Харьцуулсан, тоо баримт дурдсан нийтлэлийг хүмүүс уйтгартай гээд уншдаггүй тал бий. Редакторууд ч тоо баримтгүй нийтлэлийг “Тэнгэр харсан бичлэг” гэх хэр нь тоо баримт ихтэйг нь “Тоо бодсон бичлэг” гээд дургүй талдаа. Гэхдээ алтны ханш дээд амжилт тогтоож байгаа энэ цаг үед БНХАУ-д шинээр нээгдсэн ордын талаар гарсан нэгэн тоо бүхий мэдэллийг хараад яг одоо Монголд сэдэв болж буй “Онтрэ гоулд”-той холбоотой тоо бодсон бичлэг хийхээр шийдсэн юм.
Гүүглээс “Дэлхийн хамгийн том алтны орд” гэж хайгаад үзээрэй. Одоогийн байдлаар дэлхийд хамгийн их нөөцтэй ордоор БНХАУ-ын Хунан мужийн Пинжианг хотын орчмоос илрүүлсэн 1100 тонн алттай орд тооцогдож байна. Энэ орд нээгдэхээс өмнөх хамгийн их нөөцтэй орд нь Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын South Deep уурхай 900 тоннын нөөцтэй” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Бас шинээр нээгдсэн ордын үнэлгээг хятадууд 83 тэрбум ам.доллар гэж үнэлж байгаа гэсэн мэдээлэл гарч ирнэ.
Тонныг унцид шилжүүлэхээр нэг тонн нь 35,274 унци болдог юм байна. Тэгэхээр, 1100 тонн алт 38,801,358.14 /38 сая, найман зуун нэг мянга, 358/ унци болж байна. Хятадууд энэ нөөцөө 83 тэрбум ам.доллараар үнэлсэн гэдгийг нөөцөд нь хувааж үзвэл 2,139.1 буюу унци тутмын үнэ нь гарч ирж байгаа юм. Тодруулбал, нэг унци алтны үнэлгээг одоо байгаа шиг 3400 ам.доллар биш, сүүлийн 10 жилийн дундаж болох 2,100 /хоёр мянга нэг зуу/ америк доллараар тооцжээ.
Тэгвэл Оюутолгойн бүлэг ордод “Онтрэ гоулд”-ын эзэмшиж буй ашигт малтмал ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийн талбайд 742 тонн алтны нөөц бий. Энэ бол Оюутолгойн ордын нийт нөөцийн 42 хувь бөгөөд Оюутолгойн алтны нийт нөөц 1800 тонн гэхээр манай улс ямар том ордоо Рио Тинто гэгч ломбардад тавьсан нь тодорхой болж байгаа биз. Гэхдээ орхиод цааш үргэлжлүүлье.
742 тонн алтны үнэлгээг дээр тооцсон БНХАУ-ын жишиг үнэлгээгээр /2,100 ам.доллар/ бодоход 54 тэрбум ам.доллар болж байгаа юм. “Онтрэ гоулд”, “Рио Тинто” компаниуд зөвхөн алтыг нь тооцоход ийм их хэмжээний баялаг дээр 80:20 хувийн тохироо хийжээ гэсэн үг.
“Онтрэ гоулд” өөрт ногдох 20 хувиасаа 34 хувийг нь “Монголын төрд өгье” гэдэг байр сууриа илэрхийлсэн гэж УУЭБ-ийн сайд Ц.Туваан мэдэгдсэн. Тэгвэл “Онтрэ гоулд” болон Монголын Засгийн газарт ногдож байгаа алтыг тооцоолж, үнэлгээг нь мөн 2,100 ам.доллараараа тооцож гаргая.
742 тоннын 80 хувь нь 593.6 тонн. Унцид шилжүүлбэл 21,274,624 /хорин нэгэн сая, хоёр зуун далан дөрвөн мянга, зургаан зуун хорин дөрөв/ унци. 2,100 ам.доллараар бодоход 44,676,710,400 /дөчин дөрвөн тэрбум, зургаан зуун далан зургаан сая, долоон зуун арван мянга, дөрвөн зуу/ ам.доллар болж байна. “Онтрэ”-“Рио тинто”-гийн тохирсноор бол “Рио Тинто” энэ хэмжээний баялгийг авах юм байна.
Харин “Онтрэ гоулд” өөртөө 20 хувь буюу 148.4 тонн алт эзэмших нь. Үүний 34 хувь нь манайд ногдож магадгүй байгаа гэхээр 50 тонн орчим нь манайд ногдох нь. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл “Онтрэ гоулд” 3,584,000, Монголын төр 1,792,000 унци алт ногдож байгаа бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлбэл “Онтрэ гоулд” 7,526,400,000 /долоон тэрбум, таван зуун хорин зургаан сая, дөрвөн зуун мянга/ ам.доллар, Монголын төр буюу монголчууд 3,763,200,000 /гурван тэрбум, долоон зуун жаран гурван сая, хоёр зуун мянга/ ам.доллараар үнэлэгдэх нь.
“Онтрэ гоулд”-ын лицензит талбайд хэрвээ “Онтрэ”-“Рио тинто”-гийн 80:20 тохироог хүлээн зөвшөөрөх юм бол бид Онтрэгийн 34 хувийг эзэмшээд эзэмшээд 54 тэрбум ам.долларын баялгаа ашиглуулсан хэр нь дөвөн тэрбум ч хүрэхгүй ам.доллар хүртэх нь. Энэ байж болохоор тоо юу.
Өнөөдөр Монголд эдийн засаг хүнд, БНХАУ хэцүүдвэл дагаж хэцүүдэхээр байдалд орчихоод сууж байгаа. Импортоор хэрэгцээгээ хангадаг улс валютгүй болчихвол пянг нь даах ч үгүй. Тийм болохоор л "Алт III" хөтөлбөр санаачилж, ганц, хоёр тонн ч болтугай алт илүү олборлох гэж зүтгэж байхад 700 гаруй тонн алтаа тавьж туух нь хамгийн тэнэг хүний үйлдэл болно. Ийм үед төр засмаг, хувийн хэвшилтэйгээ нийлээд арай ахиу алт олохын тулд бүгд тэмцэхээс өөр арга алга байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
62.55.205.86
Үнэнээ хэлэхэд энэ дээрмийн зогсоох хэрэгтэй шүү. Зардал гарч, ажил хийж байгааг ойлгож л байна, гэхдээ л арай юу. Ер нь одоо өөрсдөө ухсан ч чадна ш дээ.
Хариулах