Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг аравдугаар сарын 21, 22-нд нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцэж байна.
Ажлын байрны шинжилгээгээр тухайн ажлын байрны ачаалал, албан хаагчийн цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл, бүтээмж, ажлын цагийн алдагдлыг илрүүлэн, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, хөдөлмөрийн зохион байгуулалтыг судалж, дүгнэх юм. Мөн тус шинжилгээгээр тухайн албан тушаалын үндсэн чиг үүрэг, түүнийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг чадварыг тодорхойлох боломжтой. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоо сайжрах юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Ажлын хэсгийн дарга П.Сайнзориг:
-Иргэдэд төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэхийн тулд зөв зохион байгуулалт, чиг үүргийн оновчтой хуваарилалт хийх ёстой. Бүх ажлыг нэг дор төвлөрүүлбэл ажил хийж байгаа албан тушаалтан болон үйлчилгээ авах гэж буй иргэнд ч хэцүү байдаг. Аливаа өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ аль шатанд ямар чиг үүргийг оноох вэ, аль чиг үүргийг хувийн хэвшилтэй хамтарч хийж болох вэ гэдгийг голчлон ярих ёстой. Ажлын байрны шинжилгээг зөв хийж, чиг үүргийг оновчтой хуваарилснаар шат шатны байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хариуцлагатай болно. Хамгийн гол нь иргэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай авах нөхцөл бүрдэнэ. Нийслэлийн хувьд данхар бүтэцтэй байна гэх шүүмжлэл бий.
Хувийн хэвшилд шилжүүлж болох зарим ажлыг төр өөрөө хийж байна гэх хэсэг ч байна. Тиймээс эдгээрийг зөвөөр үнэлж, дүгнэж байж, оновчтой шийдвэр гаргана. Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн харьяа байгууллагуудтай уулзан, аль байгууллагууд нь үйл ажиллагаагаа нэгтгэж, хоорондоо уялдаа холбоогоо сайжруулж болох вэ, ямар ажлыг дүүргийн хэмжээнд гүйцэтгэх боломжтой вэ гэхчлэн асуудлуудаа эрэмбэлэн хэлэлцэж байна. Хамгийн гол нь ажлын байрны шинжилгээ хийхдээ Хотын хөгжлийн индекстэй уяж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан орон нутгийн чиг үүргийг тасралтгүй хэрэгжүүлэх бүтэц, чиг үүргийн хуваарилалтыг хийх ёстой гэв.
Ажлын байрны шинжилгээ хийхдээ чиг үүргийн мандатыг зөв шинжилж, хүний нөөцөө зөв хуваарилж чадвал нийслэлийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудаас гадна Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого, НИТХ-аас баталсан зорилт, хөтөлбөрүүдийг оновчтой, шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна