“Хямдралтай бараа”-ны төлөө дэлхий нийтээрээ л “амиа тавьдаг”

Zuv.mn
2023/09/08

10 дугаар хороололд нээгдсэн “И март”-ын хямдрал, түүнээс ол авахыг хүсэгчид олон нийтийн сүлжээ ашиглагчдын өчигдрийн гол сэдэв байв. Үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэгсэд харамсалтай нь, “Монголчууд үнэгүй, хямдралтай юманд нүгэлтэй дуртай улс юм”, “Хөгжтөлөө өдий байна даа”, “Ийм хүмүүс ирэх жил сонгууль өгнө гэхээс л...” гэх мэт хаа хамаагүй сэдэвтэй хольж хутгасан сөрөг сэтгэгдэл голлохыг хараад урам хугарав.

Хямдрал бол угаасаа л бүгдийг хошууруулдаг. Их хямдралын өдөрт оноосон “Хар баасан гараг” гэх нэршил хүртэл хямдралтай барааны төлөө явагддан манайхны хэлдгээр “алаан”-тай холбоотой. Хямдралын үеэр найман зүгээс хүмүүс цугларч, гэмт хэрэг, зам тээврийн осол, азгүй тохиолдол, учралууд нэмэгдэж, ажлын ачаалал нь эрс ихэсдэг байснаас Филадельфигийн цагдаа нар 1960-аад оны үед “Хар баасан гараг” гэх нэршлийг гаргасан гэдэг.

Хямдрал байнга л зарлагдаж байдаг АНУ-д “Хар баасан гараг”-ийн үеэр хүн дарагдаж гэмтэх, бүр үхэх тохиолдол ховор биш гардаг.


Статистикаас харвал, 2006 оноос хойш АНУ-д хямдралын үеэр дэлгүүрт 12 хүн амиа алдаж, 112 хүн хүндээр гэмтжээ. 2008 онд Нью Йоркийн Лонг Айлен дэх “Уолмарт”-ын салбарт хямдралтай бараа авахаар цугласан үйлчлүүлэгчид худалдагийг дараад алчихсан харамсалтай, хэт “азарт”-сандаа буу гаргаж, дургүйг нь хүргэсэн гурван хүнийг буудчихсан балмад тохиолдол ч байна. 2008-2017 онд АНУ-ын дэлгүүрүүдэд хямдралын үеэр буудаж танхайрсан тохиолдол 44 удаа гарсан байх юм.

Хар баасан гарагийн үеэр болдог аймшигтай үхлүүдийн талаар "Хүн үхжээ, яагаад гэвэл хар баасан гараг болж байгаа болохоор" гэж, ер нь хямдралын үеэр хүн үхэх нь ердийн үзэгдэл мэтээр гарчигласан нийтлэл /https://listverse.com/2017/11/.../ ч байх юм. 

2013 онд Калифорнийн “Target” дэлгүүр дотор сүүлийн “Xbox” тоглоомыг өөрийн болгосон залууг арын хүмүүс нь нийлээд зодож алсан гэх мэтээр балмад тохиолдол маш олон. 12 үхэл, 112 гэмтэл бол үхэхээс наагуур болгосон маш ноцтой тохиолдлууд бөгөөд хүчирхийлэл бол байнга гарч байдаг. 2011 оны “Хар баасан гараг”-ийн үеэр хүчирхийллийн хэрэг 73 удаа гарсан гэсэн статистик байна. Тэр бүү хэл үймээн тарьж, үнэгүй эд зүйл олж авах буюу үнэн чанартаа дэлгүүр дээрэмдэх зорилготой хэнээтнүүд ч байдаг тул хямдралын үеэр дэлгүүр рүү явна гэдэг үхэх эрсдэлд өөрийгөө оруулж байгаа хэрэг гэдгийг америкчууд одоо ойлгодог болсон байна.

Товчхондоо, хямдралтай бараанд дугаарлана гэсэн ойлголт дэлхийн аль ч өнцөг буланд эвдэгдэж болно гэдгийг харуулахын тулд дээрх статистикийг бэлтгэлээ.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.