Энэ сарын 18-ны өдөр иргэн Л.Өнөрчимэг нь "Гүрэнт Монгол" хөдөлгөөнийхөнтэй хамтран Налайхын уурхайн 51 хятад ажилчдын бичиг баримтыг нь хураан авсан байдаг. Тэрбээр хятад ажилчдын визний хугацаа дууссан хэмээн хэлж байсан. Харин цагдаагийн байгууллагын зүгээс дээрх ажилчдын бичиг баримтыг шалгахад зөрчил илрээгүй байна.
Тэгвэл иргэн Л.Ѳнѳрчимэгийн хятад иргэдийн бичиг баримтыг хурааж авсан дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ Нэгдүгээрт, энэ нь цагдаагийн байгууллагатай хамтарсан үйл ажиллагаа биш. Хоёрдугаарт, Аливаа хүний бичиг баримтыг төрийн холбогдох эрх бүхий байгууллагаас шалгах ёстой. Гадаадын иргэний визний зөрчилтэй холбоотой асуудлыг Гадаадын иргэн харъяатын газрын асуудал эрхэлсэн агентлаг шалгаж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ёстой. Хэрвээ гэмт хэргийн зөрчилтэй зүйл ажиглагдвал иргэд, ТББ-ын зүгээс холбогдох байгууллагад мэдээллэх л үүрэгтэй. Гэтэл төрийн захиргааны ажилтны нэрийг барьж үйл ажиллагаа явуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж буй асуудал юм. Тиймээс Налайх дүүрэг дэхь цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтыг хийж байна” хэмээн ярив.
Сэтгэгдэл бичигдээгүй байна