Пап Францис Монгол дахь айлчлалынхаа талаар сүсэгтнүүдэд юу ярив

Zuv.mn
2023/09/08

Гэгээн Петрийн талбай, Ватикан, 2023.IX.06 

Шашны тэргүүн нь албан ёсны тоо баримтаар 1450 гаруйхан сүсэгтнүүдтэй Монгол Улсад айлчилсан нь даян дэлхийн католикуудад одоо ч сонирхолтой хэвээр байгаа аж. Пап Францис энэ сарын 6-ны орой Ватикан дахь Гэгээн Петрийн талбайд хурсан сүсэгтэн олонтой уулзах үедээ Монголд хийсэн айлчлалынхаа тухай сэтгэгдлээ хуваалцжээ.

Цөөн сүсэгтэнтэй улсыг чухалчлан сонгосон тухайд Пап “Би хүн амын тоо, улсынх нь том жижиг гэх мэт өнгөн хэлбэрт ач холбогдол өгдөггүй. Харин ч анхаарлын төвөөс хол байдаг, шашны уламжлал, соёл өөр улсад байгаа хэрнээ бидний бурхантай ойр байж чадаж байгаа тийм хүмүүсийг зорьж очсон. Өмнө ч тийм байхыг хичээж ирсэн” гэжээ.

Улаанбаатарт байрлах, монгол католикууд чуулдаг сүмд зочилсон тухай харин “Гүн сүсэг бишрэлтэй, даруухан, баяр баясгалангаар дүүрэн байсан” гэж ярьсан байна.

Түүнчлэн, зөвхөн католик шашны шугамаар айлчилсан ч бүх шашны анхаарлын төвд байсандаа сэтгэл нь догдолсон гэсэн байна. Манайхан папыг айлчлах үеэр Монгол дахь бүх шашны тэргүүнүүдийг цуглуулан уулзалт зохиож, “Монголын эзэнт гүрэн шашны эрх чөлөө” гэдэг ойлголтыг анх бий болгож, шашнаас ялгаварлахыг хатуу хориглож байсан түүхийг дэлхий нийтэд дахин нэг сануулж чадсан. Энэ нь Пап Францист зохих ёсоор нөлөөлж, сэтгэлийг нь догдлуулсан болохыг тэрбээр сүсэгтэн олонтойгоо хуваалцжээ.    

"Би Азийн зүрхэнд очсон. Энэ нь надад их сайн юм боллоо" гэж тэрбээр онцолжээ.

Түүнчлэн, шашин бол захирах арга хэрэгсэл гэдэг ойлголтын эсрэг байж мэдэх нэг мэдэгдэл хийсэн нь “1992 онд Монголыг зорьсон номлогчид монголчуудыг шашиндаа оруулж, улам бүр түгээж дэлгэрүүлэх гэж яваагүй. Харин монголчууд шиг амьдарч, өөрсдиййнх нь хэлээр ярьж, үнэт зүйлсийг нь танин мэдэж, сайн мэдээг монгол маяг, монгол үгээр номлох гэж явсан юм. Католик шашин нь итгэл дээр дөрөөлөн сүмүүдийг нэгтгэх явдал биш. Харин сайн сайхныг тухайн газар нь шингээж, амьдарч буй тэрхүү хүрээндээ, хамт байгаа хүмүүстээ шингээдэг бие даасан түгээмэл байдал юм” гэсэн явдал байв.

Пап Францис монголчуудыг шашин шүтлэг, итгэл үнэмшлээ эрэл хайгуулын үндсэн дээр чин сэтгэлээсээ, бусдаас хамааралгүй байдлаар олж авахыг хичээдэг, буддын шашны агуу уламжлалтай улс гэж онцлоод “Бид ихэвчлэн модны унах чимээг л сонсдог, гэтэл дэлхий хэмээх цэцэрлэгт хэчнээн олон газарт сайн сайхны үр дэлгэрч буйг бодоод үзээрэй” гэсэн байна.   

Түүнчлэн “Монголын ард түмэн язгуур, уламжлалаа дээдэлж, ахмад настнуудаа хүндэлж, байгаль орчинтойгоо зохицон амьдардаг хүмүүс” хэмээн онцолж байгаад “Монгол орны хязгааргүй, аниргүй өргөн уудам нутгийг бодоод хараагаа тэлж, илүү алсыг харахыг хичээ, жижиг зүйлд бүү баригд. Бусдын сайн сайхныг олж харах, ард түмэн, соёл иргэншлийг ойлгож, ойр дотно байх нь зүрх сэтгэлээ тэлэх цорын ганц арга зам юм” хэмээн сүсэгтэн олондоо сургажээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.