Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ

Т.Отгонсувд
10 цаг 7 минутын өмнө

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдөр тус төслийн барилга угсралтын ажил эхэллээ.

Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. Энэ талаар тус төслийн ахлах инженер Г.Түвшинсанаагаас тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дүүжин замын тээврийн төслийн тулгуур багана байрлуулалтын ажил эхэлж байна. Нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлж байна. Тулгуур баганыг байрлуулж дууссаны дараагаар металл хийцийн ажлууд эхэлнэ. Төслийн барилга угсралтын ажил энэ оны арван хоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна ” гэв

“Моннис инженеринг” ХХК-ийн барилга угсралтын менежер Ж.Анхбаяр “Барилга угсралтын хувьд төмөр бетон гадсан суурь, баганан суурь зэрэг хийцлэлтэй бөгөөд тулгуурууд нь Франц улсаас тавдугаар сар гэхэд тээвэрлэгдэж дуусна. Өрөмдлөгийг 15-20 метр гүн хийж, 6-9 метр бетон суурийг цутгана. Мөн хоёр талын зогсоолын барилгын ажлыг хийх бөгөөд кабин хадгалах хоёр давхар барилга барина. Аюулгүй ажиллагааны хүрээнд нийслэлийн Аврах анги болон Франц улсын талтай туршлага хуваалцаж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг аван ажиллаж байна”

Дүүжийн замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үед 22 км цагийн хурдтайгаар 11 минутад 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10  хүний багтаамжтай нийт 98 кабин ажиллах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна