Өнгөрөгч онд 25 улсын 998 гадаадын иргэнийг албадан гаргажээ

Х.Есү
11 цаг 48 минутын өмнө

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч онд гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 25 улсын 998 гадаадын иргэнийг албадан гаргалаа.  

Албадан гаргасан иргэдийн дийлэнх хувь буюу 794 нь БНХАУ-ын иргэд байгаа бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 509, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн 181, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 72, бусад үндэслэлээр 32 иргэнийг албадан гаргасан байна. 

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор гадаадын 99 орны иргэдэд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчин ангиллын цахим виз олгож байгаа боловч аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглах зөрчил нэмэгдэж байна. 

Тухайлбал, 2024 онд  БНХАУ-ын 87423 иргэнд цахим виз олгосон бөгөөд аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр ашигласан 491 иргэнийг албадан гаргаж, зөрчилд холбогдсон 1600 гаруй иргэнд торгох шийтгэл ногдуулжээ. 

Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэнийг үнэн зөв мэдээллээр хангах, виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг онцгой анхаарч, хүчинтэй хугацаа дуусахаас урьтаж асуудлаа шийдвэрлүүлэх, зөвхөн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж, хууль, журамд заасны дагуу зохих зөвшөөрлийг авахыг анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна