Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех, Польш улсад хийсэн төрийн айчлалын үеэр болсон уулзалтуудын хамгийн бахархам, догдлом, хайрлам хэсэг бол дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж буй оюутнуудтай хийсэн уулзалт байлаа.
Өрнүүн их хүсэл тэмүүлэл, зорилго өвөртөлсөн эгэл ардын хүүхдүүд “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр дэлхийн шилдэг сургуулиудад тэргүүлэх чиглэлийн эрэлтэй мэргэжлээр сурахаар одоод хэдийнэ дөрвөн жилийг ардаа үджээ.
Монголын 330 сум, нийслэлийн хороо бүрээс шалгарсан шилдэг төгсөгчдөд олгож буй Ерөнхийлөгчийн тэтгэлэг бол монгол хүүхэд, залуусын дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, тэдэнд тэгш боломжийг хүртээмжтэй олгож буй онцлох хөтөлбөр гэж хэлж болно.
Тус хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казакстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд суралцаж байна.
“Илгээлтийн эзэд”-ийн төлөөлөл, Архангай аймгийн Чулуут сумаас шалгарч, өдгөө Германд мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа Б.Цэндхишигтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Сайн уу, Б.Цэндхишиг ээ. Германд суралцаад хэр удаж байна. Хичээл, сурлага нь хэр байна даа?
-Би Архангай аймгийн Чулуут сумын Ерөнхий боловсролын сургуулиас “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт шалгарч, хоёр дахь жилдээ Германд суралцаж байна. Эхний жил хэлний бэлтгэлд суралцсан.
Одоо TU Dresden их сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байна. Хичээл, сургууль маань маш сайн байгаа. Анх ирээд эхний нэг сар асуудлуудтай нүүр тулахад амаргүй байсан.
Гэр бүлээ санана, ганцаардана. Гэхдээ ээж аавдаа, эх орондоо, өөртөө өгсөн амлалтаа санаж, "Сайн сурах хэрэгтэй, энэ хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй" гэж өөрийгөө зоригжуулж давсан. Одоо бол гэртээ байгаа юм шиг тайван байж сурсан. Дасчихсан гэх юм уу.
-Тэтгэлэгт тэнцсэн үеийн чинь бичлэгийг үзэхэд их хөөрхөн, хайр татам охин санагдсан. Уулзсан чинь цог золбоотой, өөдрөг охин байна шүү. Гэр бүлээ санадаг байх. Ирснээсээ хойш гэр бүлийнхэнтэйгээ уулзсан уу?
-Баярлалаа, эгч ээ. Өнгөрсөн наймдугаар сард очоод ирсэн. Ер нь гайгүй ээ. Би гурван дүүтэй, айлын том нь л доо. Суманд интернэттэй болохоор дүрстэй дуудлага хийгээд ярьчихдаг.
Гэр бүлийнхэн маань намайг их дэмждэг. Миний охин чадна, хүчтэй, зоригтой, өөртөө итгэлтэй байгаарай гээд ээж аав маань маш их урам өгдөг. Зорилготой ирсэн болохоор би дажгүй ээ.
Тэдэндээ хандаж “Охин нь сайн сурч, газардахгүй байгаа болохоор битгий санаа зовоорой. Та нартаа хайртай шүү" гэж хэлье.
-Мэдээллийн технологийн чиглэлээр ихэвчлэн эрчүүд суралцдаг. Яагаад энэ мэргэжлийг сонгож суралцах болсон бэ?
-Би багаасаа бусад охидоос өөр, содон гэмээр ч юм уу охин байсан л даа. Багадаа эмч болно гэж мөрөөддөг байлаа. Дунд ангидаа цахилгааны инженер болъё гэж бодож байв. Хүмүүс эмэгтэй хүнд тохирох мэргэжил биш, хэцүү биш үү гэдэг байлаа.
Манай ах Оюутолгойд ажилладаг. Их зарчимч, бүтээлч хүн. Ахаасаа урам аваад улс орондоо хэрэгтэй зүйлийг сонгож сурч, түүнийгээ хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Манай суманд хамгийн их хэрэгтэй, хөгжүүлэх шаардлагатай дутагдаж буй боловсон хүчин нь мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн.
Мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед хөдөө орон нутагт зарим зүйлс хоцрогдолтой явж байгаа.
Тухайлбал, энэ чиглэлээр орон нутагт хүүхдүүд сурахад хүртээмж бага, боловсон хүчний дутагдалтай. Гэтэл хөдөөний хүүхдүүд хотын хүүхдүүдтэй хөл нийлүүлж алхмаар байна шүү дээ. Аймагтаа, нутагтаа өөрийн хувь нэмрийг оруулах чин хүсэлтэй.
-Та нарыг "Ерөнхийлөгчийн хүүхдүүд" гэдэг. Өнөөдөр Ерөнхийлөгчтэй уулзсан сэтгэгдлээсээ хуваалцах уу?
- Ерөнхийлөгчтэй уулзаад сэтгэл их хөдөллөө. Өмнө нь бидэнтэй уулзахдаа гар бариад “Сайн яваарай, миний хүүхдүүд” гээд үдэж байсан. Бидэнд маш сайхан боломжийг нээж өгсөнд маш их талархдаг. Өнөөдөр ахин уулзаад урмын үг сонсох үнэхээр сайхан байлаа.
-Германчуудаас суралцах зүйлс их байна уу?
-Гадаадад байхаар өөр лүүгээ өнгийж, өөртэйгөө ажиллаж сурдаг юм байна. Гэр бүлтэйгээ эрхлэлдэж, бүхнээ хуваалцдагаас их өөр. Өөр дээрээ төвлөрөөд надад яг юу дутагдалтай байна, би юун дээр алдаж, онож байна. Юуг засаж сайжруулах уу гээд л... олон өөрчлөлт гарч байгаа. Герман хүмүүс цаг маш сайн баримталдаг, их зарчимч. Суралцах зүйлс их бий.
- Гадаадад сурахаар төлөвлөж байгаа дүү нартаа хандаж юу хэлэх вэ?
-Өөрийн гэсэн зорилготой байж, түүндээ хүрнэ гэсэн итгэлтэй байгаарай. Урсгалыг дагаад хөвөх биш, зарим үед урсгал сөрж сэлэх зоригтой байгаарай.
Гадаад улсад суралцах нь тийм ч амар зүйл биш. Гэрээ санах, сэтгэлээр унах зэрэг асуудлууд гарч ирнэ. Гэхдээ энэ бүхэнд шантрах бус, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, асуудлыг ухаалгаар шийдэхийг хичээгээрэй гэж хэлмээр байна.
-Сургуулиа төгсөөд нутаг буцах уу, мэргэжлээ гүнзгийрүүлж суралцах уу?
-Сургуулиа төгсөөд шууд Монгол руугаа буцна. Би чинь гэр амьтай хүн шүү дээ. Миний нутаг хамгийн сайхан. Би нутгаа сэтгэлдээ тээж, үргэлж бодож явдаг. Гадаад орон хөгжил сайтай, гоё л доо. Гэхдээ нутгийг минь яаж гүйцэхэв дээ. Өргөн уудам сайхан тал нутаг, тэнүүн сэтгэлтэй нутгийн олноо санаж байна.
-Ярилцсанд баярлалаа. Сайн сураарай. Амжилт хүсье.
-Баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.23
Цовоо сэргэлэн охинд сурлагын амжилт хүсье. Хичээгээрэй.
Хариулах45.117.34.124
амжилт хүсье
Хариулах122.201.31.73
Мундаг охин шүү
Хариулах122.201.31.133
Гоё шүү иймэрхүү эвдрээгүй хүүхдүүд ихийг бүтээнэ хотжоод германжаад ирэхээрээ харин битгий эвдрээрэй.Энгэрээ битгий сул тавиарай үерхэл гэдгийг мэдрээрэй хатгуулж болохгүй шүү миний дүү.Эгч нь наана чинь суралцаж төгссөн архаг зүрх шүү би эрт хатгуулсан шаал дэмий юм билээ шүү хүсэх ч юм биш хичээгээрэй миний дүү ээдээ хичээгэрэй гэж захьяа
Хариулах139.5.216.72
Ёстой хөөрхөн
Хариулах