С.Цэнгүүн: ДЦС-3 дээр осол гарч, нэг хүний амь эрсэдсэн. Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ

С.Гандэлгэр
2025/06/03

Энэ сарын 1-2-нд шилжих шөнө "ДЦС-3" ТӨХК-д гарсан галын улмаас тухайн байгууллагын ашиглалтын инженер амиа алдсан хэрэг гарсан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. 

Тэрбээр "Юуны өмнө харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. ДЦС-3 дээр осол гарч 1 хүний амь харамсалтайгаар эрсэдсэн билээ.

Одоо асуудлаа нээлттэй, ил тод ярих цаг болсон. Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ.

2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын хийсэн хамгийн чухал ажлуудын нэг нь эрчим хүчний салбарыг бодлогоор дэмжсэн. Ялангуяа тарифын шинэчлэлийн хүрээнд 600 орчим тэрбум төгрөгийн орлогыг төрийн болон төрийн оролцоот байгууллага хоорондын дансны авлага, өглөгийг хаахад зарцуулсан. 285 төгрөгөөр үйлдвэрлэдэг цахилгааныг 175 төгрөгөөр борлуулж, хуучирсан тоног төхөөрөмжүүдээ шинэчилж чадахгүй явсаар ЦС-ууд хот доторх дарьтай торх болсон байна. Өөрөөр хэлбэл олон жил чухал асуудлаа шийдэхгүй орхигдуулж ирсний төлбөрт төлсөн гэсэн үг.

Эрчим хүчний салбар гүн хямралд орсны үндсэн шалтгаан нь нөгөө л халамжийн бодлого. Мөнгө байвал асуудлаа шийднэ гээд өндөр хүлээлт үүсгэсэн ЭХЯ-ны 210 хоногийн гүйцэтгэлийг миний хувьд “маш хангалтгүй” гэж дүгнэж байна.

Эрчим хүчний салбарт “эс үйлдэхүй”-гээр хариуцлагаас зугтдаг байдлыг халах цаг болсон. Олон жилийн турш салбарын ХАБ, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулж чадаагүй удирдлагууд хариуцлага хүлээх ёстой.

ЭХЯ, Эрчис Монгол хоёр осолтой холбоотой асуудал дээр хэрэлдээд дуусах шинжтэй" гэх байр суурийг цахим хуудаснаа илэрхийлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.97
    2025/06/04

    Цэнгүүн гишүүнээ: Эрчим хүчний салбарын либералчлалыг зоригтой хийгээрэй! Мэдээж үнэ нэмлээ үхлээ хатлаа гээд ард түмний нэрийг барьсан хүмүүс хашгираад эхэлнэ. Наад салбар чинь бол аль хэдийн нурчихсан шүү… монголчууд бидний үнэн бодит байдал! Тэсрэлт хийхгүйгээр өөрчлөлт гэж байдаггүй! Хөгжмөөр бна, сайхан амьдармаар бна…

    Хариулах