ШИНЭ намын Хэрэг эрхлэх газрын дарга, эрхзүйч Л.Энхтуяатай удахгүй болох гэж буй тус намын III Их хурал болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ШИНЭ намын 3-р Их хурал болох гэж байна. Хуралд хичнээн төлөөлөгч оролцож, ямар асуудал хэлэлцэх вэ?
-21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 700 гаруй төлөөлөгч оролцоно. ШИНЭ нам хатуу гишүүнчлэлээс татгалзаж, дэмжигчдэдээ түшиглэж үйл ажиллагаа явуулж байгаагаараа монголдоо анхдагч. Энэ удаа чуулах 700 гаруй төлөөлөгчийн 30 гаруй хувь нь сонгуульт гишүүд бол бусад нь дэмжигчид. Хурлаар намын дотоод асуудлуудыг хэлэлцэхээс гадна гишүүд, дэмжигчдээ чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах юм.
-Улс төрийн намуудын хурал ихэвчлэн урьдчилан бичигдсэн зохиолын дагуу өрнөдөг. Аливаа хэлэлцэж буй асуудлууд дээр ч хайрцаглагдсан байдлаар санал өгч байгаа нь анзаарагддаг. ШИНЭ нам энэ “жишиг”-ээс ангид байж чадах уу?
-ШИНЭ нам аливаа хурал, үйл ажиллагаагаа МАН, АН шиг “хайрцаглаж” явуулдаггүй. Гишүүд, дэмжигчдийн оролцоог хангаж, ил тод, нээлттэй явуулахыг эрмэлздэг. Ер нь ШИНЭ нам шинэлэг байдлаар ажиллаж, Монголын улс төрд салхи сэвэлзүүлэхийг эрмэлзэж байгааг та бүхэн анзаарч байгаа байх.
-Дээд шүүхэд бүртгүүлсэн ч бүтэцгүй, бодлогогүй, шулуухан хэлэхэд цүнхний гэгддэг намууд цөөнгүй бий. ШИНЭ нам байгуулагдаад дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд хэр өсч дэвжсэн гэж Та үзэж байна вэ?
-ШИНЭ нам МАНАН дэглэмийг эсэргүүцэж боссон, шударга ёсыг нэхсэн иргэдийн нэгдэл дээр түшиглэж байгуулагдсан. “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнөөс эхлээд нам болтлоо гудамжинд жагсаж, олон хоногоор суулт хүртэл хийж байсан. Чамлахааргүй үр дүн гарсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ШИНЭ нам дэргэдээ байнгын ажиллагаатай Эрдэмтдийн зөвлөл байгуулж, улс төрийнхөө тогтолцоог углуургаар нь судаллаа. Чингээд бүх алдаа завхралыг засахын тулд цоо шинэ Үндсэн хууль бичих ёстой хэмээн үзэж, хуулийн төсөл боловсрууллаа. Учир нь Үндсэн хуулиар төрийг байгуулдаг. Гэхдээ манайд төр байгуулдаг хуулийг төр болсон дарга нар нь өөрсдөө урт удаан хаанчлах зорилгодоо нийцүүлэн өөрчилдөг учраас төрөөс төрсөн тэрбумтнууд эрх чөлөөтэй алхаж, авлигыг өөгшүүлж, шударга бус байдал, ялгаварчлал гаарсан. Тийм учраас бидэнд шинэ Үндсэн хууль хэрэгтэй байгаа, ШИНЭ нам үүний төлөө ажиллаж байна.
Үүний зэрэгцээ ШИНЭ нам Баялгийн, Татварын, Төрийн өмчийн, Чөлөөт үнийн гэх мэт эдийн засгийн 9 хувьсгал, Шүүх засаглалын, Парламентын засаглалын, Гүйцэтгэх засаглалын, Иргэний засаглалын гэх мэт улс төрийн 9 хувьсгалыг хэрхэн хийхийг тодорхойлон, ном болгон эмхэтгэсэн байгаа. Тэгэхээр ШИНЭ нам хөгжлийн бодлоготой, хийсэн ажилтай, хүчирхэг нам болон төлөвшсөн гэж дүгнэж болно.
Энд яриад байгаа хувьсгалууд бол дандаа оюун санааны хувьсгал юм шүү. Тухайлбал, Баялгийн хувьсгалын хүрээнд хийх нэг ажил нь “Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрдээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх явдал. Энэ ажил хэрэгжлээ гэхэд иргэн бүр 4400ш хувьцаатай болно. Энэ нь багадаа 300 сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Тэгэхээр дөрвөн ам бүлтэй өрх гэхэд 1,2 тэрбум төгрөгтэй болно. Ийм хөрөнгөтэй болсон айлууд өр зээлээ төлнө, орон байрны асуудлаа шийднэ. Айл бүр орон сууцанд эсвэл дэд бүтцийг нь шийдсэн амины орон сууцанд амьдарч гэмээнэ утаа багасч, агаар, хөрсний бохирдлоосоо сална гээд хувь хүн, айл өрх төдийгүй нийгмийн олон асуудал шийдэгдэнэ шүү дээ.
-Аливаа улс төрийн нам төрийн эрхийг барихын төлөө өрсөлддөг. Ирэх сонгуулийн чимээ ч ойртож байна. ШИНЭ нам 2024 онд УИХ болон орон нутгийн сонгуульд өрсөлдөхөд бэлэн үү?
-ШИНЭ нам 21 аймаг, 9 дүүрэгт анхан шатны бүтэцтэй. Дүүргүүдийн хороод болон сумдын багууд дээр Иргэний зөвлөлтэй. Үйл ажиллагаагаараа бол 3 дахь улс төрийн хүчин болж бгаа. Таны хэлсэнчлэн улс төрийн нам төрийн эрхийг авахын төлөө өрсөлддөг. Төрийн эрхийг авч байж бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрддэг. Тэгэхээр улс төрийн намын амин сүнс нь үзэл санаа, үнэт зүйл, эдгээрээс үүдэн гарсан хөгжлийн бодлого байдаг. ШИНЭ нам хөгжлийн маш тодорхой гарц гаргалгаа бүхий бодлогоо аль хэдийнэ тодорхойлсон талаар түрүүнд хэлсэн. Тэгэхээр бид сонгуульд өрсөлдөх гол ажлаа хийсэн гэсэн үг. Одоо гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг сэргээх шаардлагатай байгаа.
-Сонгуулийн “хар машин” ашиглаж эхэлсэн цагаасаа л эргэлзээ дагуулсан. 2020 оны сонгуулиар олон нийт шинэ үе, гуравдагч хүчнийг хүсэмжилж байсан ч өнөөх л эрх баригч нам дахиад үнэмлэхүй олонх болсон. Тэгэхээр санал тоолох ажлыг хэрхэн зохион байгуулбал оновчтой гэж та үздэг вэ?
-2012 оны сонгуулиас “хар машин”-ыг ашиглаж эхэлсэн. Тухайн үед техник нь шинэ, санал тоолдог программ нь асуудалгүй байсан болохоор АН олонх болсон. 2016 оны сонгуульд МАН мөнгөөр зодож байж ялсан. Харин 2020 оны сонгуулийн үеэр хар машины программынх нь хугацаа дууссан байсан учраас эрх баригчид хүссэнээрээ удирдсан. Санал хураалтын өмнөх өдөр тестлэхэд хар машин алдаатай тоолж байсан. Энэ талаар тухайн үед нь ШИНЭ нам мэдэгдэл хийж байсан ч эрх баригчдаас томилогдсон Сонгуулийн хороо авч хэлэлцээгүй. Ер нь цаашид Сонгуулийн хороог Сонгогчдын хороо болгох ёстой гэдэг байр суурийг ШИНЭ нам удаа дараалан илэрхийлж ирсэн. Сонгуулийн хороо бол эрх баригчдаас томилогддог байгууллага, томилсон эздэдээ үйлчилдгийг хэн хүнгүй мэднэ. Харин Сонгогчдын хороог бол тухайн сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудын төлөөлөл болон сонгогч иргэдийн төлөөллөөс байгуулж болно. Тооллогын тухайд гараар тоолох нь зөв гэж ШИНЭ нам үзэж байгаа. АНУ, Энэтхэг зэрэг манайхаас хэдэн зуу дахин олон сонгогчтой улсууд хүртэл гараар тоолж байна. Тэгэхдээ бүх Хэсгийн хорооны саналыг нэгтгэж байж, маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, камеруудын хяналт дор тоолдог. Манай улс оёр сая орчим сонгогчтой. Өнгөрсөн сонгуулиудаас харахад дунджаар 1.5 сая орчим сонгогч саналаа өгдөг. Тэгэхээр гараар тоолоход тийм хүндрэлтэй биш.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.186
Шинэ намын үзэл баримтлалыг сайтар уншиж ойлгосон хүн, чиар чиглэлээр шударга чвж өолохыг ойлгож ухаарах билээ
Хариулах43.228.130.188
намын бодлогоо уншиж ойлгосон чинь бичээд байгаашигээ алдаатай ойлгоод байгаа юм биш биз дээ хахахаа