Аж үйлдвэрийн салбараа урагшлуулж, ГХО-г эрчимжүүлэх үүрэг Г.Дамдиннямд оногдож байна

Х.Есү
11 цаг 22 минутын өмнө

Эдийн засагт цар тахлын дараахан  солонго татаж байсан үе дуусаж өнгөрсөн оноос эхлэн нүүрсний үнэ унасан нь томоохон сорилт дагуулж байна. Энэ оны нэгдүгээр улиралд ДНБ /эдийн засаг/ 2.4 хувийн өсөлт үзүүлсэн нь  үүний маш том сануулга болж байна. 

Улмаар төсвийн орлого оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар буюу 1.3 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4  их наяд буюу 11.3 хувиар тус тус буурлаа. Ийнхүү орлого эрс буурахад нүүрсний үнэ шал арчсан нь нөлөөлөв. Ирэх өдрүүдэд эдийн засаг хүндэрч 6 хувьдаа хүрэх үү, үгүй юу, бид том төслүүдээ хөдөлгөж чадах уу гэх эргэлзээн дунд Ерөнхий сайдаар томилогдоод буй Г.Занданшатарын шинэ Засгийн газар бүрдэж байна.

Тэр дундаа улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа уул уурхайн салбар сэргэх эсэх нь мэргэжлийн хүнээс шууд хамаарна. Манайхны шүүмжилдгээр бөх, дуучин байх учиргүй. Тэгвэл Шинэ Засгийн газарт  Аж үйлдвэрийн сайд асан Ц.Тувааны суудлыг залгах дараагийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням яригдаж байна. Түүний хувьд 2013-2016 онд  Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр хамгаалсан бол 2020 оноос өнөөдрийг хүртэл хууль батлалцаж,  улс төрийн тогоонд чанагдаж явна.  УИХ өнөөдөр шинэ Засгийн газрын гишүүдийг томилох юм.

Уул уурхайн салбарын тухайд өнгөрсөн онд олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомт, Монгол-Францын хамтарсан ураны төслийг урагшлуулахад нэг шат ахиж чадсан. Харин одоо гацаах биш том төслүүдээ бодлогоор дэмжиж төрийн залгамж халааг үргэлжлүүлэх нь чухал байна. 

Үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад ямар бодлого барьж  шат дараалсан ажил хэрэгжүүлэх вэ гэдэг нь Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд томоохон сорилт болно. Эдийн засаг өгсөх, уруудах эсэх нь уул уурхайн салбар, тэр дундаа ганц түүхий эдээс хамааралтай учраас нүүрсний биржийн арилжааг идэвжхүүлэхээс авхуулаад экспортыг нэмэгдүүлэх, улмаар дутсан орлогыг нөхөх “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь нэн тэргүүний ажил болно.

Цаашилбал, шатахууны үнийг сул тавих уу, эсвэл одоогийн нэмэгдсэн дүнгээр торгоож үлдэх үү гэх асуудлыг шийдэх нь ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага үүснэ. Хамтарсан Засгийн газар огцрох эгзэгтэй үед АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдийн нуруун дээр шууд дарамт үүсгэж эхлээд буй. 

Учир нь манайд бензиний үнэ нэмэгдэх сургаар үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Тэгэхээр уул уурхайн салбарын бодлогыг тодорхойогч Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, салбарын сайдыг дээр дурдсанчлан бодлогын томоохон ажлууд хүлээж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.195
    10 цагийн өмнө

    Дахиж ухахгүйгээр өмнөх ордуудыг Монгол улс, ард түмэнд ашигтай болгомоор байна. Оюу толгойн гэрээг өөрчлөх хэрэгтэй

    Хариулах