Н.Батсүмбэрэл: Хүүхэд, залуусыг никотины хамаарлаас хамгаалах цаг болсон

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 6 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл тамхины хяналтын хуулийн талаар байр сууриа илэрхийллээ

Тэрбээр "Хүүхэд, залуусыг никотины хамаарлаас хамгаалах цаг болсон

Сүүлийн жилүүдэд электрон тамхи буюу вэйпийн хэрэглээ хүүхэд, өсвөр үеийн дунд ноцтой түвшинд хүрч байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр Монгол Улс 2020 онд 47 мянган ширхэг электрон тамхи импортолж байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болж огцом өсжээ.

Энэ бол зүгээр нэг тоо биш. Энэ бол хүүхдүүд маань өнгө, үнэр, амтаар халхавчилсан никотины хамааралд өртөж байгаагийн ноцтой дохио юм.

Судалгаагаар сурагчдын 4 хүүхэд тутмын 1 нь электрон тамхи хэрэглэж байна гэсэн дүн гарсан нь эцэг эх, багш, төр засаг бүгд анхаарах цаг болсныг харуулж байна.

Энд нэг зүйлийг маш тодорхой хэлэх хэрэгтэй. Энэ бол бүх төрлийн тамхийг нэг өдөр бүрэн хориглох тухай асуудал биш. Харин өнөөдөр хуулийн гадна, хяналт сул орчинд борлуулагдаж буй электрон тамхи, вэйп, халаадаг тамхи зэрэг шинэ төрлийн никотин агуулсан бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний зохицуулалтад оруулах тухай юм.

Өөрөөр хэлбэл хүүхэд, залуусыг татдаг амт, үнэр, өнгөлөг савлагаа, далд сурталчилгаа, дэлгүүрт ил байршуулах, хяналтгүй худалдааг хязгаарлах бодлогын шинэчлэл юм.

Олон улс ч энэ асуудалд хатуу хандаж байна. Тухайлбал, Их Британи 2026 онд Tobacco and Vapes Act 2026 хуулийг баталж, 2009 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдахыг худалдахыг хориглох замаар “тамхигүй үе” бий болгох бодлогыг хэрэгжүүлэхээр болсон. ДЭМБ-ын мэдээллээр 2024 оны байдлаар 133 улс электрон никотин түгээх төхөөрөмжийг зохицуулж, үүнээс 42 улс худалдааг нь хориглоод байна.

Хуулийн төсөл батлагдвал:

Электрон тамхи, вэйп, халаадаг тамхи цаашид хуулийн гадна үлдэхгүй. Эдгээр бүтээгдэхүүн “тамхин бүтээгдэхүүн”-ийн зохицуулалтад бүрэн хамрагдана.

Хүүхэд, залуусыг татдаг амт, үнэр оруулагчтай электрон тамхи, цэнэглэх шингэнийг хязгаарлана;

Өнгө, хэлбэр, сав баглаа боодлоор далд сурталчилгаа хийхийг хориглоно;

Дэлгүүрийн лангуун дээр ил байршуулж, хэрэглээг өдөөхийг зогсооно;

Сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, эмнэлэг, спортын байгууламж зэрэг олон нийтийн орчинд тамхигүй, эрүүл орчныг хамгаалах зохицуулалт сайжирна.

Тамхины хор хөнөөлийг дараа нь эмчлэхээс илүү хүүхдүүдээ анхнаас нь никотины донтолтоос хамгаалах нь төрийн бодлого байх ёстой гэж үзэж байна" гэлээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна