Б.Билгүүн: Миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд сагсан бөмбөгтэй холбоотой

Х.Есү
6 цаг 7 минутын өмнө

Олон улсын хэмжээний мастер Б.Билгүүн сар шинийн босгон дээр Монгол Улсын гавъяат тамирчин цолоор энгэрээ мялаалаа. Түүний баярт мөчийг хуваалцаж, сэтгэгдлийг нь сонслоо.


-Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртсэнд баяр хүргэе?

-Юуны өмнө энэ нэр хүндтэй шагналыг авсандаа маш их баяртай байна. Баярлахаас илүүтэйгээр энэ нэр хүндтэй шагналыг цаашид яаж дааж явах вэ гэдэгт их санаа зовж байна. Миний ард үргэлж намайг дэмжиж явсан гэр бүлийнхэндээ баярлалаа.

Үе үеийн шигшээ багийнхандаа баярлалаа. Мөн багш дасгалжуулагч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Хэдэн жил спортоор хичээллэж байна вэ?

-Миний хувьд сагсан бөмбөгийн спортоор хичээллээд 20 гаруй жил болж байна. Анх 2006 онд сагсан бөмбөгийн лигт орсноос хойш одоо 19 дэх жилдээ явж байна.

Монголын сагсан бөмбөг үүсэж хөгжөөд 60 гаруй жил болж байна. Миний хувьд сагсан бөмбөгчдөөсөө гурав дахь гавъяат тамирчин болж байгаадаа маш их баяртай байна.

-Таны хувьд шигшээ багаасаа зодог тайлчихсан байгаа шүү дээ. Аливаа тэмцээнд хожиж, хожигдож явсан олон түүх бий. Тэдгээр амжилт, дурсамжаасаа хуваалцвал?

-Ер нь миний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд бол сагсан бөмбөгтэй холбоотой байдаг. Тэр дундаа олон улсын тэмцээнд оролцож байх үеийн дурсамжтай зүйлүүд олон байдаг. Энэ бүх дурсамжаа би насан туршдаа мартаж чадахгүй. Миний хамгийн үнэтэй зүйлүүдийн маань нэг гэж боддог доо.

-Спортоор хичээллэж эхлэхдээ энэ хүндтэй медалийг авна гэж бодож байв уу?

-Энэ хүндтэй медалийг авна гэж бодож байгаагүй. Найз нөхдийнхөө хооронд л ярьдаг байсан. Гэхдээ өнөөдөр энэ шагналыг авахдаа надтай цуг авах байсан найз Т.Санчир маань их бодогдлоо. Удахгүй манай найз авах байх гэж бодож байна. Надтай 14 жил хамт тоглож байгаа О.Сэргэлэн найздаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхлэх үед нь дасгалжуулж байсан багш, дасгалжуулагчдаа дурсвал?

-Би 10 жилээсээ л сагсан бөмбөгийн секцэд явж эхэлсэн. Тэгэхээр арван жилийн багш нар, мөн их сургуулийн багш нартаа баярлалаа. Бүх дасгалжуулагч багш нартаа маш их баярлалаа.

Та бүхний тус дэм, хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр би энэ шагналыг хүртсэн юм шүү. Мөн сагсан бөмбөгийг сонирхогч, үзэгчид, дэмжигч нартаа маш их баярлалаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна