ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Lady enterpreneur”-ээс ГРАНПРИ шагнал хүртлээ

Х.Есү
2025/03/07

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас улс орны эдийн засаг, бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчид, салбар салбарын эмэгтэй удирдагчдыг тодруулан өргөмжилдөг “Lady enterpreneur” ёслол  өнөөдөр болж, энэ үеэр тус арга хэмжээний хамгийн дээд шагнал ГРАНПРИ-г ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяад гардууллаа.

Банк санхүүгийн үйлчилгээг цахимжуулах, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангасан дижитал бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, тогтвортой хөгжилд манлайлж, ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, сайн туршлагыг нутагшуулах зэрэг бүхий л үзүүлэлтээр ХААН Банк салбартаа манлайлж буйд Р.Мөнхтуяа захирлын алсын хараа, манлайлах ур чадвар, мэдлэг, боловсрол нөлөөлсөн гэдгийг шагнал гардуулах үеэр онцолсон юм.

Тогтвортой хөгжилд түүчээлж ажиллахаар үнэт зүйлдээ тусгаад буй ХААН Банк 2020 оноос Тогтвортой хөгжлийн бодлогоо батлан мөрдөж, Тогтвортой хөгжлийн 5-р зорилго болох жендэрийн тэгш байдлыг хангах, дэмжихэд анхаарч, эмэгтэй бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин, бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан манлайлахад нь санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Тухайлбал, 2024 оны байдлаар ХААН Банк ЖДБ-ийн салбарын 23,500 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчид 1.4 их наяд төгрөгийн бизнесийн зээл олгосон байна. Нийт зээлийн багцын 52 хувийг эмэгтэйчүүдэд, ЖДБ-ийн зээлийн 51 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгосон байна.  

ХААН Банк Дунд хугацааны стратегидаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилт тавьж, энэ хүрээнд олон улсын байгууллагаас татсан санхүүжилтүүдийн тодорхой хувийг эмэгтэйчүүдийг дэмжихэд тусгайлан зориулахаар төлөвлөөд буй. Тухайлбал, манай банк 2024 онд олон улсын зах зээлээс 331,2 сая ам.доллар татан төвлөрүүлснээс 71 сая ам.долларыг зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулах юм. Мөн Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийг 2020 оноос хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 2,000 эмэгтэй бизнес эрхлэгчийг сургаж чадавхжуулаад байна.

 Р.Мөнхтуяа захирлын хувьд ХААН Банканд хэрэгжүүлсэн ололт амжилт, туршлагаа мэргэжил нэгт нөхдүүд, салбарын бусад байгууллагуудтай хуваалцаж, Монголын банкны холбоо, Тогтвортой санхүүгийн холбоо, Банк санхүүгийн академи, Тэрбум мод сан зэрэг мэргэжлийн холбоод, ТББ-ын удирдах зөвлөлд идэвх санаачилгатай ажиллаж, стратегийн түвшинд чиглүүлэн салбараа нэгтгэн ажиллаж байгаа билээ.

                                                                Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна