Г.Бямбасүрэн: Аав минь хамгийн сүүлд охиноороо бахархаж байна гэсэн. Тэнгэрт байгаа ааваасаа уучлалт гуйгаад гуйгаад баршгүй

Х.Есү
7 цаг 58 минутын өмнө

Энэ удаагийн "Танилц" ярилцлагын нэвтрүүлэгтээ “Хувьсал” продакшны жүжигчин, найруулагч Г.Бямбасүрэнг урьж, оролцууллаа.

Түүний хувьд урлагт багагүй хугацааг өнгөрүүлж, найруулагч хэмээх эрхэм алдрыг хүртэж, хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн талаар зоригтой дуугарч олон уран бүтээл хийсэн чадварлаг бүсгүй юм.

Г.Бямбасүрэн ярилцлагын үеэр аавыгаа алдсан тухайгаа ярьж, ачийг нь хариулж өгч чадаагүйдээ харамсаж явдаг тухайгаа хуваалцсныг дараах ярилцлагаас хүлээн авч үзээрэй.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.

-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд. Намайг Ганбатын Бямбасүрэн гэдэг. Хувьсал продакшны уран бүтээлч байна.

-Таныг жүжигчин гэхээсээ илүү найруулагч гэдгээр нь олон түмэн мэднэ. Хувьслын дараагийн уран бүтээл "Аминч" уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байгаа. Энэ уран бүтээл таны найруулагчаар ажилласан хэд дэх уран бүтээл вэ?

-Яг ерөнхий найруулагчаар ажилласан хоёр дахь бүтээл минь. Эхнийх нь "Хувь заяа" уран сайхны кино байсан. Түүнээс өмнө "Хувьсал" продакшндаа ороод 10 гаруй жил уран бүтээлүүд дээр найруулагчийн багт ажилласан. Уг нь би жүжигчнээр суралцаж, төгссөн.

"Аминч" киноны хувьд өмнө нь гаргаж байсан уран бүтээлээс тэс өөр. Аction trailer төрлийн кино. Эмэгтэй найруулагчийн хувьд их хатуу төрөл шиг санагдсан. Хатуу чанга зоригтой л байхгүй бол хэцүү юм билээ.

-Найруулагч нарыг их ааштай гэдэг. Таны хувьд?

-Би чинь их ааштай. Гаднаасаа харагдахдаа их намдуу аядуу зөөлөн хоолойтой л гэдэг юм. Яг начир дээрээ бол ааштай ааштай. Гэхдээ найруулагч гэхээрээ л аашлаад байгаа зүйл биш шүү дээ. Бид чинь бүтээлийнхээ төлөө шатна, стрессдэнэ. Хүссэн зүйлээ гаргуулж авахын төлөө жүжигчидтэйгээ маргах тохиолдол, эсвэл янз бүрийн хатуу хүнд шаардлагуудыг тавих үе ч байна. Чимээгүй царайлчхаад их чанга гар даа гээд намайг мэдэх нэг нь мэднэ ээ.

Г.Бямбасүрэн: “Хувьсал” продакшн оюуны бүтээлд маш хүндэтгэлтэй хандсаар  ирсэн

-Найруулагчийн хувьд таны ирээдүйн зорилго юу вэ?

-Магадгүй би 10 жилийн дараа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ганцхан бүтээл хийчихсэн байх юм сан гэж бодож байна. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээл хийнэ гэдэг чинь тийм амар зүйл биш байхгүй юу.  

Мөн би сайн ээж, сайн эхнэр болчихсон байх юм сан л гэж хүсэж байна даа. Манайхан намайг ажилтайгаа гэрлэчихсэн гээд шоолдог юм. Ер нь урлагт эмэгтэй хүн байх их хатуу шүү дээ. Ажлыг сайн мэддэг, ойлгодог, амьдралаа аваад явчихдаг тийм хүнтэй л хамт байхгүй бол хэцүү шүү дээ.

Сүүлийн жилүүдэд би өөрийнхөө карьерт анхаараад яваад байсан болохоор нас маань ч нэлээн явчихлаа. Тийм учраас хүмүүс надад их хэлж байгаа. Гэхдээ би үүнд нэг их санаа зовдоггүй юм. Яагаад гэвэл бүх зүйл тохироо нь бүрдэх үе гэж байдаг. Би түүнд маш их итгэдэг байхгүй юу. Ямар ч байсан цаг нь ирэхээр бүх зүйл болох байх. Би сайн гэрийн эзэгтэй ээж болох юм сан гэж бодож байгаа. Миний ойрын төлөвлөгөөнд ч байгаа.

-"Аминч" киноны нээлт дээр машинаар шагнуулсан. Ер нь хувьсал продакшн залуу уран бүтээлчдээ шагнаж, урам өгдөг санагддаг. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

-Манай продакшн жил бүр шилдэг ажилтнаа шалгаруулдаг. Бид чинь шинэ жил ч гэж хийдэггүй. Киноны маань нээлт бид нарын хувьд бүх баярын нийлэмж. Тийм болохоор нээлт дээрээ сайн ажилласан хүмүүсээ урамшуулдаг. Миний хувьд үгээр илэрхийлэх аргагүй их урам зоригийг авдаг. Мөн дагаад их хариуцлага мэдрэгддэг. Яг өөрийнхөө хөдөлмөрийг тэгж үнэлүүлэх үнэхээр гоё байдаг.

-Жүжигчин У.Уранчимэгтэй бараг л ээж охин хоёр шиг байдаг гэсэн шүү дээ. Та хоёрын харилцааны нандин зүйл нь юу вэ?

-Хүмүүс манай эгчийг ярвагар, хатуу, ааштай гэдэг өнцгөөс их хардаг. Гэхдээ уг хүн нь маш зөөлхөн хүн. Би өөрийгөө Урнаа эгчтэй төвөггүй ойлголцдог гэж боддог юм. Дуртай дургүй, баяртай гунигтай гээд бүх зүйл нь ойлгомжтой хүн байхгүй юу.

Ноён эмэгтэй” киноны зохиолч Г.БЯМБАСҮРЭН: Уран бүтээлчид бид нийгэмд уран  бүтээлээрээ дамжуулан, хүчтэй дуугарч байх хэрэгтэй

Энэ хүнээс ганцхан урлаг дээр суралцаад байдаг юм биш. Амьдрал дээр ч гэсэн олон зүйлээс үлгэр дуурайлал авч суралцдаг. Эгч минь сайн эхнэр, сайн ээж, дээрээс нь маш мундаг жүжигчин уран бүтээлч хүн. Бид хоёрын хооронд маш нандин холбоо бий.

-Ярилцлагынхаа төгсгөлд хэн нэгэнд хэлж амжаагүй сэтгэлийнхээ үгийг хэлбэл?

-Би энэ сэдвийг өмнө нь хөндөж яриагүй учраас надад их хүнд тусаж байна. Яг л кино зургийнхаа араас цаг наргүй, өдөр шөнөгүй явж байгаад аавыгаа алдсан. Хайрлаж халамжилж ачийг нь хариулж чадаагүй дээ гэж бодож их харамсдаг.

Миний ээж их мундаг эмэгтэй байдаг юм. Бүх л хүнд тус нэмэр болчих юм сан гээд явж байдаг тийм л хүн. Аав минь ч ялгаагүй. Одоо яг ганцаараа дүүтэй минь хамт миний төлөө явж байгаа тэр нэг хүн бол миний ээж.

Би тэр болгон ар гэрийнхэндээ ээждээ дүүдээ хайртай шүү баярлалаа гэж хэлдэггүй. Гэхдээ ямар нэгэн үг хэлэхээс илүү үйлдлээрээ үзүүлчихье гэж их боддог. Миний ээж үнэхээр мундаг. Намайг цаг наргүй хийж байгаа ажилдаа дурлаад, ар гэрээ хүртэл мартаад явж байхад дандаа ойлгож, надад юу хэрэгтэй байна тэр болгоныг өгөх гэж хичээдэг. Тийм болохоор ээждээ баярлаад ханашгүй. Тэнгэрт байгаа ааваасаа уучлалт гуйгаад гуйгаад баршгүй.

Манай аав над шиг хүн байхгүй юу. Үгээрээ биш үйлдлээрээ бүхнийг хийдэг хүн байхгүй юу. Үнэхээр их халамжтай хүн. Миний аав сүүлд хувь заяа киноны нээлт дээр ханиад хүрээд ирж чадаагүй. Тэр үед аав минь надад хамгийн сүүлийнхээ мессежийг үлдээсэн байсан юм. Тэр нь юу вэ гэхээр таних ч байх танихгүй ч бай бүх хүмүүс охиноор маань намайг таниад надад баяр хүргэж байна.

Аав нь үнэхээр их баяртай байна. Яг л тэнгэрээс од буугаад ирсэн юм шиг санагдаж байна гэсэн. Тэр надад хэлсэн хамгийн сүүлийн үг нь байсан. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.26
    4 цагийн өмнө

    Амжилт охин минь чи чаднаа аавыгаа ээжийгээ шүтэж тэдэндээ чадах ядахаараа ачилж яваарай.Нөхөрт гарна гэж яарах хэрэггүй муусайн харчууд дүрэхээ л бодно завааншт ажил цалгардана.Хамаг юм завааруулчихаад л хурхираад унтаж байгаа эрчүүд хамгийн тэнэг өөрийгөө л бодно хүн тавиагүй байхад жирэн год нээх зэвүүн дараа нь тавлаж байгаа юм шиг гоё байсан уу? хайраа гэж эргүүтээл амжилт амжилт адилхан эмэгтэй хүн шүү дээ бяд нар

    Хариулах