Хохирогч охины аав: Бичлэг цацагдсаны дараа л охиноо бусдад дээрэлхүүлж, зодуулсныг мэдсэн

Х.Есү
1 цаг 23 минутын өмнө

2026 оны гуравдугаар сарын 06-ны өдөр өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн дээрэлхсэн хэрэг гарсан. Уг хэргийн талаарх бичлэг цахим орчинд гуравдугаар сарын 8-9-ныг шилжих шөнө нийтлэгдсэн байдаг.

Тухайн үед тус дээрэлхэлтийн хэрэгт  холбогдуулан найман хүүхдийг шалгаж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Бид тус бичлэг дээр гарч буй дээрэлхэлтэд өртсөн хохирогч охины аавтай холбогдож зарим зүйлсийг тодрууллаа.

-Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой хэргийг цагдаагийн газраас дөрөвдүгээр сард багтаан шийднэ гэж байсан. Хэргийн талаар танд мэдээлэл байгаа юу?

-Манай өмгөөлөгчийн хэлснээр хэргийг прокурор руу шилжүүлсэн гэсэн. Одоогоор миний охины хэрэгт дөрвөн хүүхдийг яллагдагчаар татсан байгаа.

-Охиныг тань дээрэлхэж, зодсон хүүхдүүдийн ар гэрээс нь тантай уулзсан уу?

-Д.Саямаа гэдэг охины ээжтэй Цагдаагийн байгууллага дээр таарсан. Дараа нь уулзъя гэж байсан ч холбогдоогүй. Гэхдээ би одоо тэр хүмүүстэй холбогдоод ч яах вэ дээ.

-Анх та хэрэг гарсныг яаж мэдсэн бэ? Тухайн үед охин нь хэлж байсан уу?

-Энэ хэрэг нэгдүгээр сард болсон юм билээ. Тухайн үед бид мэдээгүй. Охин маань дээрэлхүүлж, зодуулснаа нуугаад үсээ урдуураа унжуулчхаад л яваад байдаг байсан. Бичлэг цацагдсаны дараа л охины тийм зүйлд өртсөнийг мэдсэн. Маш их гайхаж, цочирдсон. Би өөр мэдээлэл өгмөөргүй байна” гэлээ.

Харин бид цагдаагийн байгууллагаас энэхүү хэргийн мөрдөн шалгаж ажиллагааны талаар зарим зүйлсийг тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм.

-Бүлэглэн бусдыг зодсон өсвөр насны хүүхдүүдэд холбогдох хэрэг юу болж байгаа вэ? Өмнө нь цагдаагаас мэдээлэл хийхдээ дөрөвдүгээр сард багтаан шийдвэрлэнэ гэж байсан шүү дээ?

-Цагдаагийн байгууллага тус хэрэгт холбогдох мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа. Ирэх долоо хоногт прокурорт хэргийг шилжүүлнэ гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр дараа долоо хоногоос хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэв.

Хэргийг эргэн сануулбал, тухайн хэргийг үйлдэж бичлэг хийсэн хүүхүүд нь урд өмнө нь дээрэлхэлтийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Хэргийг голлон зохион байгуулж байгаа хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэд байдаг ба энэ төрлийн гэмт хэрэг зөрчил үйлдээд бичлэг хийдэг, эд зүйл мөнгө төгрөг нэхдэг нь тогтоогдсон юм. 

Мөн тэд инстаграмм дагагчаа өсгөх зорилгоор нэгнээ дээрэлхэж, зодож буй бичлэгээ сошиал орчинд цацаж хандалт авдаг байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдээд буй. Гуравдугаар сарын 14-ний өдөр хэрэгт холбогдогч Д.Саямааг яллагдагчаар татаж хилийн хориг тавьсан. Үүнээс хойш хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, уг хэргийг дөрөвдүгээр сардаа багтаан шийдвэрлэнэ гэх мэдээллийг холбогдох байгууллагаас өгөөд байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна