Ч.Очирбат: Модон могой жил улс төрчдөд анхаарууштай, иргэдэд дунд зэрэг байх шинжтэй байна

Х.Есү
11 цаг 21 минутын өмнө

Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбатаас могой жилийн өнгө, байдлын талаар тодрууллаа. 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. 

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

-XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн ерөнхий төлөв байдал хэрхэн буусан бэ?

-XVII жарны элдэв эрдэнэт хэмээх модон могой жил гарах гэж байна. Хүн зоныхоо хувьд хэрүүл тэмцэлгүй байх юм бол тайван амгалан жил болно. Өвлийн улиралд бэлтгэлээ сайн базааж авах юм бол хүн зон олонд их ээлтэй сайхан жил болно. 

Шороон үхрийн зурлагаар шинжилбэл ямар төлөв ажиглагдаж байна вэ?

Шороон үхрийн шинжээр жилийн үр тариа болон, мал, хүн зоны хувьд ямар байна гэдгийг тодорхойлдог. Энэ жил үр тарианы хувьд буюу байгаль цаг уурын хувьд ногоон толгойтой, эвэр сүүл чих нь хөх, бие нь улаан үхэр дүрслэгдэж байгаа. Үүгээрээ юуг харуулж байгаа вэ гэхээр улирал бүрийн эхээр салхи шуурга, шамарга ихтэй байхыг харуулж байгаа.

Эвэр сүүл чих нь хөх байгаа нь улс орны хувьд дунд зэрэг, онцгой сайн биш гэсэн үг. Улирал болгоны дундуур хур бороо татранг маягийн тийм өнгийн жил болно. 

Шороон үхрийн шинжээр бол залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд биеэ энхрийлүүштэй гэсэн жилийн өнгө гарч байгаа. Энэ цаанаа юуг хэлж байна вэ гэхээр, залууст гэдэг нь залуу дунд үеийн албан тушаалтнуудыг заадаг. Нялхас гэдэг бол эгэл ард хүн зоныг заадаг. Өвгөдөд гэхээр цаанаа улс төрийн албан тушаалтныг хэлдэг.

Ерөнхийдөө улс орны хувьд бол дунд зэрэг л гэсэн үг. 

"Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилд хүн зон олон ямар засал ном хийлгэвэл зохих вэ?

-Энэ жил онцгойлон жил орж байгаа 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настнууд засал хийлгэнэ. Мөн дээрээс нь харш жил гэж ярьдаг. Гахай жилтэй хүмүүс их харшийн засал хийлгэх хэрэгтэй. Мөн бага харшийн заслаа ч хийлгэх хэрэгтэй. 

Энэ жил хоёр хар мэнгэ голлож байгаа жил учраас хоёр хар мэнгэтэй хүмүүс хоёр хар мэнгэний засал хийлгэх ёстой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна