Н.Учрал: Төслөө урагшлуулна гэвэл санхүүжилтийн загварыг өөрчилж, компанийн засаглалыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна

Б.Дашмаа
59 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал "Рио Тинто" компанийн төлөөлөлтэй уулзаж, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар зарчмын байр сууриа илэрхийлсэн. 

Тэрбээр “Монголын ард түмний зүгээс "Рио Тинто" компанийг уул уурхайн биш санхүүгийн бизнес эрхэлдэг компани гэж андуурахаар болсон байна. Оюутолгой ХХК үр өгөөж биш өр үйлдвэрлэдэг болсон гэж иргэний нийгмийн байгууллагууд болон Монголын ард түмний зүгээс шүүмжилж, шаардлагуудаа тавьж байна.

53 хувийн өгөөж хүртэх төслөөс бид 17 жилийн хугацаанд зөвхөн татвараар л 25-31 хувийн хувийн өгөөж хүртсэн болохоос нэг ч удаа ногдол ашиг авсангүй. Өнөөдөр манай улсын иргэд ялангуяа залуусын хувьд өнгөрсөн 17 жилийг бодох юм бол илүү боловсролтой, хөрөнгө оруулагч талдаа ижил түвшний хэлэлцэх, хэлэлцээр хийх боломжтой болсон байна.

Цуврал хэлэлцээний явцаас ч тод харагдаж байна. Тиймээс тэдний шүүмжлэл бол судалгаа тооцоонд суурилсан, шударга ёсыг нэхэмжилсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг шаардсан зүй ёсны шаардлага гэж Ерөнхий сайдын хувьд үздэг.

Иймд бид цаашдаа төслөө урагшлуулна гэвэл энэ санхүүжилтийн загварыг өөрчилж, компанийн засаглалыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Нэгдүгээрт, уул уурхайн үйлдвэрлэл явах тусам Монгол Улсын өрөнд оруулж байгаа санхүүгийн дарамт, зээлийн хүүг бууруулах шаардлагатай байна. Хоёрдугаарт, зээлийн хүүг 7 жил тутам хэлэлцдэг байсныг богиносгох хэрэгтэй. Хэрвээ эдгээр асуудлыг шийдэж, Засгийн газрын шийдвэрийг хүлээж авахгүй тохиолдолд та бүхэнтэй хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлье. Уул уурхайн баялаг бол хэн нэгний бүтээсэн биш бидний эцэг өвгөдийн үлдээсэн баялаг гэдгийг хэлмээр байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна