Т.Аубакир: ХХОАТ-ын хэмжээг бууруулсан тохиолдолд тэр мөнгө иргэдийн халаасанд л үлдэж, эдийн засгийн эргэлтэд орно шүү дээ

С.Гандэлгэр
2025/04/10

БХ-ын сайд С.Бямбацогт алслагдсан аймгуудад ХХОАТ-ыг бууруулж 1 хувь болгох хуулийн төсөл санаачилсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас "Татварын шинэчлэлийн" ажлын хэсгийн гишүүн Т.Аубакираас тодрууллаа. 

- Алслагдсан аймгуудад ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл санаачилсан байна. Та Баян-Өлгий аймаг буюу хамгийн алслагдсан аймгаас сонгогдсон гишүүн. Ямар байр суурьтай байгаа вэ ? 

- Татварын шинэчлэлийн ажлын хэсэг ажиллаж байна. Өнгөрсөн парламентын үед С.Бямбацогт тэргүүтэй УИХ-ын гишүүд алслагдсан аймгуудад ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл өргөн барьчихсан байсан. Дэгийн тухай хуулиар шинэ парламент бүрдсэн учраас дахин шинэчлэгдэж өргөн баригдах болсон. Нэг хувь болгох санаа нь алслагдсан бүс, аймгуудад Улаанбаатар хотоос илүү өндөр өртөгтэй амьдраад байна. Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу ирээд буцахад автобусны үнэ 300 гаруй мянган төгрөг. Харин СХД-ээс хотын төв ороод буцахад 1000-2000 төгрөг байгаа. Энэ ялгааг арилгаж, алслагдсан бүсэд хөнгөлөлт үзүүлье гэсэн санаа. Гэхдээ ХХОАТ бол улсын төсөвт 2.3 орчим их наяд төгрөг бүрдүүлдэг чухал татвар. Мөн орон нутгийн орлогын 40 гаруй хувийг бүрдүүлдэг татвар. 1 хувь болгох юм бол аймаг сумд улсаас татаас авна л гэсэн үг. Тийм учраас ажлын хэсэг хуралдах гэж байна.

- Бууруулсан тохиолдолд орон нутгийн төсөв буурах нь байна шүү дээ ?

- Ний нуугүй хэлэхэд бизнес эрхлэгчдэд татварын дарамт их байгаа. Одоо байгуулагдсан ажлын хэсгийн гол концепц бол иргэдийн орлогыг татварын орлогоор дамжуулан дэмжье л гэж байгаа. ХХОАТ-ыг бууруулах юм бол энэ мөнгө та бидний халаасанд л үлдэнэ. Энэ мөнгө нь эргээд эдийн засгийн эргэлтэд орно шүү дээ. Тийм учраас бид маш болгоомжтой байх ёстой. Орон нутгаа ямар ч төсөвгүй болгоно гэсэн үг. Хөдөө орон нутгаас маш их хүсэлт ирж байна. "Бидний гол орлогын эх үүсвэр шүү дээ" гэж ярьж байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна