Н.Учрал: Журам зохиож, төрийн хаалга сахиулдаг үе өнгөрч байна

С.Гандэлгэр
8 цаг 49 минутын өмнө

Хууль давсан журмуудыг цуцалсан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим хуудастаа мэдэгджээ. 

Тэрбээр "Монгол Улсад бизнес эрхлэх, бүтээн байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл авахын тулд шат дамжлага, шаардлагагүй бичиг цаас, төрийн хаалга сахих явдалтай олон жил тулгарч ирлээ.

Энэ бүхнийг цэгцлэхээр "Бизнест ээлтэй Монгол" санаачилгын хүрээнд хууль давсан 50 журмыг цуцаллаа. Тухайлбал

28 журам – Эрүүл мэнд, боловсрол, барилга, байгаль орчин, хүнс, санхүү зэрэг салбаруудад
17 журам – Харилцаа холбоо, эрчим хүчний зохицуулалтын хүрээнд
4 журам – Газрын салбарт
1 журам – Нийслэлийн хүрээнд

Юу өөрчлөгдөв?

Барилгын салбар хүнд суртлыг бууруулав

Өмнө нь: Барилгын салбарт зөвшөөрөл олголт хийхийн тулд “магадлал, дүгнэлт, гэрчилгээ” гэх нэртэй 4-5 төрлийн бичиг бүрдүүлж, 2-3 сарын дараа шийдвэр гардаг байв.

Одоо: Барилгын зөвшөөрлийг журмаар бус хуульд нийцүүлж цахимаар тодорхой хугацаанд авах нөхцөл бүрдэв.

Бизнес эхлүүлэхэд мэдэгдэхэд хангалттай!

Өмнө нь: Нийтийн хоолны газар, хүнсний дэлгүүр нээх гэж байгаа иргэн, бизнес эрхлэгчид журамд дарлуулж бичиг баримт цуглуулж, аль нэг мэргэжилтэн, дарга нарын үүд манасаар ажлаа эхлүүлэхээсээ өмнө сөхөрдөг байв.

Одоо: “ХУР” системээс авчих боломжтой мэдээллийг иргэнээс шаардахгүй, төр өөрийнхөө мэдээллээ өөрөө бүрдүүлдэг болов. Иргэн аж ахуйн нэгжүүд мэдэгдээд үйл ажиллагаагаа эхлэх нөхцөл бүрдүүлэв.

Төрийн хаалга сахих биш, цахимаар асуудлаа шийддэг боллоо!

Өмнө нь: Зөвшөөрлийн бичиг баримтад мэргэжилтэн, даргын гарын үсэг авах гэж төрийн байгууллагын үүдийг хэдэн сар, жилээр сахидаг байв.

Одоо: Дарга, мэргэжилтний гарын үсэг авах шаардлагагүй, цахимаар хүсэлтээ илгээж, зөвшөөрлөө авах боломж бүрдэв.

Гол үр дүн

Төр зөвшөөрөл хүссэн иргэнээс баримт шаардах биш, өөрийнхөө мэдээллээ өөрөө бүрдүүлдэг тогтолцоонд шилжэв.

Хүнд суртлын олон шат дамжлагыг халж, зөвшөөрлийг цахимаар олгох нөхцөл бүрдэв.

Журмаар иргэдийн боломжийг хаадаг биш, хуулийн хүрээнд боломжийг нээдэг болов." гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.44
    5 цагийн өмнө

    Аялал жуулчлалын хэлэн балай зөвшөөрлийг цуцлаа ч .Монгол улсын хуулиас давсан Жолооны хүрд зөв байх гэх мэт. Осол жолоочын хариуцлагаас шалтгаалдаг болохоос зөв буруугаас шалтгаалахгүй нь тодорхой

    Хариулах