бүтээлч байдлаа хөгжүүлэх ёстой гэдэг ойлголт юм. Энэ бол нэг талаар гарцаагүй үнэн бөгөөд боловсролын дэвшил болсон шинэ концепц. Гэхдээ бүтээлч байхын тулд хүүхдүүдийн тэмцээн уралдаан, хоорондын өрсөлдөөнийг болиулъя гэдэг бол үнэхээр хоцрогдсон, маш буруу ойлголт шүү. Гүүглэд инженерээр ажиллаж буй 9 монгол залуус бараг бүгд математик, мэдээлэл зүйн улсын болон олон улсын уралдаан, тэмцээнд орж байсан.
В.Ганзориг: Олон улсын олимпиад, тэмцээнд амжилттай оролцож байсан нь Гүүглд ажилд ороход давуу тал болдог юм уу?
Б.Баттулга: Үгүй. Энэ огт хамаагүй. Магадгүй товч намтрыг нь уншсан хүний нөөцийн ажилтнууд л энэ мэдээллийг авдаг байх. Тухайн хүнээс ярилцлага хийн шалгаж ажилд авдаг. Энэ процедурыг давж гараад ажилд орж байгаа нь нөгөө л олон улсын олимпиад, тэмцээнд орж байсан залуус байдаг. Өндөр технологи хөгжүүлж буй газруудад хамгийн хэрэгтэй зүйл нь өрсөлдөөнт зан чанар байдаг. Үүнийг ерөөсөө хаяж болохгүй. Хаях л юм бол одоогийн манай боловсролын системээс авч үлдэх юм байхгүй болно. Иймээс уралдаан, тэмцээн, олимпиад заавал байх ёстой. Нэмээд яаж хүүхдүүдээ улам бүтээлч болгох вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Асуудлыг олж харах чадвар бидэнд их дутагддаг. Харин асуудлаа олоод харсан хойно түүнийг шийдэх чадвар бидэнд бий. Европуудтай харьцуулахад энэ нь магадгүй соёлын ялгаатай байдлаас үүсдэг болов уу. Тухайлбал, бид юмыг шууд шүүмжилж, муу юмыг муу гээд хамаагүй хэлж тэр болгон чаддаггүй.
В.Ганзориг: Сүүлийн үед ялангуяа бага ангийн хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлсэн уралдаан, тэмцээн зохиох байгуулах нь буруу. Тэр байтугай дүн тавьж үнэлэх ёсгүй гээд ярьдаг болсон. Энэ буруу гэсэн үг үү?
Б.Баттулга: Би хувьдаа буруу гэж боддог. Харин ч тэмцээн, уралдааныг улам олон болгох ёстой. Хүүхдүүд тэр дундаас хэрэгтэй зүйлээ олж авдаг, түүнийхээ төлөө тэмцэж өрсөлддөг байх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл өөрчлөлт хийгдэх, эсвэл тоглоомын дүрэм өөрчлөгдөхөд шинэ боломж бий болдог. Үүнийг улсаар жишиж хэлбэл Вьетнам. Энэ улс руу Солонгосын технологийн компаниуд нүүгээд эхэлсэн. Вьетнамын экспортын 35 хувийг Самсунг электроникс дангаараа хийж байна. Энэ бол маш том өөрчлөлт. Бүхэл бүтэн улсыг хэдхэн технологийн компани орвонгоор нь өөрчилж буйн бодит жишээ. Яагаад заавал Вьетнам гэсэн асуулт гарна. Учир нь тухайн улстай ямар нэг асуудал үүссэн эсвэл ирээдүйд үүсч магадгүй гэдэг шалтгаанаар Хятадад байсан үйлдвэрүүд нүүх шаардлагатай болсон. Эдгээр компаниуд үйлдвэрээ байгуулах шинэ улс сонгох ёстой болсон. Монголтой харьцуулбал Вьетнам 100 сая хүнтэй том зах зээл. Манайтай адилхан зүйл нь залуучуудын улс. Дайны хүнд үеүүдийг даван гарсан, оюутнууд нь маш өндөр чадвартай, сурах эрмэлзлэлтэй. Бүх төрлийн олон улсын олимпиад тэмцээнүүдэд Вьетнам шиг идэвхтэй оролцож, өндөр амжилт үзүүлдэг улс ховор. Гэсэн атлаа нэг хүнд ногдох ДНБ-ээр Монголоос хамаагүй бага. Ийм хүний нөөцийн баялагтай учраас өндөр технологийн компаниуд Вьетнамыг сонгон нүүж тэнд үйлдвэр, салбараа байгуулж байна.
Самсунгийн гар утасны үйлдвэр нүүгээд очсон. Одоо хагас дамжуулагчийн үйлдвэр нь нүүх тухай яригдаж байна. Ингэвэл дэлхийд монополь байдаг, дэлхийн хамгийн өндөр технологи болох Солонгосын хагас дамжуулагчийн төв нь Вьетнам улс болно. Хэрвээ бид энэ бүх нөхцөл байдлыг урьдчилж хараад өрсөлдөх, тэмцэх чадвартай хүнийн нөөцөө бэлдэж чадсан байсан бол Вьетнам шиг сонголт байж болох байсан. Түүнээс биш монголчууд сайхан сэтгэлтэй юм чинь гээд гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй.
Яг одоо Google, Apple хоёр квантум компьютер үйлдвэрлэх гээд өрсөлдөж байна. Компьютер үйлдвэрлэхэд сайхан сэтгэлтэй хүн хэрэгтэй гэж би лав олж уншаагүй. Тийм учраас яах аргагүй математик, боловсрол, оюуны өндөр чадвар хэрэгтэй төдийгүй маш чухал гэсэн үг.
В.Ганзориг: Энэ бүх нөөцийг зөв ашиглаж чадна гэж өөдрөгөөр тооцвол хэдэн жилийн дараа бид Вьетнам шиг сонголт болж чадах бол?
Б.Баттулга: Инженерээр бэлтгэгдэж байгаа оюутнуудын тоог жил бүр хоёр дахин өсгөж чадвал таван жилийн дараа нэг хүнд ногдох инженерийн тоо, бүтээлч байдлаараа Вьетнамтай зэрэгцэж чадна. Нэмээд бид шинэ тренд гарч ирэхэд улсаараа шуурч чаддаг ард түмэн. Өөрчлөлтийг богино хугацаанд хийх хурдтай тул нэг их хол санагдаж, хэцүү зүйл гэж бодогдохгүй байна. Ердөө тав, 10 жилийн өмнө цахиурын хөндийд цөөхүүлээ байсан бол одоо бараг 300 монгол инженер тэнд технологийн компаниудад ажиллаж байна. Тэр үеийг одоо үетэй харьцуулбал маш том ялгаа гарна. Гэхдээ тэр ялгаа нь Америкт биш Монголд гарч байгаа. Дээр үеийн монголын технологийн компаниуд MySQL дээр HTML загвар тавьдаг л хэмжээнд байсан. Тэр үед Google, Youtube үүсч байсан бөгөөд гадныхан технологийн хөгжлөөр биднээс хол тасарсан байсан. Харин одоо цахиурын хөндийд хэдэн зуун монгол инженертэй болоход л монгол компаниудын технологийн төвшин, хурд асар өөр болсон. Иймээс хүмүүсээ гадагшаа явуулах ёстой, буцаагаад бас сайн авч ирэх ёстой.
В.Ганзориг: Монгол залуус гадагшаа гараад дууслаа, тархины дайжилт явагдаж байна гэж ярьдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
Б.Баттулга: Бүгд гараад явчихвал асуудал үүсч таарна. Гэхдээ гадагшаа явснаар Монголдоо илүү их зүйлийг оруулж ирж, өөрсдийгөө хөгжүүлдэг. Жишээ нь, 20 жилийн өмнөх дэлхий ба монголын мэдээллийн технологийн хөгжлийн зөрүүг өнөөдөртэй харьцуулаад бодоорой. Энэ зөрүүг гадагшаа явж сурч ажиллаж буй, буцаж Монголдоо ирсэн залуус арилгаж байгаа. Эдгээр хүмүүс ноу хау тээж ирэгчид юм. Цаашдаа ч улам их мэдлэг, мэдээлэл авч ирэх ёстой.
Монгол бол мэдээллийн технологийн туршилт, жижиг тест хийх маш сайхан боломжтой газар. Энэ бол Монголын давуу тал. Хятадад жишээ нь ийм туршилтыг томоор хийхгүй бол үр дүнд хүрэхэд хэцүү байдаг. Харин манай сул тал яах аргагүй хүний нөөц! Энэ байдал хаа сайгүй ажиглагдаж байна. Ийм учраас Монголдоо хэд хэдэн газар технологийн зөвлөгөө өгч, хүмүүсийн ажилд тус дэм болох ажил хийж байгаа.
В.Ганзориг: Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үр шимийг хэрхэн хурдан хүртэх вэ?
Б.Баттулга: Хамгийн эхэлж хийх ёстой зүйл бол оюутнуудаа сайн бэлдэх буюу боловсролын салбараас эхлэх ёстой. Илүү олон инженерүүдийг бэлдэх, улам илүү бүтээлч (creative) болох, асуудлыг олж харж чаддаг байх, олж харсан асуудлаа шийдэж чаддаг хүмүүсийг бий болгох хэрэгтэй. Хамгийн их ажлын байр, хамгийн их үнэ цэнэ бүтээх боломжтой талбар бол яах аргагүй мэдээллийн технологи, програмчлал, электроникийн салбар юм. Хэрвээ 20, 30 жилийн дараахийг харж байгаа бол квантум компьютер, био технологи руу хүүхдүүдээ одооноос чиглүүлээрэй. Хүнээ бэлдээгүй нөхцөлд бид Монголдоо хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулах, өндөр технологийн төв болох ямар ч боломжгүй.
В.Ганзориг: Ирээдүйн инженерүүдэд өгөх таны зөвлөгөө юу вэ?
Б.Баттулга: Технологийн компаниуд хамгийн түрүүнд тухайн хүний оюун чадварыг харж үнэлдэг. Мэдээж хүнтэй хамтран ажиллах чадвар, харилцааны соёл зэрэг нь ажилд авах шалгуурууд мөн. Гэхдээ ач холбогдлын зэргээр тэргүүн эгнээнд бичигддэггүй. Хамгийн чухал зүйл бол оюуны потенциал. Оюуны чадварыг математикаар л хэмждэг. Ажил дээр код бичүүлж, асуудлыг хэрхэн шийдэж буйг чинь хардаг. Иймээс математикаар оюуны чадвараа хөгжүүлж, асуудлын шийдлийг гаргаж сурах тал дээрээ илүү сайн төвлөрөөрэй гэж хэлмээр байна.
В.Ганзориг: Зөв бодлого гарган, хүнээ эртнээс бэлдэн хөрөнгө оруулж чадвал уул уурхайн салбараас илүү нөлөөг технологийн компаниуд манай улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх боломжтой юм байна. Цаашилбал Самсунг гэх мэт компаниудын технологийн төв ч болох боломжтой гэж ойлголоо. Таны ажилд амжилд хүсье!
Сэтгэгдэл бичигдээгүй байна