Монгол Улс ажиллах хүчний дутагдалд ороход юу нөлөөлөв...

Х.Батсайхан
9 цаг 49 минутын өмнө

Хэдэн жилийн өмнөөс яригдсан ч олон нийт төдийлэн анхаарал хандуулаггүй, ажиллая ч гэж бодолгүй явсаар том төслүүд зэрэг, зэрэг хөдөлж эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн баригдахтай зэрэг гэнэт ухаан орсон мэт шуугицгаав. 

Гэвч үнэндээ Монгол Улс ажиллах хүчний дутагдалд орсон нь олон шалтгаантай. 14 мега төсөл зэрэг хэрэгжүүлэх болсон, аливаа улс хөрөнгө оруулж буй төсөлдөө өөрсдийнхөө боловсон хүчнийг л ажлын байраар хангахыг хичээдэг нь асуудлын гол шалтгаан. Өөрөөр хэлбэл, гэнэт тулгарсан асуудал. Харин арай урагших нь бодвол өөр олон шалтгаан бий. 

Хэдэн жилийн өмнө, хөгжлийн гарц хайсан, чухал, чухал асуудал дэвшүүлсэн нэг чуулганыг сурвалжилж, улс орноо хэрхэн хөгжүүлэх талаар эрдэмтэн мэргэдийн олон ухаантай шийдлүүдтэй танилцаж байж билээ. Гэвч тэр дундаас нэгэн оролцогчийн илтгэлийнхээ эхэнд хэлсэн нэг л өгүүлбэр сэтгэлд үлдэж, бусад нь мартагдчихаж. Мань хүн юу гэсэн бэ гэхээр “Монгол Улс цаашдаа хөгжье, улсын дайтай улс болъё гэж бодож л байгаа бол ядаж таван сая хүнтэй болох хэрэгтэй” гэсэн юм.

Түүнээс хойш улсынхаа хүн амын цэвэр өсөлтийг хаяа хардаг, хилийн чанадад хөдөлмөр эрхлэхээр гарсан иргэдийн тоо баримт таарах юм бол нэмж хасч үздэг хообийтой болсон юм. Харамсалтай нь, бид хүн амаа өсгөх тал дээр хангалтгүй ажиллаж иржээ. Олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгө өгөх, эцэг эхийг нь ажлын байраар хангахаас татгалзан байж /Хүүхдийн мөнгийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулах боломжтой/ хүүхэд бүрийн амь зогоох зардлыг төр хариуцах нь хүн амаа өсгөх хамгийн оновчтой бодлого биш юм байна. Үр хөндөлтийг хориглох, нутагтаа байгаа монголчуудынхаа итгэл сэтгэлийг нь мохоочихолгүй, жаахан ч гэсэн сэтгэл гаргаад эдийн засгаа өөд нь татах л хүн амаа өсгөх, ядаж алдахгүй байх нөхцлийг бүрдүүлдэг аж.

Монгол Улс үр хөндөлтийг хуулиар зөвшөөрснөөс болж 2016 оноос манай ажиллах хүчний тоог жил бүр 30 мянгаар нэмэх учиртай байсан ураг эхийнхээ умайд устгагджээ. Эдийн засгийн сул дорой байдлаас болж жил бүр хэдэн арван мянган монгол хүн хилийн чанадыг зорьж байна. Монгол Улсын хүн ам уг нь бол Монголжин охин төрөхөөс хэдэн жилийн өмнө гурван сая давчихсан. Даанч шилжилтийн хүнд хэцүү цаг үед буюу 1994 оноос хойш 100 гаруй мянган иргэн гадаадын харьяат болоод явчихжээ.

Монгол Улсын төрийн тэргүүн “Олуулаа болцгооё” гэж уриалж, даян дэлхийн монголчуудыг түүхэн нутагтаа ирэхийг уриалж байсан удаатай. Гэвч 1994 оноос хойш Монголын иргэн болох хүсэлт гаргасан гадаадын иргэн хуруу дарам цөөн байна.

Тиймээс бид үнэнээсээ “Олуулаа болъё” гэж бодож байгаа бол 1994 оноос хойш гадаад улсын харъяат болсон 100 гаруй мянган иргэн, хөлсний хөдөлмөр эрхлэхээр хил давсан монголчууддаа гол анхаарлаа хандуулах ёстой гэдэг нь эндээс тун ч тодорхой харагдана.

Гэтэл хууль эрхзүйн орчин хангалттай бүрдээгүйн улмаас Ерөнхийлөгчийн уриалга бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй болдог аж. Тодруулбал, Монголын иргэн болох хүсэлт гаргасан иргэдэд “Амьжиргааны түвшинг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх орлоготой, түүнийхээ 10 хувьтай тэнцэх орлогыг улсад тушаасан баримттай байх ёстой”, “Монгол Улсад сүүлийн таван жил тасралтгүй оршин суусан байх ёстой”, “Монгол хэл, үндсэн хууль, ёс заншлын тухай зохих мэдлэгтэй байх ёстой” гэсэн шаардлага тавьдаг.

Гадаадын иргэн болсон монгол хүн хууль, хэл, ёс заншлын шалгалтыг бол даваад л гарна. Харин сүүлийн таван жилд Монгол Улсад оршин суусан байх ёстой гэсэн заалтыг биелүүлэхэд тун хэцүү.

Монгол угсаатай хүн мэдээж тухайн газар орондоо үндэсний цөөнх болж амьдардаг байж таарна. Хаа газрын үндэсний цөөнхүүд сайн сайхан, баян тансаг амьдардаг бил үү. Цагдаа тагнуулын байгууллагаас бол маш сайн шалгах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч болох ч заавал баян хүнийг авна гэдэг шаардлагыг биелүүлэхэд хэцүү байдаг болов уу.

Харин Монгол Улсын иргэншлээс гарчихаад иргэншлээ буцааж сэргээх хүсэлт гаргасан хүмүүст “Эхлээд харъяалагдаж байгаа улсынхаа иргэншлээс татгалзсаныхаа дараа хүсэлтээ гаргах” шаардлага түвэг уддаг байна. Ингэхээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд л иргэншил авах боломж үлдэж хоцордог. Гэтэл 1996 оноос хойш 2018 оны жилийн эцсийн байдлаар 240 хүн л Ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр Монгол Улсын иргэншил авчээ.  

Эцэст нь хэлэхэд, 2018 онд 490 хүн Монгол Улсын иргэний харъяаллаас татгалзжээ. Иргэншлээсээ татгалзаагүй гадаадад хөдөлмөр эрхлэхээр явсан хүний тоог гаргах боломж байсангүй.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.210
    5 цагийн өмнө

    Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг үг байдаг. Монгол улс хүн цөөндөө хөгжихгүй байгаа юм биш. Ер эхлээд хөгжил гэж юу яриад байгаагаа нийтээрээ нэгдсэн нэг ойлголттой болгох хэрэгтэй. Улс хөгжихгүй байна л гэдэг, Тэгвэл монгол улсын хөгжлийн үндсэн шалгуур үзүүлэлтүүд юу байх бэ? Хүн амын тоо юу, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн үү, их дээд боловсролтой хүний тоо юу, хүний хөгжлийн индекс үү …

    Хариулах