Т.Баярхүү: Ой хээрийн түймэрт 16 гэр, 22 хашаа саравч, хоёр автомашин өртөж шатсан

Х.Есү
7 цаг 19 минутын өмнө

Ой хээрийн түймэртэй холбоотойгоор Онцгой байлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны байдлаар  Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт сум буюу нийт 4 аймгийн 11 суманд 14 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

 Архангай аймгийн Хайрхан, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар хээрийн 71.495 га талбай, 16 гэр, 22 хашаа саравч, хоёр автомашин, 2100 боодол өвс түймэрт өртсөн бөгөөд хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна. 

Өчигдөр буюу 09-ний өдөр гарсан 14 удаагийн ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 4 буюу 28.5% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 2 буюу 14.2% нь гэрийн яндангаас, 2 буюу 14.2% нь ил галаас үүсвэрлэн гарсан бол 6 буюу 43.1% нь шалтгаан тогтоогдоогүй байгаа юм.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн нийт 820 хүн, 149 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэлээ. 

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа хэдий ч иргэдийн болгоомжгүй үйлдлээс түймрийн тоо, хохирол буурахгүй байна. 

Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна