Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувь, 800 мянгаас дээших худалдан авалтыг 20 хувиар НӨАТ-аас чөлөөлнө. 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь НӨАТ-аас чөлөөлснөөр иргэдийн нийт худалдан авалтын 51 хувь нь НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө. НӨАТ-ын шаталсан энэ тогтолцоо руу шилжсэнээр НӨАТ-т хамрагдалт нэмэгдэнэ.
Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 800 мянган төгрөг хүртэлх цалин нь татвараас 100 хувь чөлөөлөгдөнө.
Үйл ажиллагааны орлогыг шатлалд хамруулах, хялбарчилсан горимоор татвараа тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгоно. Ингэснээр үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.
Орон нутагт шилжин суурьшиж, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж буй иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ.
ААН-ын 25 хувиар татвар төлөх босго зургаан тэрбум төгрөг байгааг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлнэ. Ингэснээр 6-10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгож бууруулна гэсэн үг.
Жижиг, дунд ААН-үүдийг дэмжих хүрээнд нэг хувиар татвар төлөх орлогын босго 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлж, гурван жил хөнгөлнө.
Эдгээр өөрчлөлтийг баталснаар төсөвт дөрвөн их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ. Тиймээс нэг жилийн төсөв дээр ийм их ачаалал авах боломжгүй. 2016, 2027 он дамжуулан хэрэгжүүлэхээр батлуулна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна