Хүндэтгэлийн "Оскар" гардуулах ёслол хойшилжээ

Х.Батсайхан
2023/09/08

Жеки Чан, 2015 он.

АНУ-ын Кино урлаг, шинжлэх ухааны академи (Academy of Motion Picture Arts and Sciences) салбартаа амьдралаа зориулж гавьяа байгуулсан зүтгэлтэнд олгодог “Academy Honorary Award” буюу манайхан “Хүндэтгэлийн Оскар” гэж нэрлэдэг шагнал гардуулах ёслолын ажиллагааг ирэх нэгдүгээр сарын 9-нийг хүртэл хойшлуулжээ. Уг ёслол ирэх арваннэгдүгээр сарын 18-нд болох ёстой байсан аж.

“Academy Honorary Award” нь “Оскар” аваагүй ч кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст өгдөг шагнал юм. “Оскар”-ын шагналыг тухайн жилдээ хамгийн шилдэг байсан уран бүтээл, уран бүтээлчдэд олгогддог тул тогтмол чанартай уран бүтээл туурвидаг хүмүүс шагналгүй үлдчих сул тал байдаг. “Academy Honorary Award” нь нэг талаар энэ дутагдлыг нөхдөг. Түүнчлэн, шагнал олгогдож эхлэхээс өмнө хийдгээ хийчихсэн алдартнуудыг урамшуулах давхар зорилго ч байсан нь 1928 онд анхны шагналыг “Уорнер брос”, Чарли Чаплин, 1932 онд хоёр дахийг нь Уолт Дисней, 1934 онд гурав дахийг нь Ширли Тимплд өгснөөс харагддаг. Монголчуудын сайн мэддэг уран бүтээлчдээс Акира Куросава, Жеки Чан нар хүүртэж байв.  

Энэ жил уг шагналыг Анжела Бассетт, Мэл Брукс, Кэрол Литтлтон нарт хүртээхээр болоод байв.

 “Vanity Fair” сэтгүүлийн мэдээлснээр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь кино жүжигчид, зохиолчдын зарласан ажил хаялтаас болсон юм байна. Киноноос хүртэх хувь бага байна гэдэг шалтгаанаар Холливудын 160 гаруй мянган уран бүтээлч  өнгөрсөн долдугаар сарын 14-нөөс ажил хаясан бөгөөд түүнээс хойш АНУ-д кино үйлдвэрлэл үндсэндээ зогсоод байгаа юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна