Зөрчилтэй вэб хуудас хаалгах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авдаг боллоо

Х.Есү
2025/03/26

Өнөөгийн дижитал эрин зуунд бидний амьдрал интернэттэй нягт холбоотой болж, харилцаа холбоо, худалдаа наймаа, банк санхүү, эрүүл мэнд гэх мэт бүхий л  салбаруудад ашиглаж байгаа. 

Интернэтийн ертөнцөөр аялах тусам бидний хуваалцсан өгөгдлүүд нь эргээд халдлага зөрчилд өртөмтгий болгож, иргэд хувийн өгөгдлөө хамгаалах талаар мэдээлэлтэй байх зайлшгүй шаардлагатай болж байна.

2012 - 2025 оны хооронд эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу нийт цахим мөрийтэй тоглоомын нийт 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласан гэх тоон мэдээлэл байгаа юм.

“И-Монгол академи” УТҮГ нь цахим шилжилтийг дэмжих, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ачааллыг бууруулж, иргэдэд хялбар, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран зөрчилтэй вэб хуудас хаах хүсэлтийг цахимжууллаа.

Тус үйлчилгээ нь иргэдээс ирүүлсэн зөрчилтэй цахим хуудасны мэдээллийг хүлээн авч шалгаад зөрчилтэй гэж үзвэл хаах үйлчилгээ юм. Иргэн та дараах төрлүүдээс сонгоод, зөрчилтэй вэбийн линкийг нотлох баримт, тайлбартайгаа бичээд хүсэлтээ илгээнэ. 

Тодруулбал:

  • Мөрийтэй тоглоом
  • Цахим залилан
  • Худал мэдээлэл тараах
  • Терроризм
  • Садар самууныг сурталчлах
  • Хуурамч фэйсбүүк хаяг

Зөрчилтэй вэб хуудас хаах хүсэлт илгээхийн тул та өөрийн бүртгэлтэй хаягаар E-Mongolia системд нэвтрэн орж хайлтын хэсэгт “Зөрчилтэй вэб хуудас хаалгах хүсэлт” үйлчилгээ рүү ороод гарч ирсэн талбарын төрлүүдээс сонголтоо хийн, шаардлагатай нотлох баримтыг хавсарган хүсэлтээ илгээх боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна