Г.Дамдинням: Бидэнд ашиггүй бол Оюутолгойн төслийг зогсоож болно

Б.Дашмаа
1 цаг 19 минутын өмнө

Оюутолгойн зээлийн хүүгийн хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн хэлэлцээрийг Сангийн сайд З.Мэндсайхан ахлаад ажиллаж байна. Би Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хувьд хүрэлцэн ирсэн төлөөлөгчидтэй ярилцаж байна. Бидний хувьд маш тодорхой шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт зээлийн хүүг бууруул, хоёрдугаарт энэ оноос эхэлж ногдол ашиг авна гэсэн санал хүргэсэн. Ингэж чадах юм бол цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ, чадахгүй бол цаашдаа энэ маягаар хамтарч ажиллаж чадахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. 

-Чадахгүй гэдэг нь үйл ажиллагааг зогсооно гэсэн үг үү?

Зогсоож болно. Яагаад гэвэл үйл ажиллагаа явуулах хэрээр өр нэмэгдэх схемтэй байгаад байна. Зэсийн үнэ өсөөд байна. Зэсийн үнийг тогтворжуулах гэрээтэй байгаа юм. АМНАТ 5 хувь байна. Хууль яаж ч өөрчлөгдсөн Оюу Толгой ХХК-аас авах АМНАТ 5 хувь. Нөгөө талдаа зэсийн үнэ өсөж байвал татварын орлого өснө. Гурав дахь мөнгөний эх үүсвэр бол ногдол ашиг байдаг. Ногдол ашгаа авч чадахгүй байгаа схемтэй байна. Н.Учрал сайд засгаа бүрдүүлээд 100 хонох гэж байна. 

Эхний үр дүн бол миний ахалсан ажлын хэсэг менежментийг төлбөрийг 2 дахин бууруулсан. Бас гадуур янз бүрээр мушгиад байх шиг байна. Менежментийн төлбөр 6 хувь байхад 2 дахин буулгалаа гээд худлаа ярьж байна гээд. Энэ бол 3 давхар менежментийн төлбөр гэж байсан. Нийлээд 10 хувь хүрдэг байсан. Үүнийг бид нар 3,95 болгож 2 дахин буулгаж 2,2 тэрбум доллар болгож өгөөжийг нэмж чадсан. Одоо зээлийн хүү дээр нэлээн том дүнгээр яригдана. Зээлийн хүү, менежментийн төлбөр нийлбэл том дүнгээр ахиц гаргаж чадна гэсэн хүлээлттэй байна. Үнийг хийж чадвал бид хөдөлнө, чадахгүй бол өөр ажил хийнэ дээ. 

-Монгол Улс зээлийн хүү 50 хувь бууруулах гэсэн бодлого баримталж байгаа гэсэн үнэн үү?

Энэ талаар З.Мэндсайхан сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Хөрөнгө оруулагч тал хожих юм биш үү?

-Бидэнд ашиггүй бол зогсоосон нь дээр. Ажил яваад байх тусам өрөнд орж болохгүй шүү дээ. Засгийн газрын зүгээс Оюутолгойн зээлийн хүүг бууруулахгүй бол зогсооно гэсэн байр суурьтай хэлэлцээрт орж байна.

- Зээлийн хүүг бууруулах тухай хэлэлцээр 6 сарын 30-ны өдөр гэж байсан. Өнөөдөр хэлэлцэгдэх үү?

-Өнөөдөр эцсийн байдлаар шийдвэр гарах ёстой. Багц хэлэлцээр эхлээд явагдахын тулд 103 дугаар тогтоол хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд 7 жилийн түгжээг бид нар авч хаяж, протокол хийсэн. 6 сарын хугацаатай байсан одоо дуусаж байна. 

-Хувь нийлүүлэгчийн хувьд өөрчлөлт орох уу?


-Өөрчлөлт орно. Мэдээж хувь нийлүүлэгчийн үр дүнд өөрчлөлт орж байж зээлийн хүү бууна, менежмэнтийн төлбөр буурна, ногдол ашиг авна. 

-"ОНТРЭ"-гийн асуудал ч гэсэн яригдах уу?

-Хэрвээ энэ асуудлаа шийдэж чадахгүй бол "ОНТРЭ"-гийн асуудал яригдахгүй. Шийдэгдвэл яригдаж таарна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна