Чимээгүй үр дүн

С.Гандэлгэр
2024/05/15

Хууль бусаар хил давсан олдворуудаа буцаан авахаа мэдэгдэв

Соёлын өв бол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэгэн баталгаа, үндэсний бахархал, эв нэгдлийн уг сурвалж, хөгжил дэвшлийн нэг чухал хөшүүрэг болох учир нийгмийн хөгжил, дэвшилд чухал үүрэгтэй гэж нийгмийн амьдралд гүйцэтгэх үүргийг тодорхойлсон нь бий. Тиймээс ч 2020 онд Соёлын яамыг шинээр байгуулсан байдаг. Тэгвэл Соёлын яам шинээр байгуулан ажилласан энэ хугацаанд олон ажил хийгдсэний нэг нь хууль бусаар хил давсан олдворуудаа эх орондоо буцаан авч ирэх, Франц улсад "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн үзэсгэлэн"-г нээсэн зэрэг сонин содон үйл явдал өрнөснийг тоймлон хүргэж байна.

Ноён уулын олдворууд ба ЮНЕСКО

ХХ зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтэд тооцогдож ирсэн Ноён уулын малтлагаар Хүннүгийн үед хамаарах олон мянган түүхэн олдворууд гарсан ч сэргээн засварлах, шинжлэн судлах зорилгоор Зөвлөлт холбоот улсын археологичид авч яваад буцаж ирэлгүй 100 жил болж буй. Түүхийн энэхүү хосгүй олдворуудаа эх орондоо буцаан авах хүсэлтийг Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн оны сүүлээр ОХУ-ын талд тавьсан нь одоо ч дэлхийн анхаарлыг татсан асуудал хэвээр байна.

Түүх сөхвөл, 1924-1925 онд ОХУ-ын археологич П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн хамтарсан шинжилгээний анги Ноён ууланд малтлага хийснээр Хүннүгийн үеийн хаад ноёдын булш бунхныг илрүүлсэн байдаг. Энэхүү булш бунхан нь 2200 жилийн өмнөх Хүннү гүрний түүхийг хадгалсан ховор олдворууд бөгөөд 3600 гаруй олдворыг Монголын талд эргүүлэн өгөх нөхцөлтэйгээр Судар бичгийн хүрээлэнтэй гэрээ байгуулж, гаалийн бичиг үйлдэн, ОХУ-руу гаргажээ. Харамсалтай нь, эргэн эх орондоо ирэлгүй Эрмитажийн үнэт үзмэр болон үлдсэн юм.

Эрмитажийн үзмэр болж, олон сая жуулчдын нүдийг хужирласаар байгаа Монголын хоёр дахь үнэт олдвор нь Хархорум хотын тууриас гарсан түүхэн олдворууд болно. Гачлантай нь, энэхүү олдворуудыг Монголын хилээр гарч явсныг гэрчлэх баримт маш ховор. Гэсэн ч Соёлын яам бие даан байгуулагдсан үеэс хил давж гарсан олдворуудынхаа жагсаалтыг гаргах чиглэлээр эрэмтэн судлаачидтайгаа хамтран хоёр жил шахам судалгаа хийснээр баталгаажуулж авч чаджээ. Эл судалгаа нь зөвхөн ОХУ-аар тогтохгүй дэлхийн 40 гаруй оронд буй Монголын түүхэн олдворуудыг нэгтгэсэн дөрвөн боть бүтээл болсон байна.

Хил давж гарсан олдворуудаа мухарлах ажил судалгааны бүтээл гаргаснаар зогссонгүй. ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2023 оны арваннэгдүгээр сард товлогдсон байсан Олон улсын соёлын форумд оролцохдоо Соёлын сайд Ч.Номин дэлхийн олон оронд гарсан Монголын үнэт олдворуудыг эргүүлэн авах хүсэлтэйгээ илэрхийлсэн явдал байв.

Тэрбээр “Барууны орнууд болон Хятад, Орос улс Монголд хүндлэл үзүүлж, үнэлж баршгүй эд зүйлсийг буцааж өгөх хэрэгтэй байна. Үүнд Тайванийн эзэмшилд байсан Чингис хааны цор ганц хөрөг, Эдинбургийн их сургуульд хадгалагдаж байсан 13-р зууны Перс-Монголын төрийн зүтгэлтэн Рашид ад-дины чимэглэсэн чимэглэл, Британийн номын санд хадгалагдаж буй 1911 оны тусгаар тогтнолын тунхаг. 100 жилийн өмнө судалж, сэргээн засварлах зорилгоор ОХУ-д илгээсэн Ноён уулын булшнаас олдсон Хүннү гүрний үеийн олдворууд багтана” гэж тодорхой байр суурь илэрхийлсэн нь Монгол Улсын Засгийн газар дэлхийд гарсан үнэт олдвор, өвүүдээ эх оронд нь эргүүлэн авч ирэх талд тодорхой ажлууд хийж буйг сануулсан явдал болсон юм. Нөгөөтэйгүүр, эдгээр олдворууд Монголын ард түмний хувьд эрхэм өв болохыг сануулсан чухал байр суурь болсныг судлаачид онцолдог.  

Соёлын сайд мөн энэхүү олон улсын форумд оролцохдоо ЮНЕСКО-гийн "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах" конвенцод үндэслэн “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ЮНЕСКО-гийн конвенцийн дагуу хамтран ажиллахыг дэлхийн 40 гаруй улсын Соёлын сайд нарт уриалсан юм.

Дэлхийн улс орнуудад гарсан Монголын түүхэн олдворуудыг буцаан авч ирэх асуудал амаргүй уур амьсгал дунд болж өнгөрснийг Соёлын сайд Ч.Номин хожим хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь бий.  Тухайлбал, Эрмитажид хадгалагдаж байгаа Ноён уулын олдворуудыг буцаан авах асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Евсиковтой уулзаж ярилцах үед ахиц гараагүй. Гэсэн ч тууштай асуудлыг тавьж, Олон улсын Соёлын форумд оролцохдоо байр сууриа тодорхой илэрхийлж, мөн ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзах үеэрээ Ноён уулын булшнаас олдсон олдворуудыг Монгол Улсад гэрээ ёсоор эргүүлэн авчрах чиглэлээр хамтран ажиллах, ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Ноён уулын олдворуудыг судлах, эдгээр олдворуудаар тус музейд болон Монголд үзэсгэлэн дэлгэх, хадгалагдаж буй үзмэрүүдийн А хуулбарыг авах зэрэг асуудлыг тавьсан нь өнөөдөр хоёр талаас ажлын хэсэг гарч ажиллах эхлэлийг тавьжээ.

“Welcome home” ба Батаар

Монгол Улс үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд эхний гуравт багтдаг ч хууль бусаар хил давуулан алдсан гашуун сургамжууд олон бий. Соёлын яам эл асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллах болсноор өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд АНУ-д хууль бусаар худалдахаар бэлтгэж байсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирж чадсан юм.

Байгалийн түүхийн музейд өнгөрсөн гуравдугаар сард “Welcome home”  тусгай үзэсгэлэнг нээж, үлэг гүрвэлийн 20 гаруй олдворыг олон нийтэд дэлгэн үзүүлсэн нь  АНУ- руу хууль бусаар гарсан ч эх орондоо эргэн ирсэн олдворууд байв. Үзэсгэлэнд Монгол нутгаас л олддог нэн ховор олдворууд болох Тарвозавр Батаар, Овираптор, Протоцератопс, Завролофус, Орнитомимозавр Пситтакозавр, Пахицефолозавр, Анкилозавр зэрэг найман төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаастай яс, дунд чөмгөний яс, сээр нурууны яс гэсэн хэлбэрээр олон нийтийн хүртээл болгосон юм.

Соёлын сайд Ч.Номингийн тодотгосноор Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай хамтран Монгол Улсын хилээр хууль бусаар гарч, АНУ-д худалдаалагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг буцаан авах таван удаагийн арга хэмжээг зохион байгуулсны хүчинд ийн үлэг гүрвэлүүд эх орондоо эргэн иржээ.

Үлэг гүрвэлийн энэхүү олдворууд нь 40, 50 сая жилийн тэртээ Монгол орны говьд аварга биет үлэг гүрвэлүүд амьдарч байсныг гэрчилдэг бөгөөд байгалийн шинжлэх ухааны хөгжилд асар өндөр үүрэг гүйцэтгэх олдворуудын тоонд багтаж ирсэн юм. Нэг ёсны байгаль цаг уур, амьтны аймгийн хувьсал өөрчлөлтийн хэдэн сая жилийн түүхийн гэрч болж буй.

Харамсалтай нь, сувдаг сэтгэлтнүүдийн гарт эдгээр үнэт олдворууд орсноор хэчнээн үлэг гүрвэлийн яс хил даван одсоныг хэлэхэд бэрхтэй ч Монгол Улс АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхэлсэн “Батаар эх орондоо” ажиллагаа өнөөдөр ч Соёлын сайдын удирдлага дор амжилттай хэрэгжиж байна.

Одоогоос 12 жилийн өмнө АНУ-д Монголын говиос олдсон 70 сая жилийн тэртээ дэлхий дээр амьдарч байсныг гэрчлэх 2,4 метр өндөр, 7.2 метр урттай үлэг гүрвэлийн ясыг 875 мянган ам.доллараас эхлэн дуудахаар дуудлага худалдаанд оруулах гэж байгаа дуулиан дэгдсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-д амьдарч байсан монголчууд хүчээ нэгтгэн ажилласнаар хил даван хууль бусаар гарсан байсан үлэг гүрвэлийн олдворыг жилийн дараа эх орондоо авч ирж чадсан түүхтэй.

Соёлын яам ийнхүү гадаад улс орнууд руу хууль бусаар гарсан олдворуудаа эх орондоо эргүүлэн авч ирэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаагийн зэрэгцээ ЮНЕСКО-д Монголын өвүүдийг бүртгүүлэх ажлыг гүйцэтгэжээ.

Тодруулбал, ЮНЕСКО-гийн Баримтат өвийн жагсаалтад Халхын цогт хунтайжийн хадны бичээс /2023.05.25/ бүртгэгдсэн бол ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд өвийг /2023.09.20.09.25/ бүртгэсэн юм.

Эрдэмтэн судлаачид Цогт хунтайжийн хадны бичээсийг Чин гүрнээс өмнөх үеийн Буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн XVII зууны Монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцдог.

Буган чулуу хөшөө нь хүрлийн цаг үеийн төв азийн нүүдэлчдийн соёл, угсаа гарвал, аж ахуй, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг түүх соёл, гоо зүйн танин мэдэхүйн асар их мэдээлэл агуулсан, хосгүй нандин өвөөр нэрлэгдэж ирсэн юм.

Нант хотноо “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээв

Бүгд Найрамдах Франц улсын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд 2023 оны аравдугаар сарын 14-нд "Чингис хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг нээсэн нь дэлхийн талыг эзэлж, Монголын эзэнт гүрнийг байгуулж явсан Чингис хаан гэж хэн байв, Чингис хааны дэлхий дахинд гүйцэтгэсэн үүрэг зэргийг ойлгуулах зорилготой байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн төрийн айлчлалын үеэр энэхүү үзэсгэлэнг нээсэн бөгөөд Европын соёлын уламжлалтай улсад нээгдсэн нь монголчуудын нүүдлийн соёл иргэншлийг олон улсад таниулах боломж олгосон юм.

“Чингис хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нь 555 үзмэрээс бүрдсэн.  Үзмэрийг “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний музей, Хархорум музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, хувь цуглуулагчаас, мөн Францын Лувр (Louvre), Сэвр (Sevres), Азийн урлагийн Гимэй (Guimet), Франц улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли (Quai Branly) музей болон Европын Берлин, Цюрих, Брюселийн музей зэрэг дэлхийн алдартай 20 гаруй музейгээс татан дэглэжээ.

Тодруулж хэлбэл, Их эзэн Чингис хаан болон монголчуудын түүх соёлын өв дурсгалыг нэг дор ийн олноор дэглэсэн үзэсгэлэн дэлхийд анх удаа олон нийтийн хүртээл болсноороо онцлог болсон юм. Үзэсгэлэн энэ оны тавдугаар сарын 5-ний өдрийг хүртэл зургаан сарын хугацаанд олны хүртээл болж, Европын 200 мянга гаруй хүнд хүрчээ.

"Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн үзэсгэлэн"-г ирэх зургадугаар сард Чингис хаан үндэсний музейд гаргахаар бэлтгэл  хангаж байгаа бол ирэх жилүүдэд дэлхийн долоон оронд нээхээр төлөвлөжээ.


2025 онд Чех улсын Прага хотын  Үндэсний музей,

2025 онд Канад улсын Монтреал хотын музей,

2026 онд Канад улсын Торонто хотын “Роял Онтарио” музей,

2026 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотын Үндэсний газар зүйн музей,

2026 онд АНУ-ын Невада мужийн музей,

2027 онд АНУ-ын Чикаго хотын Байгалийн түүхийн музей,

2027 онд Колорадо мужийн Деневрийн урлагийн музей,

2027 онд Япон улсын Үндэсний музей багтжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.89
    2024/05/15

    тухайн үеийн ЗХУлс гээч ээ

    Хариулах